Надад хөдөө агаарт алхаж хөдлөх ажил буюу аж ахуйн ажил илүү тохирдог. За хүүхдүүд ээ хаяагаа сөх, энэ хаалганы нугас салах нь байна, энийг ийш нь өргөөд тэгэж байрлуул, одоо бүх өрхөө тат, энийг хаа гэх мэтээр зохицуулах нь жуулчны баазын хамгийн том ажил юм. Аливаа засварыг хийхдээ, өнгө будаг сэргээхдээ хайнга хандаж огт болохгүй гэж сургадаг. Унтраалга солихдоо хүртэл анх байснаас нь өөр хэмжээтэй юмыг авчирч хийгээд зай завсрыг нь үзэмжгүй силкондчихдог. Ингээд анх хийсэн сайхан юмыг маань гутаах нь бий, би тэрэнд хамгийн дургүй.
МОДНЫ ИНЖЕНЕР: 1986 онд Москвагийн Технологийн дээд сургуулийг “мод боловсруулх технологийн инженер” мэргэжлээр төгссөн. УБ хотын мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байтал нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдөж үйлдвэрийн байдал тодорхойгүй болж ажлаасаа гарлаа. Бусдын жишгээр ганзагын наймаанд явлаа, 1992 онд компанийн хууль батлагдахад компани байгууллаа, эргэлтийн хөрөнгөтэй болоод импортоор авто машины тос тосолгооны бүтээгдэхүүн оруулж ирдэг боллоо. Анхны хуримтлал үүслээ, ямар нэгэн бизнес суурьтай бүтээн байгуулалт хийх бодол төрж эхэлсэн. Тэгээд газар хайсан, Төв аймгийн Жаргалант сумын Ар толгой гэдэг газар маш таалагдсан. Ноён уулын үргэлжлэл, булаг устай, модтой. Хуучин цагт төрийн байгууллагын зуслан байсан газар. Орон нутгийн удирдлагуудын зөвшөөрснөөр барьж эхэлсэн дээ.
НУУГДСАН АЗ: Баазын нэр түүхтэй холбоотой нэр байх ёстой гэж бодоод “Монголын нууц товчоо” хэмээх гайхалтай түүхэн судраар нэрлэмээр санагдсан. Гэвч энэ нэр ч надад олдохгүй байх даа гэж бодсоор “Улсын бүртгэлийн газар” руу очсон. Нэр шүүлгэх үед “Монголын” гэдэг үг болохгүй, харин “нууц товчоо” гэдэг нь болж байна гэв. Жигтэйхэн гайхаад одоо болтол “нууц товчоо” гэсэн компани байхгүй байна гэж үү хэмээн ажилтан хүүхнээс дахин лавласан. Ингээд л “Нууц товчоо ХХК” гэдэг нэр авсан даа, өөрөөр хэлбэл “нуугдсан аз” байсан. Баазын нэрэндээ “Монголын” гэдэг үгээ нэмсэн. Тус баазыг маш хурдан хугацаанд барьсан. 2004 оны зун барьж эхлээд 2005 оны намар нээлтээ хийж байлаа. Ерөнхий архитектор нь Монголд олон жил амьдарсан, дүнзэн байшингаар мэргэшсэн Юнтэ гэдэг солонгос хүн байсан. Бэлэн зураг төсөл байсан учраас маш хурдан барьсан. Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Пүрэвдорж, Ардын зураач Ч.Гунгаасүх гуай гэх мэт хүмүүсээс багагүй зөвлөгөө авсан. МНТ бааз маань үйлчилгээний нэг том барилгатай, 7 гэртэй л эхэлж байлаа. Тэр үед барилгын ажилд 800 сая төгрөг зарцуулсан.
МОДЫГ ШҮТДЭГ: Мод гэдэг материал хамгийн үнэтэй. Мод бол амьсгалдаг материал, хүнд хамгийн сайхан энергийг өгдөг, хүнд хамгийн сайхан үнэрийг өгдөг. МНТ бааз 20 жил болсон хэрнээ модны үнэр нь одоо ч байж л байдаг. Модоор юм хийхийн сайхныг мэддэг учраас өөрийн мэдэлгүй бүх бүтээгдэхүүн дотроос модон суурьтай бүхэн рүү анхаарал хандуулаад явчихдаг. Модыг шүтэж амьдардаг даа. Миний аав хими биологийн багш хүн байсан, бас маш их мод тарьдаг хүн байсан. Очсон газар болгондоо мод тарьдаг, хөдөө суманд хүртэл 1000 цэцгийн хүлэмж байгуулж байсан. Миний хувьд модоор бүх баазаа босголоо, тэр чинээгээрээ мод тарих ёстой гэж үргэлж бодож явдаг.
ЖУУЛЧИДТАЙ ЗЭРЭГЦЭЭД: Усгүй шахам газарт “Онгийн нууц” баазыг байгуулсан. Манай салбарынхан андахгүй дээ, зочид буудлын үйлчилгээний материал хангамж нийлүүлдэг “Торгоны зам”-ын Нарантуяа, Жамбалсүрэн нарын бааз байсан газрыг тэднийхээ хүсэлтээр авсан. Нарантуяа маань Удирдлагын академид суралцаж байхдаа танилцсан найз бөгөөд манай баазыг авчих гэж санал тавьсан. Тэгээд 2010 онд шинэчлэн барьж байгуулах явцдаа тухайн баазын үйл ажиллагааг нь таслахгүйгээр урагшлуулсан.
УЛАМ ӨНГӨ НЭМНЭ: УБ хотоос 520 км хол газарт барилгын материал татах хүнд байсан, тийм учраас элс, шавар, чулуу гээд орон нутгийн материалуудыг ихээр ашигласан. Гадна талын фасаданд говийн чулууг ашигласан. Говийн чулуу маш гоё улаан хүрэн, ногоон алагласан өнгөтэй. Биднийг очиход нутгийн хүмүүс чулуугаа зөвхөн малын хороонд л ашиладаг, өөр зүйд ашиглаж мэддэггүй байсан. Чулуунууд байгальдаа сайхан зохицдог, хэчнээн их нар төөнөж, салхи бороо орж байсан ч улам өнгө ороод байна уу гэхээс хуучирч муудаад байдаггүй. Энэ сонголт маань их зөв болсон.
ШАШИР УУЛС: Баазын нэрэндээ мөн л “нууц” гэдэг үгээ ашиглахаар шийдсэн. Онгийн хийдийн туурьтай, мөн бидний өөдөөс хараад гурван “шашир” уул байсан. Гурван шашир уулыг бэлгэдэж гурван сүмийн орой бүхийгээр үйлчилгээний барилгаа барьсан. Гүний худаг шинээр гаргаж хийхдээ аль болон шүршүүр, 00-той байлгая гэж бодсон. Учир нь ид бааз барих ажил ид явагдаж байхад жуулчид ганц шүршүүрийн гадаа алчуураа мөрөн дээрээ тохчихсон дараалалд зогсож усанд орж байхыг өдөр болгон харж байлаа.
ӨМНӨХ ОРЛОГООР: МНТ баазыг барьсан 800 сая төгрөгийн зардлыг 6 жилийн дараа бүрэн нөхсөн. Зөв менежмент хийгээд, зардлаа зөв тооцоолж чадвал бүтээн байгуулалтуудыг хийж болохоор харагддаг. Манай салбарынхны ихэнх нь намайг том компанийн хөрөнгөөр бааз бариад байна гэж ойлгочихсон байдаг. Олж байгаа орлогоо зөв л хөрөнгө оруулалт болгохыг хичээсээр ирсэн. Мэдээж хэрэг нөхөртэйгөө анх ганзагын наймаа хийж байхдаа байгуулсан “Акума-Эрин” хэмээх толгой компанийн машин техник, тээвэрлэлтийн туслалцааг их авсан. Онгийн нууц баазыг барихдаа эхний МНТ баазаас олсон үр ашгийн хөрөнгөөр л барьсан. Хуримтлал үүсгэх нь чухал байдаг. Онгийн нууцыг 2009 оноос эхлүүлж 2010 онд ашиглалтанд оруулсан.
ПАД ПАД ҮЗМЭР: Тэр үед “пад пад” гээд нэг трактор авааччихсан, нөгөөдөх нь талын нэг тарчихна, ажиллахаасаа илүү жуулчны үзмэр болдог байж билээ. Пад пад трактор маань тос маслоо хаа явсан газраа хаяад яваад байна, жуулчид “ийм техник бас байдаг юм аа” гээд л зураг их дарна. Тэр трактороор үзсээр байгаад ард нь гарсан даа, ккк. Маш их хад чулуутай газар байсан учраас ажлыг их удаашруулж байсан ч зүтгэсэн. Онгийн нууц бол МНТ баазаас хойш 5 жилийн дараах бүтээн байгуулалт учраас тэр хооронд ойлгож хуримтлуулсан туршлага, хүний нөөц, хөрөнгө мөнгөн дээр бас л хурдан шуурхай боссон бааз юм.
ОХИНЫ САНАА: “Торгоны замын нууц” баазыг барьж байгуулах санааг охин маань зүтгүүлсэн. Миний хувьд хоёр том бааз бариад жаахан сэтгэл санаа хойш суух янзтай болчихсон байсан. Бидэнтэй олон жил хамтран ажилласан Даваа гээд мужаан байдаг, тэр маань “манай ах Хархоринд жуулчны баазтай юм аа, өөрөө Америк явах гээд байгаа юм, тэр баазыг аваач” гээд олон удаа санал тавьсан. Анх очиход 2 жижиг байшин, нэг гал тогооны байр, нэг гэр байсан. Харууц сайтай сайхан газар байсан учраас авахаар шийдсэн.
КОВИДЫГ АШИГЛАСАН: 2019 онд ажлаа эхлүүлээд байж байтал цар тахал эхэлсэн. Зарим үед УБ хотод ирээд хөл хорионд ороод гацчихна, эсвэл Хархоринд очоод гацчихна. Гэвч Ковидыг үеийг харьцангуй сайн ашигласан, учир нь юмны үнэ өсөөгүй байсан, 2019 оны 10 сар гэхэд ихэнх бараа материалаа татаад ачуулчихсан байсан тулдаа амжуулсан. Гэвч зарим материалын тоо зөрөх, дутах, бараагаа авч чадахгүй байх, хулхидуулж мөнгө ч үгүй, бараа ч үгүй болох тохиолдлууд байсан. Олон жилийн харилцаатай байсан хэрнээ хуурч зугтсан. Харин ажиллах хүчний цалин хөлс өсөөгүй байсан, хэдэн сараар байрлаж ажиллангаа гол ажлуудыг нугалж өгсөн. Ковидоос шалтгаалан хугацаа алдсан учраас 2023 онд бүрэн ашиглалтанд оруулсан.
НУУЦЫН ЗОРИЛГО: Баазын алхам бүрт, өнцөг булан бүрт өөрийн соёлыг шингээхийг хичээсэн. Жишээ нь гадна төмөр хашааны хээнээс эхлээд хаалганы бариулын чимэглэл, барилгын дээврийг Азийн барилгуудаас ялгаатай хийхийг зорьсон. Хархорин хот өөрөө өрнө дорныг холбож байсан Торгоны замтай асар холбоотой дэлхийн нийслэл байсан, дэлхийн түүхийг бүтээлцэж байсан учраас тэр үеийн түүхийг хүмүүст ойлгуулж харуулахыг зорьж “Торгоны замын нууц” гэж нэрлэхээр шийдсэн. Монголын түүх соёлоос алхам алхамаар нууцыг нь илрүүлэн гаргахыг хичээж бүх баазууддаа “нууц” гэдэг нэрийг өгсөн.
ШАЛАА УГААХААС ИЛҮҮ: Тухайн үед АЖ-ын тухай хаана ямар сургалт байна, тэр бүгдэд яваад очдог байсан. Хаус кийпинг, тогоочийн сургалт, менежерийн сургалт гээд ямар ч сургалтыг нэг хэсэг алгасаагүй. Удирдах ажилтан хүн өөрөө сайн мэдлэгтэй байх ёстой, тэгэж байж ярина, зөвлөнө, заана, сургана, шаардана. Менежерүүддээ байнга хэлдэг. Ажилтнуудыг бөөгнүүлж байж сургах биш “хүн нэг бүртэй тулж ажилла, боломж олдож байвал нэг гэхгүй, хоёр гэхгүй, нэг хоёр өдрийн дараа гэхгүйгээр сургаж зөвлөж бай” гэж захидаг байсан. Манай АЖ-ын салбарынхны гол алдаа нь хүнээ сайн сургаж чадахгүй байна. Хавар бааз дээр ирсэн оюутнуудтайгаа ид гэрээ барьж, байшингаа цэвэрлэж, засаж янзалж, будаж байтал эхний жуулчид хүрээд ирдэг. Сургаж амжаагүй байтал жуулчны үйлчилгээнд шууд ороод явчихдаг. Сургалтыг тухай бүрд нь хийх чухал юм билээ. Шалаа угааж зогсохоос илүү шинэ хүнээ сургаж зогсох нь хамгийн чухал шүү гэж менежерүүддээ их захидаг.
ХЭЛМЭРЧ ТӨДИЙ: Торгоны замын нууц баазыг өвөл ажиллуулахаар бэлдэж байгуулсан боловч өвөл жуулчин ирэхгүй байна. Бүх гэрүүд рүү шугам хоолой орчихсон байгаа, нэг ажиллавал бүгдийг нь ажиллуулах хэрэгтэй болно, тэр болгонд зардал гүйнэ, гэвч өвлийн жуулчин алга. АЖ-ын салбар хоорондын уялдаа, хөтөч, жолооч нар ч гэсэн чанарын хувьд их мууджээ. Хэт хувиа бодсон, баг болж ажиллахдаа муу, баазтай хүртэл хамтарч ажилладаггүй, ямар нэгэн алдаа гарсан хойно л алдаагаа ярих гэж л харилцдаг. Хэдэн жилийн өмнө бүх зүйл энэ салбарт эмх цэгцтэй байсан. Өмнө нь хөтчүүд жинхэнэ “хөтөч” байсан байна, одоо бол зүгээр л “хэлмэрч” төдий л байна.