Хөдөөгийн хөгжлийг сэргээх, малчдын амьжиргааг дээшлүүлэх, өвлийн АЖ-ыг хөгжүүлэх зорилгоор “WinterLand Ice Festival 2024” эвентийг 1 сарын 12-14-нд зохион байгуулах гэж байна. Архангай аймгийн ЗДТГ, “Эртний нүүдэлчдийн өлгий” АЖ-ын холбоо санаачилж зохион байгуулалтыг “АРА комплекс” компани хэрэгжүүлж байна.
ӨВСӨН СТАДИОН: Хадсан өвс болон малын тэжээлээр 8000 м.кв талбайтай стадионыг Цэцэрлэг хотоос 5 км зайд Тамирын голын эрэг дээр барина. Фестиваль дууссаны дараа орон нутгийн малчдад хөнгөлөлттэй үнээр шууд худалдаална. Газар шороог ухаж сэндийлэхгүйгээр байгальд ээлтэй шийдлээр барьж байгаа нь гол онцлог юм. Мөн малчдын өвлийн хөдөлмөрт тусалж өвс тэжээл ойртуулж өгөхөөс гадна өртөг шингээхгүйгээр худалдаалах зорилготой ашгийн бус үйл ажиллагаа юм.
ТАМИРЫН ЖАВАР: Стадион дотор “Тамирын жавар” мөсөн шагайн харвааны улсын уралдаан гурван өдөр явагдана. Мөсөн шагайн харвааг Халхын II Зая бандида Лувсаннамжилняндагийн (1717-1765 он) үед үүссэн гэдэг бөгөөд нарийн дэг журамтай Монголын уламжлалт наадаануудын нэг болон үлджээ. Фестивалийн үеэр мөсөн шагайн тэмцээн үзэхээс гадна өөрөө биечлэн оролцож арга техникийг заалгуулах боломжтой.
ХАНГАЙН ХАСАР: Фестивалийн үеэр монгол хоточ банхар нохойн үзэсгэлэнг зохион байгуулж “шилдэг банхар” нохойг шалгаруулна. Хамгийн сонирхолтой нь “мэргэжлийн шүүгч” нар ирж шүүх юм. Монгол банхар нохойн онцлогуудыг танилцуулахаас гадна банхар нохойн гөлөгтэй тоглох, банхар нохойнуудтай зураг авхуулах боломжуудыг бүрдүүлнэ.
ДАРВУУЛТ ЧАРГА: Дэлхийд шинээр үүсэн хөгжиж буй “Дарвуулт чарганы спорт”-ыг Монголд таниулах, сурталчлах, өвлийн спортын нэг төрөл болгох зорилгоор “Эртний нүүдэлчдийн өлгий” АЖ-ын холбооны дэргэд “Дарвуулт чарганы клуб” байгуулагдсан. Клубын нээлтийн ажиллагаанд Польш болон ӨМӨЗО-ны тамирчид уригдан оролцоно. . Фестивалийн үеэр дарвуулт чарганы спортыг танилцуулахаас гадна цаашид Өгий нуур, Тэрхийн цагаан нуурын мөсөн дээр “Дарвуулт чарганы уралдаан”-ыг зохион байгуулж болох эсэхийг судлах юм.
ЖОРООЛНО: “Эко Жокей” хэмээх “Жороо морины холбоо”-ноос фестивалийн үеэр “Жороо морины тааварт уралдаан”-ыг зохион байгуулна. Үзэгчид ямар жороо морь түрүүлэхийг өөрсдийнхөөрөө шинжиж урьдчилан таах, мөн зүслэх тэмцээнд оролцож болно. Жороо морины унаач нар тус фестивальд ганган сайхан хувцаслаж, морьдын тоног хэрэгслийг ч тусгайлан зэхэж оролцох юм. Жороо морины уралдаан Монгол төдийгүй дэлхийн олон улс оронд хөгжсөн байдаг учраас АЖ-ын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжтой гэж үзсэн.
ӨВЛИЙН ГОЁЛ: Winterland фестивалийн үеэр өвлийн гоёл хувцастай хосыг шалгаруулна. Малын болон ангын үс, арьсаар эртнээс нааш өвлийн дулаан хувцас урлаж амьдрал ахуй, уламжлалт баяр ёслолд өмсөж ирсэн нүүдэлчдийн хувцасны соёлыг харуулах зорилготой юм. Нарийн ур ухаан, чимхлүүр хийц шаардсан үндэсний өвөрмөц онцлогтой дулаан хувцсыг монголчууд гараар урлаж ирсэн билээ.
POP-UP MARKET: Өвсөн стадионы орчинд халуун хоол, ундаар үйлчлэх цэгүүд, дулаацах монгол гэрүүд, өвлийн болон аяллын бараа бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний цэгүүд, авто машины зогсоол, автобусны зогсоол, био 00 цэгүүд, хог хаях цэгүүдийг урьдчилан төлөвлөсөн зураг төслийн дагуу байрлуулж тохижилт үйлчилгээг хангана. Мөн Архангай аймгийн АЖ-ыг сурталчлах “мэдээллийн цэг”-үүд ажиллана. Халуун уух зүйлсийн асарыг стадионы дотор талд байрлуулж хүртээмжтэй байхаар зохион байгуулна.
ДААРАХ ЗАВ ӨГӨХГҮЙ: Стадионд “Мөсөн шагайн харвааны тэмцээн” сонирхохын зэрэгцээ “лед дэлгэц”-ээр жуулчдад зориулсан тэмцээн, уралдаан, урлагийн үзүүлбэрүүдийг үзнэ. Гадаах орчинд нутгийн иргэд морь сарлаг унуулах үйлчилгээг хангаж, фото булангуудыг засаж, дарвуулт чаргаар явж үзэх, ATV унах, нум сум харвах гэх мэт бүх насныханд зориулсан маш олон төрлийн үйл ажиллагаа явагдах нөхцөлийг хангана. Мөн мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглан, мэргэжлийн тамирчдын туслалцаатайгаар мөсөн хананд авирч үзэх боломжтой. Гэх мэтчилэн Winterland фестивалийг зохион байгуулагч “АРА комплекс”-ийнхон, “Эртний нүүдэлчдийн өлгий” АЖХ-ныхон үзэхээр ирсэн зочдыг даарах завгүй байлгахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Эдгээр арга хэмжээнүүд тухайн өдрүүдэд 11:00 – 16:30 цагийн хооронд тогтмол явагдах юм.
БАРИМАЛТАЙ БАС ХАРЗТАЙ: Олон улсын шагналт мөсөн барималч О.Алтанбаярын тусгай бүтээлүүдийг үзэж цас мөсөн урлалыг сонирхуулна. Тэдгээр уран тансаг баримлуудыг фон болгон гэрэл зураг авхуулах селфидэх боломжууд мэдээж хэрэг бүрэн нээлттэй. Өвсөн стадион барих газраас холгүй өвөл хөлддөггүй булаг бий. Харзны усанд орж биеэ чийгрэгжүүлдэг хүмүүс болон харзны усанд орж үзэх хүмүүст бас нэгэн боломж юм.
MUSIC FESTIVAL: Фестивалийн нэг, хоёр дахь өдөр буюу 1 сарын 12-13-нд орой 20:00 – 03:00 цагийн хооронд Реппэр Цэцээ, DJ Farid, DJ Miu нар болон Recon live band хамтлагтай хамтарсан Winterland DJ party хөгжмийн наадам зохион байгуулагдах юм.