Гэтэл үнэхээр хэл нь хальтираагүй, бүр хэлэх гэж хэлсэн болж таарав. УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрхэм Л.Оюун-Эрдэнэ өөрөө “Дэлхийн томоохон аялал жуулчлалын байгууллагууд Монгол руу ханарах соронзон орон үүсч магадгүй. Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай” гэж хүмүүсийг загнаж сууна.
Тэгэхээр юутай ч энэ хүн 400 сая жуулчин ирүүлэх нь тодорхой байна.
Гэхдээ бас бодмоор юм байх шиг. Монгол Улс өнөөдөр дөнгөж 3.5 сая хүн амтай...За энэ ч дүүрч, хүн амаасаа олон жуулчин хүлээж аваад, үйлчлээд, юм үзүүлээд, зугаацуулаад явуулдаг улс гүрэн, хот алийг тэр гэхэв. Ухаандаа Макао гэхэд өөрөө 700 орчим мянган хүнтэй атлаа 18.5 сая жуулчин хүлээн авдаг улс. Тайланд өөрөө 68 сая хүнтэй ч 2019 онд 35.4 сая, хүн амынхаа талтай тэнцүү жуулчин хүлээн авсан байна.
Гадаадаас жуулчин хүлээн авна гэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд эрх биш мэдэж байгаа гэж найдна. Жуулчин хүн эхлээд монгол руу ирнэ, ирээд буудалд бууна, аялах газрууд руугаа ямар нэг тээврийн хэрэгслээр явна, хөтөч авна. Очоод амралтын аятайхан тохилог газарт бууна, хоол унд үйлчилгээ шаардана. Тэгээд юм үзнэ, зураг хөргөө татуулна. Тэгээд буцна. Аль ч газрын жуулчны, хаана ч очоод шаарддаг зүйл нь энэ.
Үүнээс үүдээд энэ бүхэн манайд өнөөдөр бэлэн үү гэсэн асуулт гарч ирж байна..Монгол руу ирэх тээвэр хэдий даацтай билээ. Манайд гадаадын таван орны агаарын тээврийн компани нислэг хийдэг. Манайх өөрөө түрээсийн хоёрхон онгоцтой, хольж солиод Орос, Хятад, Турк, Япон, Солонгос, Герман гэсэн зургаан оронд нисдэг. Ийм нислэгээр өдөрт нэг сая жуулчин ирж барах уу....Дундчилж байгаа болохоос биш, ихэнх нь зун ирнэ гээд бодвол өдөрт хоёр гурван сая хүрнэ. Гэтэл Чингис хаан нисэх буудалд өдөрт их үсрээд л 6-7 онгоц буудаг шүү дээ.....Багцаалахад 1500 хүн.
За хамаагүй, Л.Оюун-Эрдэнийхээр өдөртөө 1-2 сая жуулчин ирж, Галт тэргээр, машинаар, явганаар яваад ирэг. Одоо тэднийг хоноглуулах зочид буудал хэрэгтэй дээ....За зарим нь гэр бүлээрээ гэхээр орны тоо цөөрлөө ч гэсэн 1.5 сая хүнтэй Улаанбаатар хотын маань зочид буудлууд сая жуулчин шингээж чадах уу. Статистикийн газрын мэдээгээр 2019 онд манай нийт зочид буудлууд 9000 өрөөтэй л гэсэн үзүүлэлт байна. Ор хоног нь 961.2 мянга....Үүн дээр дэн буудал /мотель/, оюутны дотуур байруудыг суллаад ч багтаахгүй л дээ.
За одоо жуулчид маань Л.Оюун-Эрдэнийн хэлээд байгаа Хэнтий аймгийг зорино. Тийшээ төмөр замгүй, автомашинаар зорчино. Зүгээр л 45 хүнтэй том автобусаар тооцвол нэг өдөрт ирж байгаа нэг сая жуулчныг авч явахад 22 мянга гаруй автобусны эргэлт хэрэгтэй болох нь.
Жуулчид их ирээд байхаар жууулчны баазууд зээлээр ч болов автобусныхаа тоог нэмчихнэ гэхэд сая жуулчин Хэнтийд очоод хаана багтах бол.....Зочид буудал, амралтын газар нь хүрэлцдэг л байгаа даа.....
Автобус бүрт нэг хөтөч гээд бодохоор улсын хэмжээнд 22 мянган удаагийн хөтчийг хэрхэн гаргах вэ... Хөтөч гэдэг хэлний мэдлэгээс гадна, монголын түүх соёл, зан заншил, уламжлалыг мэддэг мэргэшсэн хүн байх ёстой. Хүрэлцэх үү, Оюун-Эрдэнэ сайд аа....Биднийгээ загнах яахав ээ, энэ бүхнийгээ тайлбарлаад, батлаад нотлоод өгчих.
За ингээд өнөө япон жуулчны уйлан байж “Энүүхнийг үзүүлэх гэж намайг энэ хол газар ингэж зовоож авчирсан юм уу” хэмээн хэлсэн гэдэг шиг харийн аялагч жуулчин маань юм үзэж баясах гэж л ингэж бядан явж ирж байгаа шүү дээ...
Хэнтийд юу үзэх вэ. За Оюун-Эрдэнийн бариулж байгаа тэр нэг хөшөөг үзэх юм байна. 200 гаруй км давхиж байж Дадал суманд тэртээ 1962 онд Төмөр-Очир гуайн бариулсан Чингисийн хөшөөг үзнэ. МАН-ын эрхэм гишүүн энэ хөшөөг тооцоолсон л доо, гэхдээ энэ нам энэ хүнийг хөшөө бариулж Чингисийн ойг тэмдэглэх гэсний нь төлөө хэлмэгдүүлэн хөдөө цөлж хожим нь Дархан хотод хүн явуулж хөнөөлгөсөн л дөө.
Тэгээд Баян-Адарга суманд УИХ-ын гишүүн асан Ч.Арвины байгуулсан Монгол хатдын өргөөг үзэх юм биз. Өмнөдэлгэрийн нутгаар дайрч Балдан бэрээвэн хийд оруулах биз. Хэрлэн, Онон гол дээр аваачиж загасчлуулах биз. Хаадын онгон байж болох юм гээд л байгаагаас биш Өглөгчийн хэрэмд юу ч байхгүй, нотлоо ч үгүй....Аварга тосонгийн нуур нь бохирдож ширгэж байгаа....
Өөр юу үзүүлэх вэ. Аялал жуулчлал хөгжихөд хамгийн гол нь аялал жуулчлалын бүтээгдхүүн чухал. Яахав унаган байгаль, гол ус, уул хад...Хар зүрхний хөх нуур гээд....
За ингээд өдөрт ирэх нэг сая жуулчны маань үзэх зүйл гүйцээ. Тэгээд тэр нь өөр хоорондоо хэдэн зуун км зайтай, явж явж очоод ганцхан хөшөө, нэг хийд, нэг жижиг музей.....Ёстой нөгөө жуулчин маань үгээ хэлж үсээ үгтээнэ биз.....
Л.Оюун-Эрдэнэ монголчуудыг “Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай” гэж загнасан. Ордост очиж үзээгүй, Хэнтий аймгаар яваагүй монгол хүн бараг байхгүй дээ. Тийм дээ ч өдөрт нэг сая, жилд 400 сая жуулчин хүлээж авах, үзүүлж харуулах юмгүй дээ хэмээн санаа зовсондоо үгээ хэлцгээж байгаа нь тэр.
Жилдээ манай гаргийн 1.5 тэрбум хүн дэлхийн улс орнуудаар аялж жуулчилдаг гэсэн тоо байна. Үүнээс хамгийн олон жуулчин хүлээн авсан Франц улс 2018 онд 93.2 сая жуулчин хүлээн авчээ. Хүмүүст үзүүлж харуулах байгаль, далай, эртний түүх дурсгал, дахин сэргэлтийн үеийн урлаг соёлын бүтээлүүд, хайр дурлалын бэлгэ тэмдэг Парис хот гээд үзүүлж харуулах юм арвинтай ч франц улс манай монголын, Л.Оюун-Эрдэнийн нэг улиралд хүлээн авах жуулчныг арай л гүйцэхгүй байна....Манайх бол жилдээ 400 сая жуулчин хүлээж авна гэж байгаа..
МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Засгийн газрын гишүүн Байгаль орчин аялал жуулчлалын сайд ганцхан жил хийхдээ 2015 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авна гэж сүржин мэдэгдэл хийн Герман улсад болсон аялал жуулчлалын үзэсгэлэнд өчнөөн тэрбум төгрөгийн зардал гаргаж өөрөө явчихаад тэр жилээ ердөө 415 мянга жуулчин хүлээн авсан нь өмнөх жилийнхээс нь буурсан. Үүнээс хойш Монгол Улсад хэзээ ч 500 мянгаас илүү жуулчин ирээгүй л байна.
Харин энэ тоог Л.Оюун-Эрдэнэ л 800 дахин өсгөж 400 саяд хүргэх нь дээ......Харин хэзээ вэ гэдгээ эрхэм сайд дурдаагүй л байна.....
Аугаа их, Төрийн шагналт Л.Ванганы зохиол “Хүний мөр” кинон дээр архичин өвгөн, залуу Чинбатад “Хүн худлаа ярьж болно, гэхдээ бас баримжаатай байх ёстой юм шүү” гэдгийг л Л.Оюун-Эрдэнэ эрхэмд хэлмээр санагдаад болох биш....