Karakorum Ice Festival - 2023

#ТОВЧ_ХҮН: Karakorum Ice Festival-ийг санаачлагч, Монголиа экспедишн ХХК-ийн захирал С.Алдархишиг маань “товч” хүн л дээ. Монголын АЖ-ын салбарт экстрим буюу адал явдалт спорт аяллыг тууштай хөгжүүлээд, өөрийн имижийг бүрдүүлсэн шилдэг “маркетер” юм. Бусдаас ялгарах өвлийн аяллын бүтээгдэхүүнийг хөгжүүлж "брэндинг"-ийг үүсгэж яваа гэж боддог. Товч гэсэн учир нь “илтгэл” тавих, “үг хэлэх”, “асуултанд хариулах” гээд бүх зүйлд “товчхон” байдаг хүн бөгөөд сонсогч, үзэгч, оролцогч, сурвалжлагчийг уйдаахгүй “авч явдаг” гэсэн үг ээ.
#ТОВ_ТОДОРХОЙ: Тэмцээний зорилго тов тодорхой, 20 гаруй метр өндөр мөсөн хананд шулуун авиралт хийх. Хэн хурдан түргэн авирч оройд нь хүрнэ, тэр ялагч гэдэг нь тодорхой. Хурдыг нь секундээр хэмжиж шалгаруулна, шүүлт нь ч тодорхой. Энэ жилийн тэмцээнд “Мэргэжлийн төрөл”-д эрэгтэйчүүдээс Ч.Мандахбаяр 12,03 секундэд авирч түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс Б.Баярмаа 27,85 секундэд авирч цомын эзэн болсон. Харин “Сонирхогчдын төрөл”-д эрэгтэйчүүдээс Б.Бямбадорж 46,77секунд авирсан бол эмэгтэйчүүдээс Д.Буянхишиг 2 мин 28 сек авирч тэргүүлсэн. Тамирчин Ч.Мандахбаяр хоёрдугаар сард “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох болсон байна.
#МӨСНИЙ_АРАНШИН: Алдраагийн яриагаар бол “мөс нь өөрийн гэсэн араншинтай” аж. Мөсөн дээр дугуй унахад 1-3 дугаар сар хамгийн тохиромжтой. Бүх голын мөс 1 дүгээр сард л жигдэрдэг, барилт хамгийн найдвартай, тэрнээс наана бол аюулгүй байдал бүрэн сайн хангагдахгүй. Харин мөсөн хананы авиралтыг 12 сард тааруулдаг. Учир нь 12 дугаар сард мөс арай гайгүй “зөөлөн” буюу хатуурч “догшроогүй” байдаг. Тэр үед багаж хэрэгсэл мөсөнд зоогдохоос гадна авиралт хийж буй оролцогчдод тохиромжтой байдаг гэв. Хамт явсан бүсгүй маань зориг шулуудан авирсан. Хамгаалалтын олсноос дүүжлэгдэн, гутландаа “хадаас” углаад авирч мацсаар оройд нь хүрдэгийн даваан дээр гар нь цуцаад “явдаггүй ээ”, хий дэмий л “одоо жаахан зай байна, гүрийгээрэй, жаахан л хичээчих...” гэж ам хэлээ нэмэрлэв. Амаргүй байсан бололтой, гэвч өөрийгөө сорьж үзсэн “зоригтон”, би бол шууд зугтаасан, хэ хэ
#ЗУУН_ЖИЛИЙН_ДАРАА: Мөсөнд авирах анхны тэмцээн 1912 онд Италийн Курмайорд Бренвагийн мөсөн гол дээр зохион байгуулагдаж байжээ. 1970 он хүртэл мартагдсан “мөсний авиралт”-ыг ЗХУ-д сэргээснээс хойш тасралтгүй явагдсаар Баруун Европ, Хойд Америкийн улс орнуудад түгжээ. Эдүгээ цуврал тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй болсон бөгөөд Ази тивээс Өмнөд Солонгос, Хятад, Иран, Монголд хурдацтай хөгжиж байгаа аж. Италид үүссэнээс хойш 100 жилийн дараа 2012 онд Монголд ICE CHALLENGE нэртэйгээр зохион байгуулагдсан. 2019 оноос олон улсын жуулчдыг татахын тулд KARAKORUM ICE FESTIVAL хэмээх нэртэй болсон бөгөөд энэ жил Хятад, Америк, Франц жуулчид зорин ирж оролцсон нь зорилгоо биелүүлэх зам руугаа алхсан гэсэн үг, энэ бол чамлахааргүй амжилт юм.
#ӨВЛИЙН_МОНГОЛ_ЧЕЛЛЭНЖ. Улаан цутгалангаас гадна Өмнөговийн Мухар Шивэрт, Завханы Богдын гол, Жаргалантын хүрхрээ, Гоожуурын хүрхрээ гээд Монгол орны хүрхрээнүүдийг түшиглэн авиралт хийж болно. Мөн байгалийн хадан цохионуудад мөс тогтоож авиралт хийдэг болсон. Уулын аяллын хувцас хэрэглэл борлуулдаг дэлгүүрүүдээс авиралтанд тохирох тоног хэрэглэлийг авах боломжтой. Олон улсад жил бүр 10-17%-ийн өсөлттэй яваа “адал явдалт АЖ”-ын нэг товч тодорхой, авсаархан зорилго бүхий аяллын бүтээгдэхүүн болгон өргөжүүлэх боломж байна. Мал амьтны оролцоогүй учраас жил алгасахгүй зохион байгуулах, богино хугацаагаар ирдэг өвлийн маршрутад “Монголын өвлийг”, “Өвлийн Монголыг” туршихаас гадна тухайн жуулчин өөрийгөө цас мөс, өвлийн уур амьсгалаар өөрийгөө “челлэнж” хийх боломж юм.
#СЭТГЭЛГЭЭГ_ӨӨРЧЛӨХ. Монголд өвлийн АЖ-ыг хөгжүүлэхийн тулд “сэтгэлгээний өөрчлөлт”-ийг хийх хэрэгтэй. Монголын өвөл хүнд хэцүү, хахир хүйтэн гэдэг ойлголтыг өөрчлөх, өвөл болдог бусад орнуудаас агаарын нягтшилын хувьд ялгарах онцлог, чийгтэй нойтон цас, хуурай цаснаас өгсүүлээд харьцуулан тайлбарлах, илүү таатай өвөл болдог талаар таниулах шаардлага бий. Фестивалийн хүрээнд мөсөн хананы авиралтаас гадна өвлийн хувцасны шоу, дах, дэгтий, лоовуузны худалдаа, цас мөс, өвлийн тухай шүлэг яруу найраг, дууны тэмцээн, мөсөн дээрх алхалт, бүжиг, цас мөсний талст сэдвээр гэрэл зургийн уралдаан, цас мөс хайлуулж цай, кофе чанах үйлчилгээ, Өвлийн өвөөгийн айлчлал, АртГэрийн шорлог парти ... гэх мэт олон арга хэмжээ, санаа сэдлээр баяжуулах боломжтой.