ТОМЪЁО МӨНГӨ БОЛДОГ

“Хорека софт” технологи хөгжүүлэгч Г.Гантулга: Жишээ нь Лондонд байгаа нэг зочин УБ хотод байгаа нэг дундаж зочид буудлыг яаж мэдэж ирэх вэ, эсвэл уулын мухарт байгаа нэг баазыг яаж мэдэж шууд захиалга өгөх вэ. Нэг хувь хүн битгий хэл тэр гадаад орны нэг аяллын компани ч ямар нэртэй бааз  ямар аймаг, суманд байгаа талаар “а” ч мэдэхгүй. Тийм учраас л энэ “booking” гэсэн технологи бий болсон юм.

Цар тахлаас өмнө олон улсын сүлжээнд Монголоос 300 зочид буудал, жуулчны бааз холбогдсон байсан бол ковидын дараа 100 хүрэхгүй болчихсон байсан. Буудлуудын захиалгын менежер нь ажлаасаа гараад явчихсан, үлдсэн хүмүүс нь онлайн борлуулалтыг нь мэдэхгүй, ямар э-майл хаягаар бүртгүүлснийг ч мэдэхгүй, буцаагаад сэргээх гэсэн чинь мэдээлэл байхгүй сууж байх жишээтэй. 2023 оны 4 сард ердөө 40 газар бүртгэлтэй байсан бол одоо 120 зочид буудал, бааз онлайн дээр зарагдаж байна.

МОНГОЛД Ч БОЛНО: Монголын бүх зочид буудал, баазуудад зочноо өөрөө “залах” боломж бий. Онлайн бүртгэл дээр чадах чинээгээрээ манайхан ажиллаж байна. Гэвч захирлууд ард нь ямар их ажил болдогийг бүрэн гүйцэд ойлгоогүй байна, үнэ ярихаар татгалзаад шантарчихдаг. Болж өгвөл үнэгүй л хийлгэх гээд байдаг. Би тэгээд үнэгүй ажил хийж өгчихөөд ямар орлогоороо амьдарч гэр бүлээ тэжээх вэ. Хятад улс даяараа “дижитал” болчихлоо. Alibaba, Amazon хоёр “худалдагчгүй дэлгүүр” нээчихлээ. Японд “ажилтангүй зочид буудал”-ууд ихээр бий болчихлоо.  

ГАР АЖИЛЛАГАА: I hotel болон Хорека софт хоёрын ялгаа бол нэг нь гар ажиллагаанаас салаагүй. Ай хотель дээр захиалга өглөө гэхэд, тэнд нэг оператор сууж байдаг, хэн нэгнээс захиалга аваад тэр буудал юм уу, бааз руу утсаар ярих, эсвэл чат бичих хэрэгтэй болно. Цаад тал нь шууд утсаа авах, шууд хариулт бичих нь эргэлзээтэй. Утсаа авлаа гэхэд өрөө бэлэн байх эсэх нь баталгаа байхгүй. Хэрвээ хоосон өрөө байхгүй бол буцаад захиалга өгсөн зочин руугаа ярих хэрэгтэй болно. Ийм гар ажиллагаатай байгаа тохиолдолд онлайн борлуулалт хийж чадахгүй. Тийм учраас Ай хотель амжилт олж чадаагүй юм аа.

НҮД ЭРЭЭЛЖЛЭХГҮЙ: Хорека софт олон улсын PM системийг ашигладаг учраас манайд бүртгэлтэй бүх зочид буудлууд тус систем дээр өөрсдийнхөө өрөөг “бүүклээд” байж байдаг. Тавхан өрөөтэй буудал байлаа гэж бодоход, өнөөдөр 5-ыг зарна, 7 хоногт 35 өрөө зарна, жилээр нь бодоход 1600 өрөөний борлуулалтыг бүртгэх хэрэгтэй  болно. Үүнийг нөгөө л уламжлалт аргаараа Excel sheet дээр бүртгээд явахаар нүд эрээлжлэм олон цонх л харагдах байх. Тэгэхээр тэр нүд эрээлжлэм цонхыг манай систем анхан шатны мэдээлэл болгон суулгаад онлайн технологитой холбочихож байгаа юм. Нөгөө 5 өрөөтэй зочид буудлын сул өрөө, дүүрчихсэн өрөөг өдөр цаг, сар, жилээр нь бүгдийг нь төвөггүй, нүдээ эрээлжлүүлэхгүй харчихаж чадна гэсэн үг. Эзэн захирлууд болохоор ингэж яваад ирсэн юм чинь гээд шинийг хүлээж авч чаддаггүй. Цаг хугацаатай уралдаж хурдан түргэн борлуулах, өөрөө онлайн дээр харж хянаад ажилтнуудаа хардаж сэрдэхгүй байх сайхан боломжийг ойлгодоггүй.

ТОМЪЁО МӨНГӨ БОЛДОГ: Жишээ нь, 201 гэсэн дугаартай нэг өрөөг өнөөдөр захиалбал нэг үнэтэй, маргааш захиалбал өөр үнэтэй, booking-ээр захиалбал бас өөр үнэтэй, вебсайтаар захиалбал бас л өөр үнэтэй, очоод захиалбал бас нэг үнэ хэлнэ. Энэ юу вэ гэхээр зөвхөн нэг өрөө гэхэд дор хаяж 5 өөр үнээр борлуулагдаж байна. Зочид буудлын үнийн бодлого ингэж явагддаг. Энэ бодлогоор “орлогын менежмент” хэмжигдэнэ. Энэ бүхний ард нүсэр тооцоолол ба томъёо ажиллаж байдаг. Гэвч хөлөөрөө алхаж очоод захиалдаг технологи одоо дэлхийд байхгүй. Онлайн борлуулалтын ард томъёонууд “мөнгөн орлого” бүрдүүлж байна.

БАНК РУУ ЯВДАГ ГАЖИГ: Онлайнаар захиалсны дараа захиалагч төлбөрийн картын мэдээллээ бүртгүүлнэ. “Та одоо төлөх үү”, “очоод төлөх үү” гээд сонголт гарч ирнэ. “Очоод төлнө” гэдэг сонголт хийлээ гэхэд танд 78 цаг, 48 цаг,  36 цаг байна, таны захиалга хэвээрээ юу гэсэн мэдээлэл орж ирээд байна. Хэрвээ 24 цаг дотор захиалсан өрөөгөө цуцалбал таны картнаас 100% төлбөрөө татаж аваад үлдэж магадгүй. Үүнийг Cancellation policy гэдэг бодлогоор зохицуулаад тухайн зочид буудал ямар ч хохиролгүй үлдэж чаддаг. Гэтэл Монголд энэ бодлогоор буудал хохиролгүй үлдэж чаддаггүй. Монголоос гадагш доллар шилжүүлэхэд ямар ч асуудалгүй бүх урсгал нээлттэй мөртөө Монгол руу буудлын төлбөр хийхийн тулд банк руу явдаг гажиг хэлбэр тогтолцоо одоо ч байсаар байна.

ХЭН Ч ДУРГҮЙЦНЭ: Буудал захиалчихаад банкин дээр очиж төлбөр хийхээс хэн ч байсан цааргална. Монгол руу гадаад төлбөрийн карт дээрээс төлбөр авах нь хоригдчихсон байгаа нь мөнгө угаалт, саарал жагсаалт зэрэг улс төр, эдийн засгийн шалтгаанаас болсон байх. Одоо “саарал жагсаалт”-аас гарчихсан байгаа хэрнээ бодит шийдэл хийгдэхгүй л байна. Гадаад орнууд дахь захиалагчаас төлбөр авч чадахгүй байгаа учраас Монголын бүх зочид буудал  “цуцлах чөлөөтэй” буюу Cancellation free гэдэг бодлогоор явдаг. Тийм учраас гадныхан дуртай цагтаа зочид буудал, аяллаа цуцалдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зочинд хариуцлага тооцох гэдэг систем байхгүй, төлбөр тооцооны систем Монголд хөгжөөгүй. Тур операторууд ч энэ байдалтай тулгардаг. Жуулчин аяллын төлбөрөө хийх гэхээр “book now” цонхон дээр нөгөө л төлбөр тооцооны системийн доголдол нь гараад ирдэг. 2015 онд Pay poll руу хандаж э-майл бичихэд, тэндээс ирсэн хариу нь “биднийг Монгол банк Монголтой ажиллахыг хязгаарлаж блоколсон, хэрвээ энэ банк биднийг блокноос гаргачихвал хамтарч ажиллахад бэлэн” гэсэн байсан.

БИ БОЛ ГҮҮР: Би бол бизнесмэн биш, технологи хөгжүүлэгч мэргэжилтэн. Олон улсын платформуудыг Монголд суурилуулж үзсэн, Энэтхэгээс аваад Австралид ч зарж үзсэн. Заавал тэнд нь очилгүйгээр энэ технологийг яаж хийх вэ гэдгээ ойлгочихсон гэсэн үг. Менежментийг ойлгоогүй хүмүүс технологийн үнэ цэнийг ойлгохгүй. Үндсэн мэргэжил маань маркетинг, 2005 онд Сэрүүлэг ДС төгссөн. Анхны ажлын гараа Интерактив компаниас эхэлж борлуулалтын маркетинг хийж үзлээ.  Манай ажлынхан тэр гоё гоё амлалтуудаа өөрөө хий гэсэн учраас сервис үйлчилгээ рүү ороод, дараа нь программист ба хэрэглэгч хоёрыг холбодог гүүр нь болсон доо.

ТЭМЭЭ ЯМАА ШИГ: Малайз руу яваад, тэнд хэсэг амьдарсан. Буцаж ирээд Мобикомд ажиллаж байгаад найзынхаа байгуулсан Прософт ХХК-д зочид буудал, рестораны төсөл хэрэгжүүлж ажиллахаар болсон. Тэгээд “Хорека” гэдэг төсөл бичиж компани маань санхүүжүүлэхээр болсон. Энэ төсөл маань Монголдоо амжилттай болж онцгойрч эхэлсэн. Тэгээд улам сайжруулахын тулд гадаад орноос суралцахаар шийдэж нэг жилийн судалгаа хийсэн. Монгол ба олон улсын зочид буудлын бүртгэлийн систем тэмээ ямаа шиг ялгаатай байсан. Монгол болохоор санхүү суурьтай бүртгэлийн хойноос хөөцөлддөг бол нөгөө нөхдүүд борлуулалт суурьтай систем дээр явж байсан. Тэрхүү олон улсын системийг нэвтрүүлэхийг хүсэж компанидаа хандсан, маш их зардал гарах юм байна гээд татгалзсан.

ДУРЛАЧИХСАН: Би болохоор судалгаагаа хийгээд ойлгочихсон болохоор үргэлжлүүлмээр санагдаад ажлаасаа гарсан. Хөгжсөн системийг хямд өртөгөөр Монголдоо оруулж ирье гэж зориг шулуудсан. Дэлхий дээр топ 10 зочид буудлын платформ байсан, тэдэн рүү хандаж э-майл бичсэн, таваас нь хариу ирсэн, тэр тавын гурав нь надад таалагдаж байсан газрууд байв. Нөгөө гурвынхаа Монгол дахь дисбютер болоод явсан. Бодол, зорилго маань биелж тэд нар надад юу хийхийг зааж өгдөг байгаасай гэж хүссэн. Нэг мэдсэн чинь нөгөө гурав маань намайг сургахын тулд сургалт хийгээд эхэлсэн. Цагийн зөрүүнээс болоод өдөр биш шөнөжин “нүдүүлээд”, өдөр нь байгууллагуудаар яваад сүүлдээ ядаргаанд орж яг л “зомби” шиг болох дөхсөн.

ТАМИР, ХАЛИУН ХОЁР: Тэгэж сурч байхдаа олон улсын Hospitality knowledge data систем рүү нэвтэрдэг эрхтэй болсон. Тэндээс маш их юм сурч, дутуу ойлгосноо гүйцээж авсан. Ойлгосон зүйлээ буцаад зочид буудлууддаа ярьсан чинь тэд нар миний яриад байгааг ойлгодоггүй ээ. Ойлгохгүй болохоор нь би буруу юм сурчихжээ гэж бодоод санаагаар уначихсан явж байсан чинь Кемпинский буудлын Тамир, IBIS буудлын Халиунаа хоёртой тааралдсан. Тэгсэн чинь миний яриад явдаг зүйлийг тэр хоёр яриад байна шүү, сэргээд л явчихсан. OTA (Online travel agent) систем буюу Booking.com, Agoda.com, Expedia.com, Ctrip.com, Airbnb.com…GDS (Global distribution system – Amadeus, Galileo, Sabre-Travelport…) Metasearch – Google, TripAdvisor, Baidu, Yahoo … зэргийг тэр хоёр сайн мэдэж байсан.

ХАЙРЦАГ ДОТОР: Дэлхий даяар нэг хэлээр ярьж байхад Монгол өөрөө дотроо нэг хайрцаг үүсгээд зөвхөн тэрэн дотроо амьдардаг болохыг ойлгосон. Монгол бизнес хүртэл тэгэж явдаг. Монголын орон нутгийн буудлууд дэлхийгээс хол хоцрогдчихсон. Хоногийн 450,000 төгрөгийн өрөө дүүрчихээд байхад дэргэд нь байгаа 100,000 төгрөгний үнэтэй буудлууд хоосон байдаг. Яагаад гэвэл тэр буудлуудыг хэн мэдэх вэ, яаж мэдэх вэ гэхээр олон улсын сүлжээнд байхгүй юм чинь, хэн ч мэдэж очихгүй. Тэгээд тэд нар монгол үйлчлүүлэгчиддээ буугаад өгчихсөн. Хөрөнгө оруулаад сайхан болгосон буудлыг нь архиддаг газар болгосон. Энэ нь өөрөө “бизнес” юм шиг ойлгогдчихсон.  

ТЭРЭНДЭЭ ДУРТАЙ: Байгуулагдаад 5 жил болчихсон буудлын эзэн надад “эхлээд би монголчууддаа үйлчлээд сурчихая” гэж хэлсэн. Гэтэл монголчуудын архиддаг, хүүхэн авчирч хонодог буудал болж “салаад” тусдаа хөгжөөд явчихсан. Тэрэндээ дуртай, дасчихсан, тэрийгээ “бизнес” гэж ойлгоод тэр бодолдоо “түгжигдчихсэн”.  Нэг захирал тэрнээсээ салах гээд 500 сая төгрөгний хөрөнгө оруулж засвар үйлчилгээ хийгээд гадаад жуулчин авдаг болъё гэсэн чинь дахиад л өмнөх байдалдаа эргээд орчихсон. Хөрөнгө оруулаад ч нэмэргүй, тийм газруудад чадварлаг менежерүүд ч ажиллахгүй, гараад явчихдаг. Менежерийн хүсэл өөр, эзэн захирлуудын бодож сэтгэж байгаа нь өөр, нийлэхгүй байна гэсэн үг.

ЭМЧЭЭС ИЛҮҮ: Европийн орнуудад 40-өөс дээш насны зөөгч нар маш сайн байдаг. Яагаад вэ гэхээр та хоол идэхээсээ өмнө ходоод гэдсээ бэлдэх ёстой, хоолоо идсэний дараа тийм дарс, ийм десерт хэрэглэвэл таны хоол танд “эм” болно гэдэг мэдлэгийг мэддэг, тэр мэдлэгээ санал болгож чаддаг. Буруу хооллолтоос болж өвчилж магадгүй, хямарч магадгүй гэдгийг мэддэг, бараг муухан эмчээс илүү. Энэ мэдлэгээрээ зөөгч бол үйлчлүүлэгчид ганц хоол биш бараг 4 зүйл юм зарж чаддаг.  Үүнтэй адилхан зүйлийг би уг нь зочид буудал дээр яриад байгаа юм аа.

ТАВИАС ДЭЭШ НАСТАН: Яриад байгаа технологио би хэн бүхэнд зааж өгөхийг чин сэтгэлээсээ хүсдэг. Гэтэл Монголд 50 нас дөхсөн, түүнээс настай хүмүүс өөрийн орон зайгаа бүрдүүлчихсэн, шинэ зүйлд дургүй, заримдаа бүүр нэг залхчихсан маягийн дүртэй, аюулгүйн тойрог үүсгээд байж байдаг. Программыг хамгийн их эсэргүүцдэг, хуучин арга барилаараа ажиллахыг хүсдэг, эргэн тойрны залуучуудынхаа шинээр мэдэхийг хүссэн хүслийг мохоож байдаг, үгэнд нь орохгүй бол орон зайнаасаа шахаж ад үздэг. Тэдэн дунд сурч мэдье гэсэн хүн маш цөөхөн. Анх би залуучуудыг хялбарчлахыг хүсдэг, залхуу болчихож гэж хардаг байсан чинь цаг үеэ дагаад бизнес нь хувьсахгүй байгаа болохоор залуучууд хийх дургүй байгаад байгааг ойлгосон.

ХАМГИЙН ТЭНЭГ НЬ: Энэ том хөгжил рүү яагаад орохгүй байна вэ. Та ийшээ орчих, таны өрөөг, аяллыг маш амархан зарчихна, тэгээд тодорхой зарж өгсөн хувийг нь өгчих гэхээр “өө тэгвэл больё, би өөрөө хийнэ” гээд татгалздаг. Хамгийн тэнэг зүйл нь юу вэ гэхээр, нэг захиалгын менежер ажиллуулахаар 2 сая төгрөгний цалин өгөх хэрэг болно, цалингаа нөхөхөөр борлуулалт хийж байвал болчихно гэж үздэг. Мэргэжлийн хүнд нь өгөхөөр яаж өөрөөр хийдэг вэ гэдгийг ойлгодоггүй, тэр цалингийн хоёр сая төгрөгийг хэд дахин өсгөж өгөхийг төсөөлж чаддаггүй. Дунд ба жижиг буудлууд тэр болгон захиалгын менежертэй байж чадахгүй, тэрийг нь мэргэжлийн байгууллагад өгчихөөр хэдэн өрөөг нь хэдэн янзаар борлуулаад өгнө гэдгийг харж чаддаггүй.