АМАЗОНЫ ТОГЛООМЫН ДҮРЭМ

Шувуу судлаач, шувууны хөтөч, зураач, шонхор гаршуулагч Г.Доржлхагва: Америкийн шувуу зурдаг алдарт зураач Сиблейн хэлснээр “хэзээнээс зурж эхэлснээ санахгүй байна” гэдэг шиг мэдээ орсон үеэсээ л зурж эхэлсэн байх. Цэцэрлэгт явж байгаагүй, өвөл зунгүй өвөө эмээтэйгээ мал хариулж өссөн. Зураг зурах цаас олдвол зурдаг, ихэвчлэн голын эргийн шавраар амьтны дүрс баримал урлаад зууханд шатааж үздэг байлаа. Эргэн тойрны ах дүү нар бас зурдаг байсан нь нөлөөлсөн байх. Манай өвөө Хэнтий аймгийн Галшар сумын харъяат “Уран Лувсанданзан” гэж алдаршсан, дарх урлалдаа гаршсан хүн байсан. Миний бие Хэрлэн суманд төрж, тухайн үеийн хөдөөний хүүхдүүд яаж амьдарч ирсэн тэр жишгээр морь малтай зууралдаж өссөн. Эмээ маань шувууны өндгөн дээр сүүдрээ бүү тусгаарай гэдэг байсан бол өвөө маань адуу малаа услахаар явахдаа нуур голын эргийн шувуудыг ажиж суудаг сан. Бидний ахуй, хүрээлэн буй орчинд шувууд байж л байдаг тэр цагаас эхлэн шувуу сонирхож эхэлсэн. МНТ-ноос “Боданчар мунхаг харцага шувуу бариад ан хийж амь зогоож байсан” тухай уншаад түүнийг төсөөлөн боддог байж билээ. Түүх, биологийн хичээлд дуртайгаас гадна аав ээжийн маань эмчийн мэргэжил надад нөлөөлсөн байж магадгүй, хожмын алхам бүхэнд тусалсан гэж боддог.

ЗУРМАЛТАЙ НОМ: Анх 2013 онд шувуу судлаач доктор Гомбобаатар багштайгаа хамт “Дэлхийн шувууд” төслийн судалгаанд явсан. Тэр үед Хадром Ширхай гээд Израйлын шувуу судлаачтай танилцсан бөгөөд тэрбээр маш сайн гэрэл зурагчин байсан. Ширхай судлаачаас “гэрэл зургаар ном хийх нь гоё уу, зурмал зургаар ном хийх нь гоё уу” гэж асуухад “зурмал бол мэдээж хэрэг хамгийн сайн” гэж билээ. Тэгэхэд анх зурмал зургаар ном хийх мөрөөдөл толгойд зурсхийж, тэр аяллын дараачаас анхны шувуугаа зурж үзсэн. Колинс болон бусад шувууны лавлах номын зургуудтай өөрийнхөө зурсныг харьцуулж үзэхэд нэг их зөрүүгүй байсан учраас урам зориг орсон. Хөдөө явах тоолондоо харсан шувуугаа зураад цуглуулаад байв. 2015 онд сургуулиа төгсөөд сайхан завтай болсон, тэгээд өдөр шөнөгүй зурж суусан.

OXFORD РУУ ШУУД: Нэг өдөр Oxford руу шууд хандахаар шийдсэн. Э-майл бичсэн чинь ахлах редактортайгаа шууд холбож өгснөөр шөнийн 2 цаг хүртэл харилцаж билээ. Oxford – Princeton их сургуулийн хэвлэлийн хэлтсийн ахлахтай холбогдсон байсан бөгөөд тэр хүн намайг дэлхийн номын стандарт гэж юу байдаг вэ гэдэгтэй танилцуулж их зүйлд сургасан. Багагүй урт хугацаанд хамтран ажиллаж цалин өгч байснаар барахгүй Английн Жон Бэефоу гэдэг хүний төсөлтэй намайг холбож өгсөн. Ийнхүү бид хоёрын хамтарсан төсөл 2019 онд бүрэн англи хэл дээр “Birds of Mongolia” нэрээр хэвлэгдсэн.

АМАЗОНЫ ТОГЛООМЫН ДҮРЭМ: Гадаадын хэвлэлийн ертөнцийн маркетинг нь Амазоноос эхлээд дэлхийн 30 гаруй ном борлуулдаг сүлжээнд холбож өгсөн. Гадныхантай бизнес хамтрагч байх, багт багтаж ажиллах, гадаадын зах зээлийн сүлжээнд холбогдох гэх мэт олон тал дээр том сургамж, туршлага олж авсан. Миний хувьд хэдийгээр номынхоо нэгдүгээр автор ч гэлээ жилд нэг удаа номын урамшуулалд 18%-ийг авдаг. Мөнгөнөөс илүү гадны хэвлэлийн ертөнцтэй хамтран ажиллаж сурах арга барил хамгийн чухал байсан. Багийн зохион байгуулалтаар хийж буй төслийн 18% гэдэг бол “чамлалтгүй юм байна” гэдгийг ойлгосон. Эрдмийн зэрэг цолгүй надад том амжилт, өсөж дэвжих боломж өгсөн юм. Хэрвээ би 18%-ийг голсон бол өдийд дэлхийн номын зах зээлийн 30 гаруй том сүлжээнд ном маань “сураг ч үгүй” байх байсан. Намайг битгий хэл, Монголыг маань мэдэхгүй хүмүүс үй олон бий. Амазон гэдэг тоглоомын дүрэмд захирагдаж, Амазон дээр ном маань байрлаж байх нь нэр төрийн хэрэг юм. Одоо “Монгол орны хөхтөн амьтад” сэдвээр хятад ба уйгаржин монгол бичгээр ном гаргахаар ажиллаж байна. Ихэнх ажлаа өөрөө хийсэн боловч мөн гадаад зохиогчтой хамтран ажиллаж байгаа.

ИДЛЭГ СУДЛАГДАЖ ДУУСАХГҮЙ. Хандгай гэх мэт хэцүү амьтан зурахад 5-7 өдөр зарцуулна, харин хулгана, зурам гэх мэт жижиг мэрэгчийг хэдхэн цагийн дотор зурах нь бий. Шувууны зураг бол нэлээд өөр. Гэрэл зурагчдын авсан зураг, интернет дээрх зурагтай харьцуулна. Шувуудын өдний гуужилт, хувирлууд, хамрын зэтэр, хушууны хэлбэр, хумсны шарлалт гэх мэт нарийвчлан харж байж ялгааг тогтоон зурна. Идлэг шонхор газарзүйн мужлалаараа их мэдрэг, өөр өөрөөр ялгардаг бөгөөд ангаахайгаас нь нас бие гүйцсэн бодгаль хүртэл 18 зураг зурсан. Идлэг шонхор бол судлагдаж дуусахгүй маш сонирхолтой шувуу гэж боддог. Гэтэл хаа сайгүй байх “оронгийн бор шувуу” гэхэд 2-3 дүрслэл зураад л болчихдог, өөрөөр хэлбэл зүсний олон хувилбар үзүүлдэггүй.

ТЭР ЧИГЭЭРЭЭ УТГАГҮЙ: Шувууны зураг маань 3000 хүрсэн бөгөөд түүний 2500 нь номонд орсон. Шувуу судлаач Абу надаас “Чи зурагт альбом хиймээр байна уу, хөтөч ном хиймээр байна уу” гэж асуусан. Мэдээж хэрэг “хөтөч ном” гэж хариулахад “тэгвэл эхэн үеийн зургуудаа соль” гэж хэлсэн. Нэг шувууг 20 гаруй удаа давтан зурсан ч байдаг. Алтайн хойлог шувууг 3 удаа зурсан. Эхнийх нь үлгэрийн номных шиг болсон. Хоёр дахь удаагаа зурахдаа Өмнөговь руу гадны шувуу ажиглагчийг дагуулж явангаа харсан дүр төрхөөр зурсан. Дараа нь хэд хэд хараад гурав дахь удаагаа зурахдаа арай нийцтэй аятайхан зурсан байдаг. Тэрхүү 3 дахь хувилбараа номондоо өгсөн. Алтайн хойлогийг яагаад тэгэж хичээж зурсан бэ гэхээр Монголоос тэр шувууг харах гэж жуулчид ирдэг, хэрвээ Монголын топ гэгдэх хойлог нь муу зурагдчихвал тэр ном тэр чигээрээ утгагүй болно гэж бодсон. Хөхтөн амьтдын хувьд 200 гаруй зураг зурсан. Монгол орон 147 хөхтөнтэй, харин гавлын ясыг нь оруулаад тооцохоор 300 гаруй зураг болно.

ШОНХОРЫН УРАЛДААН: Эрт үед шонхорыг аж ахуй, амин зуулганд зориулж гаршуулдаг байсан бол эдүгээ гоо зүй, хурд хүчний бэлгэдэл болгон сургаж тэмцээн уралдаанд сорьж байна. Шонхорын уралдаанд зөвхөн “үржүүлгийн шонхор”-ыг уралдуулдаг. Үүнийг дагаад шувуунд зүүдэг Америкийн GPS төхөөрөмж, шонхорын ферм зэрэг дагавар бизнесүүд хөгжиж эхэлсэн. Шонхорын уралдаанд зэрлэг байгалийн шонхорыг барьж уралдуулахыг хориглодог. Өөрөөр хэлбэл, байгалийн зэрлэг шонхорыг хүний зугаа цэнгэлд ашигладаггүй, хамгаалсан олон улсын конвенцууд байдаг, хуулиар хориглосон орнууд ч бий. Шонхорын уралдааныг  Арабын орнууд, Англи улс хөгжүүлж байна. Саяхан АНЭУ-д шонхорын уралдааны том стадион барьчихлаа. Казахстанд шонхорын 400 метрийн уралдааныг зохион байгуулдаг болсон. Уралдаанд заавал гарал үүслийн, аль фермийн шонхор вэ гэдэг бичиг хэрэгтэй. Уралдуулахдаа шонхорыг гараанаас нэг нэгээр нь тавьж, цаг минут харж дүгнэдэг. Зэрэг уралдуулна гэж байхгүй. Барианы хэсэгт далладаг, хадуурахгүй, тэгшхэн шулуунаар нисэж ирсэн нь түрүүлэх магадлалтай. Миний хувьд Саудын Арабт “шонхорын уралдаан”-д үржүүлгийн шонхороор оролцож үзсэн, маш сонирхолтой, өндөр ч шагнал урамшуулалтай юм билээ.

ШУВУУ ИДЭШТЭН: Бүргэд бол жижиг хөхтөн барьж иддэг, харин шонхор бол шувуу идэштэн буюу жижиг шувуу барьж иддэг. Тухайлбал, нугас, галуу, тагтаа ...  Дэлхий дээр 50 гаруй төрөл шонхор байдгаас Монголд 10 төрөл нь бий. Эгэл шонхор, Цагаан шонхор хоёр бол голдуу нугас барьж иддэг. Идлэг шонхор нь шувуунаас гадна мэрэгч барьж иддэг бөгөөд “Эгэл шонхор”-той харьцуулбал удаан, болхи. Шонхор бол маш зоригтой шувуу. Гэтэл Сар шувуу шонхороос том биетэй, мэрэгчдээр хооллодог махчин хэрнээ зориг муутай. Шонхор эргэн тойронд нь 40, 50 элээ хэрээ эргэлдэж адилхан өрсөлдсөн ч тэднээс айна гэж байхгүй, дундуур нь шунгинаж нисээд л өөрийнхөө өгөөшийг барьж аваад холдоод явчихдаг. Нэгэнт тухайн махчин шувуу өгөөшөө барьчихсан байвал бусад нь булааж дээрэмдэх гэж оролддоггүй. 

БАЙГАЛЬ УНШИХ: Монгол орон шувуудын зүйлийн бүрдэл харьцангуй цөөн ч гэсэн сонирхолтой. Жишээ нь Колумба улсад өдөрт бараг 200 орчим зүйл шувуу хардаг боловч амархан, элбэг харагддаг учир тухайн аялал зарим жуулчдад бага зэрэг сонирхолгүй. Монгол болохоор Алтайн өндөр уулсын шувууд, говийн шувуудаар жуулчдыг татна. Алтайн хойлог, Дагуур ятуу, Өгөөлэй шулганаа,  Говийн зэржигэнэ, Цагаан тогоруу, Алаг тогоруу, Цэн тогоруу, Монгол ногтруу, Хулан жороо, Козловын хайруулдай зэрэг нь онцлох шувууд болдог. Ургамал цэцэг хараад тухайн орчинд ямар шувуу байгааг таньж болдог. Ойн цоорхойд том нарс байвал “Нарсны шүршүү” байгаа, говьд бүйлс байвал “Хулан жороо” байгаа, шинэсэн ойд нэг арц, бас нэрсний өнжмөл бут байдаг тэр орчинд “Сойр” харагдах ёстой, өвөл цас ханзархай газруудаар “Цагаан шонхор” байх магадлалтай... гэх мэтээр шувуудыг орчинтой нь уялдуулан олж хардаг “байгаль унших” дадалд сурчихвал амархан хөтөч болж чадна.

ФЕРМИЙН ШОНХОР: Европчууд шонхор шувууг тахианы фермд шувуу үржүүлдэг шиг үржүүлдэг. Шонхор сургадаг /Falconer/ хүмүүст зарахаас гадна нисэх онгоцны буудлууд, тариалангийн талбайн хамгаалалтанд борлуулдаг. Монголоос бусад оронд нисэх онгоцны буудлууд нь шонхор ашиглаж бусад шувуудыг үргээлгэдэг. Шонхор ойролцоогоор 7-8 жил насалдаг. Хүний гар дээр хамгийн дээд тал нь 17 насалсан гэх баримт бий.  Арабууд Монголоос барьж аваад явсан шонхоруудаасаа сургаж байгаад буцааж Монголд авчирч тавьсан нь Өмнөговь, Эргэлийн зоо, Гүн галуутай зэрэг газарт өвөлжөөд байгаль дээр үүргээ гүйцэтгээд явж байгаа нь сансрын дамжуулагчаар тодорхой болсон. Миний хувьд байгалийн болон үржүүлгийн шонхорыг харьцуулан судлах сонирхолтой байгаа.

ШОНХОР СУРГАСАН: Нэг өдөр Монголын шувуулахуйн холбоог байгуулсан ах нар болох Болдбаатар, Мэндбаяр нартай танилцаж, тэд нартай холбоотой байж байгаад 2018 онд анх бие дааж шувуу сургаж үзсэн. Гэхдээ өөр хүний барьсан шувууг дасгаж сургасан. Шонхорыг байгалиас бариад тодорхой хэсэг хугацаанд сургаад буцаагаад байгальд нь тавихад хүндрэл гардаггүй. Шувууны зураг авах уу, зурах уу гэдэг сонголтоос зурахыг нь сонгосон. Хэрвээ гэрэл зураг авбал авсан зургаа дуурайгаад зурчихдаг гэж ярих болно. Мөн Жаргалсайхан ах, Идэрбат ах гээд маш мундаг зурагчдын зургийг хараад би фото зураг аваад утгагүй юм байна, аль хэдийнэ тэдгээр ах нар тултал нь авч байна шүү дээ гэж бодоод гэрэл зураг авахаас татгалзсан. Ер нь бусадтай адилхан бизнес хийх сонирхолгүй байдаг.

ШУВУУНЫ АСРАГЧ: Би 2015 онд МУИС-ийн “Байгалийн АЖ”-ын анги төгссөн. Оюутан байхдаа “Монголын шувуу судлалын холбоо”-нд элсэж Гомбобаатар багшийн шавь болж, дотоод гадаадын судалгааны ажлуудад оролцсоор ирсэн. Сүүлийн үед шувууны ном зэргээс болоод “биологич” нэр зүүчихлээ. Яг үнэндээ одоо МУБИС-ийн “биологийн магистр”-ын ангид суралцаж байгаа. Миний байгуулсан ТББ маань махчин шувууг асарч хамгаалах чиглэлээр ажилладаг. Янз бүрийн гэмтэл авсан шувуудыг асарч буцааж байгальд нь тавьдаг.