Ер нь бол дэлхийн статистик үзүүлэлтэнд хамгийн хэл амтай, хэрүүл зарга хийдэг жуулчид аль орных вэ гэсэн судалгаагаар итали жуулчид толгой цохидог. Хаана ч явсан тэгэж дүгнэгддэг. Италийн тур операторууд хүртэл өөрсдөө “манай жуулчид хэцүү шүү” гэж сануулдаг. Би өөрөө итали хүмүүсийн дунд амьдраад тэдэнтэй хамтарч ажиллаад удаж байна. Италичууд шаардлага өндөр, мөн чанга дуугаар харилцаагаа илэрхийлдэг болохоор тэгэж санагддаг юм болов уу гэж анзаарсан. Дууны интонаци нь тийм нөлөөтэй, гэхдээ түүний цаана ямар нэгэн муу санаа байхгүй. Хариуцлагатай, хурдан шуурхай байхыг шаарддаг хүмүүс. Хэрвээ тэдний шаардлагыг хурдан олж харж засаж залруулаад явахгүй бол амархан “дүрэлзчихдэг” зантай хүмүүс л дээ.
ШИЛДЭГ ЗАГВАР: Би уг нь хөнгөн үйлдвэрийн инженер, загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Зөвлөлтийн 3-р дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Украйны Хмельницкий хотын Ахуйн үйлчилгээний ИС-ийг дүүргэж мөн тус сургуульдаа магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлээрээ ажиллаж “Гоёл наадам”-д оролцож 1989, 1990 онд шилдэг загвар зохион бүтээгчийн шагнал авч байлаа. Дипломын ажлын сэдэв маань “Европ хувцсан дээр монгол үндэсний деталь оруулах нь” гэдэг нэртэй байсан. Гоёл наадмын шагнал хүртсэн загварууд маань ч энэ сэдвээрээ байсан. 1989 онд зураач Энхтүвшин агсантай хамтарч жинсэн материал дээр тулгуурласан аяллын хувцасны загвар гаргаж “Аянчин жуулчин” гэсэн цомгоор оролцсон. Дараа жил нь загвар зохион бүтээгч Соёлмаатай хамтран ажилласан. Тийм учраас өнөөг хүртэл энэ сэдвээ хаяагүй, аль болохоор одоо ч өөрийнхөө хувцас хэрэглэлд шингээж ирсэн. Европ хувцсан дээрээ үндэсний жаахан хэв маяг, хээ хуар зэргийг оруулчихаар италичууд, европчуудын нүдэнд шууд өртөж тусдаг.
ЗОГСОХЫГ ХҮСЭЭГҮЙ. Ийнхүү мэргэжлээрээ ажиллаж байсан чинь 1990 оны нийгмийн өөрчлөлтөөс болж үйлдвэрүүд зогсонги байдалд орж эдийн засгийн хямрал эхэлсэн. Би өөрөө их хөдөлгөөнтэй хүн учраас дагаад зогсонги байдалд орохыг хүсээгүй. Монгол улс зах зээлд шилжсэний дараа Итали улсын Перужа хотын Гадаад иргэдийн ИС-ийг итали хэл судлалаар төгссөн. Одоо “Made in Italy, cibo e ospitalita”-д АЖ-аар давхар суралцаж, Казахстан улсын Алматы хотын Олон улсын харилцаа, дэлхийн хэлнүүдийн Абылай хааны нэрэмжит ИС-ийн АЖ-ын тэнхимд “Казахстаны түүх, газарзүйн судалгааны дадлага” хийж байна. Италичуудтай холбогдсоноос хойш, аялал жуулчлалын салбарт ажилласнаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Аяллын хөтчөөс эхлээд албан ажлын орчуулгуудыг 3 сараас эхлээд 10, 11 сар хүртэл хийдэг. Итали жуулчид ааштай болохоороо олуулаа групп болж ирээд байдаггүй. Найзуудаараа, гэр бүлээрээ голдуу ирдэг онцлогтой. Ямар нэгэн хамтын ажиллагаа, Итали орныг сурталчлах, Италийн урлаг, соёлыг түгээх зорилготой албан журмаар ирж байгаа тохиолдолд л 50-150 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй ирэх тохиолдол бий.
САН РЕМОД ХӨТЛӨГДСӨН. Итали дуунаас болж хэлийг нь сурах сэдэл төрсөн. Анх 1975 онд гоё аялгуутай 2 дуу сонсоод итали хэл дээр дуулж байгааг мэдээгүй, ая нь байн байн аманд аялагдаад хоногшчихсон байсан. Дараа нь 1979, 80 оноос Сан Ремо наадмыг сонсдог болж чухам юуны тухай дуулаад байгааг нь ойлгох юм сан гэсэн хүсэлдээ хөтлөгдсөөр Монголын хамгийн анхны итали хэлний курст элсэн суралцсан. Миний хайртай багш Батжаргал анх энэ курсыг нээсэн бөгөөд 60 суралцагчаас эцсээ хүртэл явсан нь гуравхан хүн байлаа. Тэр гурван хүний нэг нь би байсан, тэр цагаас Батжаргал багш маань намайг урамшуулан Итали орон, итали хэлтэй холбоотой бүхэнд зүглүүлж өгсөн билээ. Итали хэл сурахад хэцүү байгаагүй. Италичууд их яриасаг, би өөрөө бас яриасаг учраас нэг л мэдэхэд ярианы эвээ олчихсон байсан.
МӨС БАЙСАН. Батжаргал багшийн маань хоёр зочин ирж би анх удаагаа хөтчөөр явах болж Монголын аялал жуулчлалын салбарт хөл тавилаа. Алдарт Ёлын амны хавцалд очиж үнэхээр зуны турш мөстэйгөө байдгийг 8-р сард үзэж билээ. Хагас шок байдалтай эхлүүлсэн аяллаасаа их зүйл сурсан. Итали хэлээрээ хагас дутуу нэвтрэлцээд байсан хэдий ч Монголынхоо тухай, аялж байгаа газруудынхаа талаар ямар ч мэдлэггүй байсан. Мэдэхгүй бол, судлахгүй бол амар ажил биш болохыг мэдсэн. Дараагийн аялал нь 3 хоногийн дараа Жуулчин компанийн зочдыг аваад хөдөө гарах байлаа. Тэр гурав хоногт А.Амар сайдын бичсэн түүхийн номыг олж аваад өдөр шөнөгүй уншиж, хагас галзуугийн дүртэй болчихсон аялалдаа бэлдэж билээ. Тэр үед түүхийн ном ч ховор, итали хэлтэй хүн ч цөөхөн байсан. Итали хэлний 5,6-хан хүн байсан нь бүгд ГХЯ гэх мэт төрийн албанд ажиллаж байв. Тэдний дараа үед нь би хамаарах байх. Одоо бол итали хэлтэн олон болсон.
ГҮРЭН УЛС БАЙСАН ГЭЖ СОНИРХДОГ. Ингэж би 1991 оноос аялал жуулчлалын салбарт хөл тавьсан. Тэр үед Жуулчин компанид одоогийн Нью Жуулчин компанийн Нэргүй гуай, Дэлгэрсүрэн гуай, Дефакто Жаргалсайхан, испани хэлний Батболд ах гээд олон томчууд ажиллаж байсан. Итали хэлтэй хөтөч байгаагүй нь миний хувьд том боломж болсон. Одоо манай салбарынхан намайг “Том Нямаа, Итали Нямаа” гэж нэрлээд заншжээ. Итали жуулчид Ромын гүрэн байсан гэдэг утгаараа түүхэнд “эзэнт гүрэн” байсан улс орнуудын түүхийг их сонирхдог. ХХ зууны Европын хөгжилд ч италичууд нөлөөлсөн. Тийм ч учраас түүхийн мэдлэг сайтай, “Монголчууд нүүдэллэж явахдаа хэрхэн яаж дэлхийн талыг эзэлж эзэнт гүрэн байгуулж чадав” хэмээн их сонирхдог.
УГ НЬ БҮЛЦЭН ГЭЖ БАЙСАН. Плано Карпини Монголын эзэнт гүрэнд 1246 онд ирсэн. Түүний бичсэн “Монголчуудын түүх” номыг эх хэлнээс нь орчуулаагүй байсан. Мөн 800 жилийн өмнө Гүюг хаанаас илгээсэн захидлыг Ватиканы сүмд аваачсанаас хойш мөн монгол хэлнээ орчуулаагүй байсан. Энэхүү номыг эх хэлнээс нь монгол хэл рүү орчуулсан анхны тохиолдол нь миний орчуулгын ажил болсон юм. Өмнө нь нэг орчуулга байсан боловч тэр нь 5 хэл дамжсан орчуулга байсан. Олон хэл дамжиж орчуулснаас гадна социалист нийгмийн цензур, хяналт тавигдсан учраас агуулга нь ихээр хасагдсан байсан. Монголчуудыг сайн сайхан талаас нь бичсэн зүйлсийг хасаад зэрлэг бүдүүлэг, галзуу, заваан гэсэн агуулгыг онцолсноос гадна тэс буруу орчуулсан өгүүлэмж ч багагүй байсан. Тухайлбал, монголчуудын сормуус нь хөмсгөө хүртэл дэрэвгэр гэж орчуулсан байсан. Монголчуудад тийм урт сормуус байхгүй шүү дээ, гэтэл эх хэлэн дээрээс нь харахад “монголчууд сормууснаасаа хөмсгөө хүртэл бүлцэн” гэдэг агуулга байсан. Олон хэлний орчуулга бол хэзээ ч 100% зөв байдаггүй гэдгийн жишээ энэ юм.
ЭХ ХЭЛНЭЭС ЭХ ХЭЛ РҮҮ: Энэ номыг орчуулаач гэдэг саналыг анх 2000 онд надад тавьсан. Плано Карпинигийн төрсөн газар болох Мажоне хотын “Плано Карпинигийн нэрэмжит хороо” хэмээх ТББ-ын үүсгэн байгуулагч Умберто Маннокки, Жампиетро Киодини нараас ирсэн санал байлаа. 800 жил өнгөрчихөөд байхад итали хэлнээс буюу эх хэлнээс нь монгол хэл рүү орчуулаагүй байсан. Миний хувьд итали хэлээ сайжруулах, шалгах зорилгоор энэ сорилтыг хүлээн авсан. Итали хэлний эртний үг хэллэг буюу XIII зууны үеийн түүх өгүүлэх текст учраас заримыг нь италичууд өөрсдөө ч ойлгохгүй, мэдэхгүй байсан. Эхлээд итали хэл дээрх уг агуулгаа ойлгохын тулд бүтэн жилийг зарцуулж, итали хэл уран зохиолын нэгэн багштай хамтран ажилласан. Ажлынхаа чөлөө заваар, оройн цагаар сууж тал хуудас ч болтугай орчуулсаар нэг мэдэхэд 4,5 жил зарцуулсан байв. Тэгээд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан амжиж хэвлүүлсэн. Бира гуай, Батжаргал багш маань редакторлаж, Мажоне хотын хүмүүс ч оршил үгээ бичиж өгсөн. Номоо хэвлүүлсний дараа эргээд харахад монголчуудыг анх удаа өрнөдийн хүний нүдээр харсан анхны түүхэн баримт байсан гэдгийг ойлгосон.
ТАГНУУЛЧИЙН ТАЙЛАН: Плано Карпини бол Италийн ивээн тэтгэгч Гэгээн Францискогийн дотно найз байсан. Тэрбээр зохиолч ч биш, Иннокентийн IY хамба ламын захидлыг авч явсан захиа зөөгч ч биш, элчин сайд ч биш, даалгавар авсан “тагнуулч”-ийн үүрэг хүлээж Монголын эзэнт гүрнийг зорьсон хүн байсан. Монголчууд гэж ямар хүмүүс байдаг вэ, тийм аймшигтай юм уу, тэдэнтэй ярьж хөөрч болдог юм уу, тохиролцож болдог юм уу, ааш зан нь ямар хүмүүс болох, яаж байлддаг хүмүүс вэ гэдгийг судлаад ирэх даалгавартай байсан. Яагаад Плано Карпиниг сонгосон бэ гэхээр хүмүүстэй эвийг нь олж харилцаж чаддаг, бусадтай ойлголцох чадвартай байсан гэдэг. Түүний бичсэн “Монголчуудын түүх” ном нь даалгавраа биелүүлээд буцсан “аяллын бодит тайлан” байсан. Харин Марко Пологийн тэмдэглэлийг судлаачид “уран зохиол” гэж дүгнэсэн.
ВАТИКАНД ЕРДӨӨ ХОЁРХОН. Ватиканы нууц архивт хоёрхон монгол хүний бичгийн эх хадгалагддаг. Нэг нь Гүюг хааны хариу захидал, нөгөө нь миний орчуулсан номын эх. Монголын хаадуудтай харилцаж байсан захидлууд олон байдаг ч Ватиканы архивт байгаа нь ердөө хоёрхон эх сурвалж юм. Харин Францад бол Монголын их хаадын хэд хэдэн захидлууд эхээрээ бий.