Хөвсгөл тэрэл ХХК-ийн захирал Ш.Пүрэвдорж: Швейцарь улсын нэг жуулчин 1995 онд Хөвсгөл нуурт аялахаар ирж, түүнд Монгол орон маш их таалагдсан тул дараа жилүүдэд дараалан ирсэн. Энэ хүнтэй тэр үеэс эхлэн найз болж Монгол орон ялангуяа Хөвсгөл нуурыг хамгаалахад хэрэгтэй нэг ажил санаачилж хийе гэж ярилцсан.
ХОЁР НАРНЫ ХООРОНД: Тэгээд 1999 онд “Хоёр нарны хооронд” – олон улсын холын зайн марафон гүйлтийн тэмцээнийг (
www.ms2s.dk,
Facebook.com: Mongolia Sunrise to Sunset) Тойлогт баазад анх зохион байгуулснаас хойш 23 жил тасралтгүй хийж байна. Энэ тэмцээнийг зохион байгуулсны гол зорилго нь тэмцээнээс олсон орлогоороо байгальд хоргүй тусгай хогийн уутыг гадаадаас захиалан авчирч Хѳвсгѳл нуурын нэвтрэх цэг дээрээс амарч аялахаар ирж байгаа гадаад, дотоодын амрагч нарт тарааж, буцаад гарахдаа уг уутанд хийсэн хогоо нэвтрэх цэг дээр авчирч өгөхийг ялангуяа монгол амрагч нарт уриалж, байгальд хог хаяхгүй амарч сургахад чиглэгдсэн байсан.
ХОРГҮЙ ХОГИЙН УУТ 190 000: Марафонд жилд дунджаар 100 орчим гадаадын 58 орны холын зайн гүйлт сонирхогч нар Хөвсгөл нуурын хог хаягдалтай тэмцэх уриаг дэмжин оролцдог. 1999 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд бид байгальд хоргүй хогийн уут 190000 ширхэгийг тарааж 6800 тонн эзэнгүй хогийг ачааны машинаар Хѳвсгѳл нуурын Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрээс Хатгалын хогийн цэг рүү зөөсөн байна. Энэ ажилд бид 23 жилийн хугацаанд 1.4 тэрбум төгрөгийг марафоноос олсон орлогоосоо гаргажээ.
ЖУУЛЧДЫН 1.6 САЯ ДОЛЛАРЫН ХАНДИВ: Загасчлах аяллын төрлийг хөгжүүлэх зорилгоор 1992 оноос гадаадын загасчдыг Эг, Үүр, Идэр, Чулуут, Дэлгэрмөрөн голууд дээр авч эхэлсэн бөгөөд Монголд fly fishing хийдэг жуулчдыг авчирч загасаа бариад буцааж тавьдаг байгальд ээлтэй загасчлалын төрлийг хөгжүүлж байна. Тус компани загасчлуулахын зэрэгцээ дэлхийд ховордож байгаа Тул загасаа нутгийн иргэдтэй хамтран хамгаалах, дэлхийн тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран судлах зорилгоор байгаль хамгаалах “Монголын тул сан” ТББ-ыг (
www.Facebook.com Taimen Conservation fund) 2002 онд санаачлан байгуулж гадаадын байгууллага, компани, гадаад жуулчдын 1.6 сая долларын хандив, буцалтгүй тусламжаар загасаа хамгаалах, судлах ажлыг өнөөдрийг хүртэл хийж байна.
УРТ НАСАЛДАГ Ч ӨСӨЛТ УДААН: Дэлхий даяар өнөөдөр загасны нөөц ихтэй болон ховор төрлийн загас бүхий орнуудад ихэвчлэн бариад буцааж тавьдаг спорт загасчлал давамгайлж хүн байгальтайгаа харьцах утгаар хөгжиж байна. Манай оронд байдаг тул загас дэлхийн ховор загасны тоонд багтаж олон орны загасчдын мөрөөдөж барьж үзэх загасны тоонд орж байна. Зах зээлд шилжих үеэр Монголчууд буга согоогоо хороосон шиг тул загасны нөөцөө мөн эгзэгтэй түвшинд очтол хороосон. Бидний олон орны эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгаагаар тул загас нь урт насалдагийн зэрэгцээ өсөлт маш удаан загасны төрлийн нэг юм. Ийм учраас Монголчууд загасны нөөцөө ялангуяа тул загасаа хайрлан хамгаалж нөөцийг нь нэмэгдүүлж чадвал Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэх боломжтой.
ФЛАЙ ФИШИНГИЙН ХОЛБОО: Бидний загасчлалын талаар хийж байгаа бас нэг ажил бол манай монгол залуу загасчдад зөв зохистой загасчлалыг зааж сургах, загасаа хайрлах үзэл төлөвшүүлэх зорилгоор Монголын флай фишингийн холбоог (Facebook: Монголын флай фишингийн холбоо Mongolian fly fishing association) 2014 онд үүсгэн байгуулж сургалт явуулж уралдаан тэмцээн зохион байгуулж байна. Зарим үр дүн гарч Монголд загасаа хайрладаг, бариад буцаан тавьдаг загасчдын тоо нэмэгдэж байна.
ӨСӨЖ ӨНДИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. Аялал жуулчлалын компаниудад төрөөс үзүүлэх дэмжлэг учир дутагдалтай, бараг байхгүй шахуу юм. Төрийн олон байгууллагуудын давхардсан шалгалт нь бидний хөлсөө дуслуулан зүтгэж буй байгууллагууд руу чиглэгддэг. Дээд түвшиндээ давхардсан шалгалтыг бууруулна гэж ярьдаг боловч дунд, доод шатандаа хэзээ ч хэрэгждэггүй. Жуулчны баазууд ихэвчлэн Тусгай хамгаалалттай газарт байрладаг учраас үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд авдаггүй, өсөж өндийх бизнесийн зээл олддоггүй.