ТА АЯЛЛАА ҮҮСГЭ, БИД БОРЛУУЛЪЯ

Миний хувьд Joinme.mn платформыг үүсгэн байгуулагчдын нэг. Үүнээс өмнө би IT компаниудад ажилладаг байлаа. Тэр үед хамтран үүсгэн байгуулагч Цэрэнбат миний ажиллаж байсан компаний сургалтанд сууснаар танилцсан. Бид нар Эрдэнэзуу хийдийн “Торгоны зам” төсөл дээр, дараа нь “Арт 88” төсөл дээр хамтарч маркетинг хийсэн. Тэр үед олон контентын санаанууд гарч, тэдгээрийг яах вэ гэж ярилцах үед facebook page байх уу, facebook group байх уу гэж явсаар байгаад салбарын маш олон асуудлыг хөндөх шаардлагатай болсон.

ПЛАТФОРМ ГЭЖ ШИЙДСЭН. Travel hub Mongolia вебсайтыг хийхээр болж тэр ажил дээр Э.Цоморлиг багш нэгдэж орж ирсэн. Тэгээд дата сан бүрдүүлчихээд тэрийгээ яах вэ, хэрхэн маркетинг хийх вэ гэх мэтээр ярилцсаар эцэст нь Joinme.mn платформыг үүсгэх санаачилга гарч “shoppy.mn” платформыг татаж оруулсан. Тэдэнтэй уулзаад бизнес моделоо өөрчлөөд шууд бараа бүтээгдэхүүн борлуулж үзье гэж шийдсэн. Joinme.mn платформ 2020 оны 5 сараас албан ёсоор ажиллаж эхэлсэн.

ТУРШИНА, НОТОЛНО. Одоогийн байдлаар дижитал бизнесийн ертөнцөд хоёр төрлийн компани өрсөлдөж байна. Нэг дэх нь хүсэл зорилго дүүрэн залуучуудаас голдуу бүрэлдсэн старт ап компани, хоёр дахь нь нөөц боломж сайтай, хөрөнгө мөнгөтэй корпорациуд өрсөлдөж байна. Старт ап компани болохоор энэ бизнес болох юм уу, болохгүй юм уу гэдгийг шууд туршиж, нотлох гэж оролдоод явдаг. Харин корпорациудын хувьд энэ салбар руу орохоос өмнө энэ бизнесийг хийж болох уу, болохгүй юу гэдгийг судлаад “болно” гэж үзвэл маш их хөрөнгө мөнгө хаяж оролцож байна. Тэгэхээр Joinme.mn платформын хувьд бизнес моделийг туршиж үзэж, нотлох гэж зорьж явна. Залуу хүмүүсийн хүсэл зорилго дээр явдаг учраас манай баг 7-гоос дээш хүнтэй байгаагүй, заримдаа 3-уулхнаа ч ажиллаж байсан. 

АЯЛЛЫН 40%. Shoppy.mn дээр туршигдсан платформыг ашигласан нь зөв болсон. Системийн ачаалал даагаад сурчихсан, банкны зээлээс гадна дараа төлөлтийн аппликейшнуудад холбогдчихсон байсан учраас хүмүүсийн хэрэглэж буй бүхий л төрлийн апп дээр Joinme.mn платформыг суулгаж өгөхөд хялбар байсан. Мөн Хаан банкны social pay, most money гээд бүгдтэй нь хамтран ажиллаж төлбөрийн системийг бий болгосноор манай платформ дээр борлуулагдсан нийт аяллын 40% нь энэхүү аяллын зээлийн нөхцөлийг ашигласан. 

ТУР ОПЕРАТОРУУДТАЙ: Тур операторуудын хувьд инбаунд зах зээл дээрээ  ханачихсан байдалтай, эрж хайсан “өлөн” биш, цовоо сэргэг биш, платформыг хэрэглэж үзээгүй хэрнээ айдастай, зарим нь Joinme.mn-ийг өрсөлдөгч гэж харсан, уламжлалт хэрнээ баригдмал технологитой, тэрэндээ дасчихсан, бараа бүтээгдэхүүн нь хуучирсан ч тэрийгээ л хийдэг, шинэ бүтээгдэхүүнд дуртай биш, дассан ахуй соёлоороо л явж байгаа дүр зураг мэдрэгдсэн. Харин шинээр  аялал жуулчлалын зах зээл дээр орж ирж байгаа залуучууд бол арай соргог, шинэлэг зүйлд дасан зохицох чадвартай байгаа нь ажиглагдсан. 

ЭКСПЕРТ БУЮУ ЗӨВЛӨХ. Салбарын эксперт буюу зөвлөх, судлаачидтай хамтран ажиллахыг хичээсэн. Технологийн шилжилтийг нэг их тоодоггүй, нэлээд завгүй байдаг хүмүүс юм уу гэж бодсон. Бид нар medium.mn шиг өөрийн акаунтаар ороод бэлдсэн мэдээлэл нийтлэлээ чөлөөтэй оруулах, шэйрлэж түгээж болдог бүтцийг бий болгож өгсөн. Апп лист үүсгээд экспертүүдэд мэдэгдсэн. Харамсалтай нь экспертүүд хангалттай хэмжээнд хэрэглээгүй.

АЙМГУУДЫН БОАЖГ: Аймгуудын БОАЖГ-тай хамтран ажиллах гэж оролдсон. Платформ дээрээ тухайн аймгуудын аялал жуулчлалын шилдэг газар бүхий маршрутыг байрлуулж борлуултанд оруулахыг хичээсэн. Гэвч тухайн аймаг орон нутгийн хүний нөөцийн дутагдал, чадвар чадамж нөлөөлсөн байх, мөн төрийн ажлын ачааллаас болоод удааширсан. Гэвч энэ намраас дахин идэвхжүүлнэ гэж бодож байгаа.

СЭЛБЭГДЭНЭ, ЭСВЭЛ ХОЦРОГДОНО. Өнөөдөр start up компани, IT компаниудын эхний үеийн давалгаа явж байна. IT компаниудын технологи дээр суурилсан “дижитал шилжилт”-ийн бизнесүүд одоохондоо мөнгө олж ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Сүүлийн үед дижитал бизнест томоохон корпорациуд хөрөнгө оруулж байгаа нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйг олж харсан учраас юм. Хэдхэн жилийн дараа Монголын бүх том бизнесмэнүүд платформууд, байршуулах хэрэгсэл, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ рүү сонирхолтой хэлбэрээр орж ирэх байх. Тэр үед одоогийн уламжлалаа хадгалсан аялал жуулчлалынхан байр сууриа алдаж шинээр түрэн орж ирэгсэдтэй солигдох байх гэж урьдчилан харж байна. Хэрвээ баригдмал сэтгэлгээнээсээ салж чадвал цус холилдож сэлбэгдэнэ, үгүй бол хоцрогдоно гэсэн үг.

БҮГД БОРЛУУЛЖ ЧАДНА.  Online travel agency, Hotel & camp, Horeca soft бүртгэлийн програм гэсэн гурван талт хамтын ажиллагаа маш чухал. Буудал, баазууд өөр дээрээ хямдрал зарлачихаар дараачийн хэрэглэгчийг яах вэ гэдэг асуудал үүснэ. Одоохондоо Монголын зочид буудлын борлуулалтын бүртгэлийн системийн 90% нь excel програм дээрээ л байна. Хэн нэгэн хүн өрөө захичихаад ирэх үгүй нь мэдэгдэхгүй, тухайн өрөөг байлгаад байх хэцүү нөхцөл үүсдэг. Харин Horeca soft программын хувьд хэн ч хаанаас ч өрөө захиалахад буудлын нэгдсэн систем дээр тэр өрөө борлуулагдсан харагдана /бүүклэгдэнэ/, давхцал үүсэхгүй, харж тулгах, лавлаж шалгах шаардлагагүй гэсэн үг. 

HORECA SOFT: Horeca soft бүртгэлийн програмыг ашиглан зочид буудлууд ч, аяллын компани ч, joinme ч,  I-trip ч, Tapa trip ч бүгд тус тусын платформ дээр, цахим хуудсан дээр өрөө зарж болно гэсэн үг. Буудлын эзэн ч гэсэн өөрийнхөө өрөөнүүдийн борлуулагдсан байдлыг харж чадна, ажилтан ч харж чадна, буудлын захиалга хийдэг бүх компани харж чадна, платформууд ч харж чадна. Joinme.mn дээр өрөө бүүклэгдэхэд автоматаар буудлын нэгдсэн систем дээр ч адилхан тэр буудлын өрөө бүүклэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг дата бааз дээр олон талаасаа ажиллаж байна гэсэн үг. Гэвч өнөөдөр зочид буудлууд үүнийг ойлгохгүй яваад байна, ашигтай хэрэгтэй гэж харахгүй байна. Харин ганц нэг том буудлууд ойлгоод энэ систем рүү орж эхэлж байгаа.  

АСУУДАЛ ЭНД Л БАЙНА. Монголд “дижитал захиалгын систем”-ийн хувьд хэрэглэгч буюу захиалагч нь хангалттай байна. Харин бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч буюу буудлууд, баазууд, тур операторууд, орон нутгийн БОАЖГ-ууд, бусад аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд үүнийг ойлгохгүй байгаад байна, асуудал энд л байна. Дижитал платформууд бол технологийн хувьд асуудалгүй болсон, харин нийлүүлэгчид хэзээ ойлгох бол гэж хүлээсээр байгаа.

НАЦАГАА-ТАЙ 15 САЯ:  Салбарынхаа тоглогч нарыг нэмэхийн тулд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж ажиллаж байна. Жишээ нь, Play time наадмын Ц.Нацагдорж захирал joinme платформ дээр аялал үүсгэж Португал руу 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр хөгжмийн фестиваль үзэх гэж аялсан. Нацагаа гэдэг хүнтэй хамт явах нь маш өөр зүйл байсан. Хөгжмийн мэдлэг эрс өөрчлөгдсөн, орой болгон Португалийн хөгжмийн фестивалийн тайзуудаар тоглох бүх хамтлаг дуучдын үүх түүх, дуу хөгжмийнх нь онцлог, дууны бүтцийг нь хүртэл тайлбарлан танилцуулж, урьдчилан сонсгодог байсан. Нацагаа гэдэг хүнд дуу хөгжмийн тухай асар өргөн мэдлэг байна, тэр хүнтэй хамт тайзуудаар аялсан тэр аяллын үнэ 15 сая төгрөг байсан. Энэ аяллыг борлуулах нь манай joinme-д ч сонирхолтой байсан.

ОРОН ЗАЙ БИЙ. Joinme платформ яагаад эвэнт аялал руу орсон бэ гэхээр салбарынхны ойлгохгүй байгаа, хэн ч хийхийг хүсэхгүй байгаа тэр орон зайг өөрсдөө “ашиглаж” ойлгуулахыг хүссэн.  Шинэ эвент, шинэ бизнес аяллаас өгсүүлээд энэ салбарт хийж болох маш олон сэдэвтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлт байна аа гэдэг мессежийг өгөхийг хүссэн. Joinme.mn плаформ бол танай бүтээгдэхүүнийг хамгийн олон туршигдсан сувгаар, төлбөрийн хамгийн таатай нөхцөлүүдээр борлуулж өгөх болно. “Чаддаг нь чаддаг зүйлээ хийх” гэсэн үзэл санааны дагуу бид нар үндсэн платформын бизнесээ хөгжүүлээд тур оператор компани нь аяллын бүтээгдэхүүнээ хийгээд явах нь хамгийн зөв болно.