Монголын ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх: Монгол Улсад хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарт нийт 8500 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд маш хурдацтай өсөн хөгжиж байгаа. Үүнийг дагаад зочлох үйлчилгээний салбарын технологи, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэгч, дотоодын үйлдвэрлэгч нар ч олноор нэмэгдэж байна. Салбар хурдацтай хөгжихийн хэрээр бидэнд илүү сайн суралцах, шинэлэг үйлчилгээ, технологи, санааг нэвтрүүлэх хэрэгцээ тулгарч байдаг.
Бидний хувьд анх хоол үйлдвэрлэлийн салбарт бизнесийн гараагаа эхлүүлсэн цагаас ОХУ, АНУ, БНХАУ зэрэг улс орнуудын үзэсгэлэн яармаг, сургалтуудад тогтмол хамрагдаж, үйлчилгээгээ сайжруулахыг зорьж ирсэн. Тэдгээр үзэсгэлэн, мэргэжлийн сургалтууд бизнес эрхлэгч, салбарын ажилтнуудад сурч хөгжих, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх, хамтдаа өсөн дэвших олон боломжийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой байсан.
МЭРГЭЖЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БАЙГААГҮЙ. Монголд уул уурхай, мэдээлэл технологи зэрэг бусад хөгжиж буй салбарууд дийлэнх нь нэгдсэн үзэсгэлэн, чуулга уулзалт, мэргэжлийн ЕХРО зохиодог боловч зочлох үйлчилгээний салбарт байдаггүй байсан. Тиймээс, бид зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, рестораны бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгч, мэргэжлийн болон салбарын боловсон хүчнийг нэгэн дор цуглуулж, өөрсдийн бизнестээ тулгарч буй асуудлаа ярилцаж, гарц хайх, салбарын хөгжлийг хамтдаа тодорхойлох, мэдлэг туршлага, ур чадвараа хуваалцах, өрсөлдөх, хамтрагч түншээ олох, хөрөнгө оруулалт татах зэрэг боломж бүхий мэргэжлийн үзэсгэлэнг зохион байгуулахаар санаачилсан.
ЗУРГААН САРЫН БЭЛТГЭЛ: Resto EXPO үзэсгэлэнг 6 сарын хугацаанд бэлтгэл ажлыг хангаж, 2018 оны 9-р сард амжилттай зохион байгуулсан. Resto EXPO бол зөвхөн ханган нийлүүлэгч, бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах бус салбарын оролцогч талуудыг бүгдийг хамруулах боломжтой анхны мэргэжлийн үзэсгэлэн болсоноороо онцлог юм. Бид Resto EXPO мэргэжлийн үзэсгэлэнг цаашид 2 жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас хойшилсон. Одоогоор хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын бизнесүүд хэвийн үйл ажиллагаандаа шилжих, тогтворжих, борлуулалтаа нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлууд байгаа. Иймд бид салбарын нөхцөл байдал илүү тохиромжтой болох үед Resto EXPO-г дахин зохион байгуулна. Мөн сүүлийн жилүүдэд HoReCa институт, зочлох үйлчилгээний сургалт хөгжлийн төвийн хамт олон HoReCa EXPO-г өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байгаад баяртай байдаг.
ТӨГСӨГЧИД ШААРДЛАГА ХАНГАДАГГҮЙ. Монгол Улсад орчин цагийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсгэн байгуулагдаад 100 жил болсон ч салбарын мэргэжилтэн, ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоо олон улсын түвшинд хүрэхгүй байгаа. Мэргэжлийн сургууль, сургалтын төвийг төгссөн төгсөгч нар мэдлэг, ур чадварын хувьд хангалтгүй байгаа нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хамгийн том бэрхшээл болж байна. Бид жуулчинд үйлчилдэг байгууллагын хувьд улс орны хөгжлийн нүүр царай болохын зэрэгцээ зочид, жуулчдын сэтгэл ханамж, аюулгүй байдалд шууд хамааралтай байдаг.
CROCUS EVENT HALL: Бизнес аялал жуулчлал буюу MICE tourism зарим улс орнуудын хувьд аялал жуулчлалын салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг болон хөгжсөн байдаг. Манай улсын хувьд төдийлөн хөгжөөгүй боловч сүүлийн жилүүдэд анхаарлын төвд байгаа салбарын нэг. Олон улсын томоохон конференци, чуулга уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа нь сайшаалтай хэрэг. Crocus Event Hall төслийг эхлүүлсэн нэг шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Улаанбаатар метрополис хот хэдий ч олон хүний багтаамжтай хүлээн авалтын танхим дутмаг байгаад үндэслэн уг төслөө санаачилж байсан. Crocus Event Hall бүрэн хүчин чадлаараа 2000 хүнийг нэг дор хүлээн авах боломжтой.
MICE ХӨГЖИНӨ. Монгол Улс сүүлийн 10 жилийн гаруй жилийн хугацаанд гадаад ертөнцөд хурдацтай танигдаж, бизнес, хөрөнгө оруулалтын хүрээнд олон улсад анхаарлын төвд байгаа. Энэ ч утгаараа цаашид бизнес аялал жуулчлал хурдацтай хөгжих болов уу. Олон улсын сүлжээ зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын бизнес, франчайзууд ч Монголд үүд хаалгаа нээж байгаа нь цаашид хөгжих суурь нь болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
АНХНЫ ФРАНЧАЙЗ РЕСТОРАН: Монголд анхны Франчайз рестораныг нээж, тухайн системээр дамжуулан сургалтын нэгдсэн систем болон олон мэдлэг, know-how нэвтрүүлж чадсанаараа анхдагч бөгөөд салбартаа тэргүүлэгч нарын нэг болж байсан. Номадсын сүлжээ ресторануудын хувьд энэ салбарт 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд анх эхлэхдээ мэргэжлийн бус хэдий ч хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, чадварлаг багтай байсан. Бид маш их судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хийж, ажилтнуудаа олон улс, орнуудад туршлага судлуулах, аялал, сургалтанд хамруулах, гадаад мэргэжилтнүүдийг урьж ирүүлэх зэргээр ажилд орсон залуучуудад сурч, хөгжих боломжийг олгож байсан нь олон жил тогтвортой, амжилттай ажиллахад үндсэн суурь болсон гэж боддог.
ДАН ГАНЦ БАЙГАЛЬ БУС: Аялал жуулчлалын салбар хөгжсөн улс орнуудыг ажиглахад дэд бүтэц, ажиллах хүч, салбарын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг урт хугацаанд тогтвортой бодлогоор дэмжсэний үндсэн дээр амжилтанд хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, жуулчдыг татахад дан ганц үзэсгэлэнтэй байгаль, эсвэл үзвэр үйлчилгээ хангалтгүй юм. Хямд, аюулгүй найдвартай агаарын ба газрын тээвэр, визний таатай нөхцөл, дэд бүтэц, жуулчдыг татах сурталчилгаа, таниулах ажил, жуулчны бааз, зочид буудал, салбарын ажиллах хүчний хүрэлцээ ба ур чадвар зэрэг цогцоороо хөгжиж байж тэргүүлэх салбар болж чадна.
САЛШГҮЙ ХАМААРАЛТАЙ. Салбарын бодлогыг тогтвортой болгох, мэргэжлийн холбоо, мэргэжилтнүүдийн санал, оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, нөгөө талаар хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү сайжруулах, ажилтнуудаа сургах, хөгжүүлэх зэрэг оролцоо Монголд аялал жуулчлал хөгжихөд чухал нөлөөтэй. Аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд зочлох үйлчилгээний салбар салшгүй хамааралтай байх болно.