ГАДАГШ ЧИГЛЭСЭН МӨНГӨН УРСГАЛААС “САН” ҮҮСГЭХ ХЭРЭГТЭЙ

Жуулчин компаний захирал байхдаа 2008 онд анхны чартер нислэгийг Чежү рүү хийж байсан. Тэр үед 609 долларын аяллыг МИАТ компаний нислэгээр зохион байгуулж байсан нь хамгийн анхны аялал байлаа.

АНХНЫ ШУУД НИСЛЭГ: Аутбаундын зах зээл дөнгөж эхэлж байсан цаг үед нэг онгоц дүүргэж нисгэсэн нь чартер буюу шууд нислэгтэй аяллын хувьд бараг анхалсан гэж хэлж болох байх. МИАТ-ийн 300 хүний суудлыг дүүргэж чадах болов уу, яах бол гэсэн айдастай эхэлж байсан. Амжилттай болсон учраас тэрнээс хойш бүтэн онгоцоор нь аялуулж болох юм байна гэж үзсэн. Өмнө нь хамгийн ихдээ гэхэд 40 хүнтэй групп аяллыг онгоцоор, галт тэргээр, автобусаар зохион байгуулж байлаа.

LET’S TRAVEL БА ХААН ТРЭВЭЛ: Жуулчин компаниас 2012 онд гараад Let’s travel компанийг байгуулсан, 10 жилийн түүх өнгөрчээ. Компаний үйл ажиллагаа өргөжиж инбаунд, аутбаунд зах зээл зэрэг явагдах болсон. Ачаалыг хуваарилах үүднээс Let’s travel компани дээр инбаунд зах зээлийг үлдээгээд “Хаан трэвэл” компанийг байгуулж аутбаунд зах зээл дээр ажилладаг болгосон. Одоогийн байдлаар 50% нь байгууллагын зах зээл, 50% нь хувь хүмүүсийн аялал болсон байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 23000 орчим монгол жуулчинг гадаадын 20 гаруй орон руу аялуулсан байна. Жилдээ 2000 гаруй хүнийг аялуулдаг гэсэн бүртгэл байдаг. Цар тахлын улмаас 2020 онд аутбаунд аялал бүрэн зогссон байсан. 2021 оны 6 сараас дахиж эхлэх боломж бүрдэхэд Вьетнам, Тайланд, Япон, Турк гэх мэт олон улс орон руу хуваарьт нислэгтэй ч аялуулж байна, чартер нислэгтэй ч аялуулж байна.

ХЯМД АЯЛЛААС ТАТГАЛЗДАГ. Автобустай аяллыг Манжуур, Эрхүү, Улаан-Үд рүү хэдэн жилийн өмнө аялуулдаг байсан. Энэ зах зээл дээр өөрийн автобустай хувь хүмүүс орж ирээд самарчихсан гэж хэлж болно. Чанаргүй, үнэ цэнэгүй болгочихсон учраас автобустай аяллын хэлбэрээс манай компани татгалзаад удаж байна. Захиалга орж ирвэл зохион байгуулдаг боловч хямд үнээр хийдэггүй. Хямд аяллын зах зээл рүү орвол компаний нэр хүнд, үнэ цэнийг алдана гэсэн үг.

ХӨТӨЧ: Аяллын хөтчийн хувьд тухайн оронд сурдаг, эсвэл сураад төгсчихсөн хүмүүсийг хөтчөө болгож ажиллуулдаг. Тэр улсынхаа талаар сайн мэддэг, зан заншлыг нь их бага хэмжээгээр эзэмшсэн хүмүүсийг ажилд авахыг хичээдэг. Компани дээрээ богино хэмжээний сургалт явуулж эхлээд бага бүрэлдэхүүнтэй аялалд явуулж туршаад дараа нь том хэмжээний групп хариуцуулдаг. Өдрийн цалинд ойролцоогоор 100 доллар олгодог. 20-иос дээш хүнтэй бол эндээс давхар групп ахлагч явуулна. Хүний нөөцийн хувьд компаний ажилтнууд ажлынхаа шаардлагаар гадаад улс оронд очих, шинээр суралцах, ажиллангаа амраад ирэх боломжийг давхар олгодгоороо давуу талтай.

МОНГОЛЧУУД ХАШИРДАГГҮЙ. Аутбаундын зах зээл дээр 60-70 компани зөвшөөрөлтэй боловч 30 компани нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Нүүр ном дээр нэг хуудас нээгээд, сошиал сурталчилгаа хийгээд мөнгө төгрөгийг нь аваад хулхиддаг, амласнаараа аяллаа удирдаж чадахгүй олон компани нэртэй хүмүүс байна, монгол аялагч нар ч баталгаатай компани уу гэдгийг шалгахгүй, хашрахгүй л байх шиг байна. Удахгүй цэгцрэх буй за.

АСУУДЛУУД БАГАССАН. Ерөнхийдөө салбарын аутбаунд зах зээл гэдэг бол монголчуудын хувьд шинэлэг салбар, монгол хүн аялж сурна гэдэг маань маш удаан хугацааны үйл явц юм байна. Манайхан гадагш явахаараа архи дарс ууна, зодоон нүдээн хийнэ, хулгай зэлгийд орооцолдоно, цаг баримтлахгүй алга болно гэх мэт олон асуудал тулгардаг байсан. Энэ аутбаундын салбар хөгжөөд 15-16 жил болж байна, одоо бол харьцангуй саяны асуудлууд багассан. Ер нь аялалд сургах, аялуулж сургах нь хамгийн том бэрхшээл байсан гэж хэлж болно.

ХЭВТЭЭ БҮТЭЦТЭЙ. Манай компаний онцлог гэвэл хэвтээ бүтэцтэй, захирал нь захирал гээд байхгүй, ажилтнууд нь хоорондоо ижил тэгш эрхтэй, бүгд хоорондоо маргалдаж, мэтгэлцэж, сайн ярилцаж байж ажлуудаа зохион байгуулдаг. Тийм тэгш ижил түвшний харилцаан дээрээс үр дүнтэй санаа оноо гардаг гэж боддог. Өмнө нь ажиллаж байсан компаниуддаа ийм чөлөөт уур амьсгалыг бүрдүүлдэг байсан, тэр нь ч үр дүнтэй байсан. Энэ зарчим маань орчин үеийн Z generation үед хамаарах залуучуудтай ажиллахад хялбар болгодог, чөлөөтэй, тэгш ажлын орчныг бүрдүүлснээр харилцан ойлголцох, удаан хугацаанд тогтвортой ажиллуулах боломжтой болгодог менежмент юм.

ЗАХ ЗЭЭЛ ЖИЖИГ: Зах зээл жижиг учраас том үндэсний компаниуд хөрөнгө оруулалт хийхгүй байна. Эхлээд хууль дүрмээ тодорхой болгоод тэр журмаараа гадаадын хөрөнгө оруулалтыг ном ёсоор нь оруулж өрсөлдөөнийг бий болговол үйлчилгээний салбар ч хурдан хөгжинө, хөрөнгөө оруулсан хүмүүс өөрсдийнхөө барьж байгуулсан зүйл рүү жуулчдыг татаад ирдэг олон улсын жишиг туршлагууд олон байна.

ТАТААС ХЭРЭГТЭЙ. Авиа компаний хувьд бизнесийн байгууллага учраас онгоц нь сул л байгаа бол нисгэж байж л ашигтай ажиллана. Гадаад руу нисээд ашиг олоод ханачихлаа гэж бодохгүй байна, ганцхан МИАТ байсан бол ковидын дараа хоёр гурван өрсөлдөгч компани орж ирээд олон улсын нислэгүүдийг ашигтай гэхээсээ илүү онгоцоо сул зогсоохгүй гэж л нисгэж байгаа. Орон нутгийн нислэгийн хувьд зах зээл нь бага, хандалт бага байгаа учраас л нислэг цуцлагдаж байгаа байх. Ийм жигдэрч чадахгүй байгаа хүнд үед орон нутгийн нислэгт УЛСААС ТАТААС ӨГӨХ хэрэгтэй юм билээ, гадаад орнуудад ийм л арга байдаг.

ЖУУЛЧИН ТАКС: Аюулгүй тухтай орчинд сэлэх гэхээр Монголд нуурын эргийн аялал жуулчлалын зохион байгуулалтууд хөгжөөгүй учраас далайтай орнууд руу тэмүүлж байна. Харин улс орнууд энэ урсгалаас юу хождог вэ гэхээр гадагш аялж буй бүх олон улсын нислэгийн тийзний үнэнд “жуулчин такс” гэдгийг шингээсэн байдаг. Бид нар нислэгийн тийз авахдаа анзаардаггүй л болохоос түлшний такс, нисэх буудлын такс гэх мэтээр явсаар жуулчин такс ч орчихсон байдаг. Монгол Улс 5 доллар ч байсан хамаагүй үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. 2019 онд олон улсын нислэгээр 1.2 сая Монголчууд гадагш ниссэн тоо бий. Тэгэхээр нэг жуулчнаас 10 доллар татлаа гэхэд 12 сая долларын сан үүсэх боломжтой. Үүнийг төр засаг, авиа компаниуд, аялал жуулчлалын захиргааны байгууллагууд хамтарч хийх хэрэгтэй. Жилд 200-300-хан сая төгрөгөөр гадаад зах зээл дээр Монгол орныг сурталчилж чадахгүй, дийлэхгүй.