ХҮН БҮРИЙН ЭХНИЙ БОЛОН ҮНЭНЧ СОНГОЛТ...

Жуулчин компани нь БНМАУ болон Монгол Улсын анхны аялал жуулчлалын төрийн өмчит компани байсан бөгөөд 1954 онд “Жуулчинд үйлчлэх товчоо” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. 2005 оноос “Таван Богд” группийн охин компани болсноор өнөөг хүртэл тасралтгүй 68 жилийн турш үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Таван Богд групп нь 26 компани, 4 хөрөнгө оруулалтын компаниас бүрддэг бөгөөд нийт 12000 ажилтантай. Тийм учраас Жуулчин компани нь бусад охин компаниудын манлайлал, бизнесийн арга туршлагаас байнга суралцаж ирсэн билээ. Бид салбартаа зөв үзэл хандлага, ёс суртахуунтайгаар үлгэр жишээ байж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагуудаа түүчээлэн ажиллахыг хичээдэг.

АМЖИЛТЫГ АЯЛЛААР... Бид мэргэшсэн чадварлаг багийн хүчээр “Дэлхийд Монголыг - Монголд дэлхийг таниулна” гэсэн алсын харааг баримталж ажилладаг. Мөн “Enjoy and Love Mongolia with us”, “Амжилтыг аяллаар урамшуулъя” гэдэг уриаг дэвшүүлэн тавьсан. Манай компани одоогоор 40 гаруй үндсэн ажилтан, 100 гаруй хөтөч, 200 гаруй жолоочийн бүрэлдэхүүнтэйгээр инбаунд, аутбаунд, бэлэг дурсгалын дэлгүүр гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй орны 150 гаруй байгууллагуудтай хамтран тусгай болон шууд нислэгтэй аяллыг Ази, Европ, Америк тив рүү зохион байгуулжээ.

ХҮН БҮРИЙН ЭХНИЙ СОНГОЛТ. Бид группийнхээ “Хүн бүрийн эхний бас үнэнч сонголт нь байна” хэмээн дэвшүүлсэн алсын харааг мөрдлөг болгож “Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж салбар бүрдээ манлайлна” хэмээх зорилготой ажилладаг. Манай компаний ажилтан бүр Монгол орны иргэн, ажилтнууд бүгдээрээ нийлээд Монголын ард түмний нэг хэсэг учраас ажилтнуудынхаа ажиллаж буй орчинг ая тухтай байлгаж, өрсөлдөхүйц цалин урамшууллыг олгож, мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэхийг хүссэн эрмэлзэл бүрийг дэмжин тусалдаг. Хамтын хүч амжилтын түлхүүр учраас бүтээлч хандлага, зөв эрмэлзэл, найрсаг харилцаагаар салбартаа түүчээлэн ажиллахыг зорьж байна.

БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ: Бид урт болон богино хугацааны бизнес төлөвлөгөөгөө жил бүр шинэчлэн сайжруулж ажилладаг бөгөөд үүний хүрээнд маш олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр шинэ бүтээгдэхүүн, аяллын чиглэлийг нээдэг. Эхлээд багаараа ажиллаад дараа нь Таван Богд группийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газруудтай хамтран брейнсторминг хийж бүтээлч санаа, сонирхолтой аяллын чиглэлүүдийг тодорхойлдог. Гаргасан шинэ санаан дээрээ судалгааны ажлыг эхлүүлж, мөн баг бүрдүүлэн өөрсдөө эхэлж маршрутынхаа дагуу явж орчин нөхцөлтэйгөө танилцан нарийн тэмдэглэл хийж ирдэг. Ингэж найдвартай судалсныхаа дараа зах зээл дээр гаргаж борлуулдаг.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ПРОГРАМ. Ковидын үеийн цаг хугацааг ашиглан компаний зарим үйл ажиллагааг дижитал шинэчлэлийн хэлбэрт шилжүүлэх чиглэлээр ажилласан. Аялагчид маань аяллаа www.juulchin.com болон www.juulchin.mn вэбсайтуудаар орж шууд захиалах боломжтой болсон бөгөөд виз шаардлагатай аяллууд дээр визээ онлайнаар мэдүүлэх, аяллын төлбөрөө цахимаар төлөх боломжийг бий болгосон. Аяллын зээл, аяллын хуримтлал, төлбөрөө хуваан төлөх зэрэг уян хатан нөхцөлүүдийг бий болгож орчин үеийн цахим технологийн апликейшнуудыг суулгаж өгсөн. Ажилтнууддаа хаанаас ч хэдийд ч ажлаа хийж болох нөхцөлийг бүрдүүлж “бизнесийн болон хүний нөөцийн програм”-ыг нэвтрүүлсэн.

ЖУУЛЧИН ҮНЭ ЦЭНЭ: Жуулчин компанийн ажилтнууд бол манай байгууллагын үнэт зүйл юм. Ажилтнуудынхаа өөрсдийгөө хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж, аливааг туршин үзэх хүсэл зорилгыг нь хүндлэн үздэг. Ажлын байрны ая тухаас илүү тэдний урам зоригтой, итгэл үнэмшилтэй, хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхад нь анхаарч Таван Богд группын бусад салбарын манлайлагч нараас суралцах бололцоог ямагт нээлттэй байлгадаг. Ковидын хүнд нөхцөлийн үед ажилтнуудаа авч үлдэж 2021 оноос эхлүүлсэн аяллуудаа амжилттай хэрэгжүүлж оны эцсээр улсдаа 96 сая төгрөгийн татварыг төлсөн.

ГАЛЛЕРИА СУВЕНИР: 2018 онд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Галлериа Сувенир” дэлгүүрийг нээж 450 орчим жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж байна. Ковид цар тахлын үеийг ч үл харгалзан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан. Монгол хүний оюун ухаан, ур чадвар, авъяас билгээр бий болсон үндэсний бүтээгдэхүүнийг гадаадын жуулчдад таниулахыг зорьж байна. Монголын цэцэг ургамал, давс гэх мэт байгалийн гаралтай гайхамшигт нөөц, мал аж ахуйн гаралтай үндсэн түүхий эдийг ашиглан бусдаас ялгарах өвөрмөц бүтээгдэхүүнийг бий болгож буй өрхийн үйлдвэрлэл болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдгээр хүмүүсийг тогтмол ажилтай, орлоготой байхад нь тусалж байна. Эдгээр үйлдвэрлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд өрх толгойлсон ээжүүд нэлээдгүй хувийг эзэлдэг.

ЖУУЛЧИД ИРЭХГҮЙ БОЛНО:  Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар гэж зарласан ч төрөөс нэгдсэн, тогтвортой бодлого байхгүй, стандарт мөрддөггүйн улмаас өдийг хүртэл тэргүүлэх салбар болж чадаагүй байна. Цар тахлын дараа салбар маань эргэн сэргэж эхэлсэн ч борооны дараах мөөг шиг хэн дуртай нь аялал зохион байгуулж дотоод, гадаадын аяллууд дээр маш олон асуудлууд гарч байна. Энэ байдлаараа хэдэн жилийн дараа гэхэд манай улсыг зорин ирэх жуулчид гэж байхгүй болно.

ТАРХАЙ БУТАРХАЙ: Салбарын дотоод хамтын ажиллагаа хангалтгүй, хэтэрхий тархай бутархай, бие биенийгээ хүндлэхгүй байна. Аялал жуулчлалын хөгжил гэдэг нь тур оператор компаниудаас гадна авиа компаниуд, жуулчны баазууд, зочид буудлууд, үзвэр үйлчилгээний газруудын хамтын ажиллагаа юм. Эдгээр газрууд бүгд эргэх холбоотой байж, хамтын ажиллагаагаа сайжруулж байж хамтдаа хөгжих боломж нээгдэнэ. Яг үнэндээ хамтран ажиллах гэхээсээ илүү харилцагч байгууллагынхаа санал санаачилгыг хулгайлах, бие биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг ёс зүйгүй үйлдлүүдийг ихээр гаргаж байна. Ёсзүй байхгүй бол аливаа хамтын ажиллагаа оршиж чадахгүй. Асуудал байгаа газарт ямагт шийдэл байдаг тул хамтдаа шийдэж болно гэж боддог.