Монголын өнөөгийн шувуулахуй буюу “Бүргэдийн ав” бол хүн амьтан хоорондох гайхамшигтай харилцааны нэг бөгөөд одоогоор Монгол Улсын Баян-Өлгий аймагт энэ уламжлал хадгалагдсаар байна. Казах эрчүүд хамгийн том хүчирхэг махчин шувуу болох Golden eagle буюу Цармын бүргэдийг анч болгон сургаж морин дэл дээрээс ан хийсээр ирсэн.
НААДАМ 23 УДАА. Казахийн ард түмний олон мянган жилийн түүхтэй энэхүү бүргэдээр ан бариулах уламжлалыг сэргээх, Казах түмний соёл урлагийн өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг анх 2000 онд С.Медеухан, З.Казбек, Х.Едилхан нар санаачлан зохион байгуулж, уг баярт оролцсон 60 гаруй бүргэдчид “Монголын Бүргэдчид холбоо”-г байгуулан тэргүүнээр нь миний бие С.Медеуханыг баталсан билээ. Энэ санаачилгыг 2001 онд аймгийн ИТХ-аар дэмжиж 44 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолд зааснаар “Бүргэдийн баяр”-ыг жил бүрийн 10-р сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд нийт ард түмний уламжлалт баяр болгон зохион байгуулж байхыг Монголын Бүргэдчид холбоонд үүрэг болгосон. Түүнээс хойш 23 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
ДЭЛХИЙН БИЕТ БУС ӨВ: Бүргэдийн баяраар дамжуулан бүргэдээр ан хийх зан үйлийг дэлхий дахинд сурталчлан таниулсны үр дүнд ЮНЕСКО-гийн Дэлхийн биет бус өвийн хорооны 2010 оны 11 сарын 16-нд болсон хуралдаанаар Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтанд бүртгэсэн байдаг. Бүргэдийн баяр нь эдүгээ Монгол Улсын аялал жуулчлалын эвентүүдийн хамгийн сонирхолтой баярын нэг болоод байна.
ХААН БҮРГЭД: Бүргэдийн баярыг тусгай журмаар зохион байгуулдаг. Нээлтийн арга хэмжээ маань “Тэнгэрийн Хаан бүргэд” шалгаруулах тэмцээнээр эхэлж ард түмний тоглоом наадгай, уралдаан тэмцээнүүдээр үргэлжилж, хаалтын ажиллагаа хийж өндөрлөдөг. Бүргэдийн баярт нийт бүргэдчидийг татан оролцуулж, бүргэдээр ан хийх арга ажиллагааг биет байдлаар уралдаан тэмцээний хэлбэрээр оновчтой зохион байгуулж ирсэн. Эдүгээ бүргэдийн баярт 15 настайгаас 88 настай азай буурал хүртэл оролцдогоос гадна сүүлийн жилүүдэд 3-4 эмэгтэй бүргэдчид оролцдог болсон.
МЯНГА ДАВСАН. Төв Азийг төлөөлөх хэмжээний энэхүү сонирхолтой эвент болсон Golden eagle наадмыг маань 2014 онд Монголд ирж үзсэн Израйлийн гэрэл зурагчин Английн ВВС-д өртүүлсэн гэх яриа байдаг. Түүний авсан гэрэл зураг ВВС, CNN зэрэг агентлагийн цахим хуудсанд тавигдсанаар ВВС телевизийн найруулагч Отто Беллийн анхаарлыг татсан байдаг. Тэгээд баримтат киноны багтайгаа 2017 онд ирж бүргэдчин охин Н.Айшолпаны амьдралаас сэдэвлэсэн кино бүтээснээр тэр даруй 855 мянган хүнд хүрсэн. Тус киноны хүчээр Бүргэдийн баяр түүхэндээ 1000 давсан гадаадын жуулчдыг татсан гэж боддог. Эдүгээ манай Бүргэдийн баярт Номадик экспэдишн, Mongolia Quest, Нью жуулчин, Шаман тур, Орман ан тур, Алтай тур зэрэг 20 гаруй компаниудаас жуулчид ирдэг. Номадик экспедишн компани жил бүр ивээн тэтгэж ирсэн. Жуулчид зөвхөн сонирхох зорилгоор оролцдог.
ХАВРЫН ФЕСТИВАЛЬ: 2008 оноос эхлэн өвлийн аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах, Монголын баруун хязгаарт буй өв соёлыг хотын иргэд, хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, орон нутгийн иргэдийг аялал жуулчлалд татан оролцуулах, нийслэл хотын зорин очих газруудтай танилцуулах зорилгоор “Нүүдэлчдийн өвлийн наадам”-ын хүрээнд Бүргэдийн баярыг нийслэл УБ хотод зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүнийг “Хаврын бүргэдийн фестиваль” ч гэж нэрлэсэн байдаг. Баян-Өлгий аймгаас бүргэдчидийг НАЖГ-ын дэмжлэгтэйгээр Хүннү Эйр компаний нислэгээр тээвэрлэн аваачдаг болсон. 10 сумаас 20 гаруй бүргэдчин оролцдог.
МОНГОЛООС ГАРАЛТАЙ: Монголчууд эрт цагаас хүчирхэг эрэлхэг махчин шувууг сүлд болгон тахиж, тэднийг барьж тэжээн ан авд сургаж, ахуйд хэрэглэж ирсэн ба шувууг ан хийлгэх урлаг Төв Ази, Монгол орноос гаралтай гэж дүгнэх боломжтой. Өөрөөр хэлбэл, бидний өвөг дээдэс махчин шувууд өгөөшөө барихдаа хурдан шаламгай, бас хялбар аргаар барих чадвартай болохыг анзаарсан.
БҮРГЭД, ШОНХОР ХУРААМЖТАЙ: Шувуулахуйн өв мартагдаж устах шахсан гол шалтгаан нь хүмүүс буу хэрэглэж эхэлсэнтэй холбоотой байх. Харин сүүлийн үед энэ өв соёл сэргэж, улмаар дэлхийн язгууртнуудын зугаа цэнгэл буюу нөгөө талаар спорт болон үргэлжлэн хадгалагдаж байна. Хуулинд “монгол хүн соёлын арга хэмжээний зориулалтаар байгалиас махчин шувуу аваад тэжээж ашиглаж болно” гэсэн заалт бий, бас тодорхой хэмжээний хураамж төлнө. Бүргэдэд бол 87 мянган төгрөг, шонхорт нэлээд хэдэн сая төгрөг төлдөг.
ЯЛГААТАЙ: Бидний зохион байгуулж буй Golden eagle бүргэдийн баяр нь ард түмний урлаг соёлын өвд тулгуурлан зохион байгуулагддаг. Харин Казакстан улсад зохион байгуулж байгаа бүргэдийн баяр нь үндэсний спорт хэлбэрээр зохион байгуулагддагаараа онцлогтой. Эдүгээ Казахстан улс болон БНХАУ-ын Шиньжян Уйгарын өөртөө засах оронд зохион байгуулагдаж байна.
ХҮН БАЙГАЛИЙН ХҮЙН ХОЛБОО: Монголчуудын бүргэд, шонхор, харцагаар ан хийх өв соёл нь хоол хүнс, ашиг олз олох гэхээсээ илүү хүн шувуу хоёрын хоорондын нөхөрлөл, хүн байгалийн хүйн холбоог илэрхийлсэн уламжлалт зан үйл, ёс заншил, аман билэгийн цогц нэгдлийг илэрхийлсэн соёлын өвөрмөц өв юм. Цаашид Golden eagle - бүргэдийн баярыг ард түмний урлаг соёлын өвд тулгуурлан жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, бүргэдийн баяраар дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлах, байгалийн зэрлэг бүргэдийг хамгаалах, тоо толгойг судлан тогтоох, шинжлэх ухаанчаар энэ өв соёлыг хөгжүүлэх зорилготой байна.