Орон нутаг дахь аялал жуулчлалын байгууллагуудын хувьд хоорондоо харилцаа холбоотой байж төрийн байгууллагад дуу хоолойгоо хүргэх, эрх ашгаа хамгаалуулах, салбартаа шаардлагатай бүтээн байгуулалтыг хийлгэх “лобби”-г явуулахад орон нутагтаа нэгдсэн холбоотой байх зайлшгүй шаардлага үүсдэг билээ.
АНХНЫ ХОЛБОО: 2008 оны 12 сард Өмнөговь аймгийн Аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж Улаанбаатар хотоос “Аялал жуулчлалын Тогтвортой хөгжил” ТББ-ын захирал Д.Гантөмөрийг багаар нь урин оролцуулж байлаа. Энэхүү зөвлөгөөн дээр орон нутагтаа нэгдсэн холбоотой болох саналыг дахин ярилцаад “Гайхамшигт говь” АЖХ-г байгуулж 2008 оны 12 сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр Монголын хэмжээнд анхны орон нутгийн аялал жуулчлалын холбоо болж байжээ.
Холбоог байгуулах анхдугаар хурал Говийн гурван тэмээ бааз, Монгол говь, Говь мираж, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, Булган сумын Анхсан – хоршоо, Төвшин тур бааз, Монгол байгальХХК, Говь гурван сайханы БЦГ-ын Хамгаалалтын захиргааны бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж олонхийн саналаар Х.Түмэндэлгэр миний биеийг Холбооны тэргүүнээр сонгож, Н.Ариунсанааг Гүйцэтгэх захирлаар томилж байсан. Манай холбоо гишүүдээсээ нууц санал хураалтаар Удирдах зөвлөлөө сонгодог.
Гайхамшигт говь - АЖХ нь мэргэжлийн байгууллагын хувьд аймгийн аялал жуулчлалын салбарт хийгдэх бүтээн байгуулалт төлөвлөлтийг Аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ-т хүргүүлэх, бүтээн байгуулалтанд өөрсдөө оролцох, хянахад илүүтэй анхаарч ажилласаар ирсэн. Холбооны зүгээс:
ЛОББИ БҮЛЭГ: Үе үеийн сонгуулиар эрх барьж байгаа аймгийн удирдлагуудад үйл ажиллагаагаа танилцуулах, салбартаа хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын саналыг дэмжүүлэхэд лобби бүлэгтэй болох нь чухал харагдаж байна. Үүнд хамгийн ойр байгаа төрийн байгууллага нь тухайн аймгийн БОАЖГ болдог. Холбооны зүгээс БОАЖГ-тай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж жил бүрийн 10 сарын 15-ны дотор тухайн жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслийг БОАЖГ-аар дамжуулан аймгийн ИТХ-д оруулах, төслийг дэмжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд урьдчилан сайтар танилцуулж дэмжүүлэх нь илүү үр дүнд хүрдэг.
ТАНИЛЦАХ АЯЛАЛ: Ялангуяа гол зорих газрууд, бүтээгдэхүүнийг хөгжүүлснээр гарах үр дүн, салбарын хөгжилд хэрхэн нөлөөлөхийг зөв танилцуулах, ойлгуулахад ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга, шийдвэр гаргах түвшний удирдлагуудтай танилцах аялал зохион байгуулах, байгаль орчны шинэ чухал мэдээлэл, шувууд, ургамал, амьтдын тухай мэдээлэл өгөх, байгаль дээр харуулж танилцуулах нь илүү үр дүнд хүрдэг.
ХАВАР, НАМРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ: Аймгийн жуулчны баазууд, гэр буудлууд, жолооч нар, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг нэгтгэн жил бүрийн аялал жуулчлалын улирлын өмнө 5 сард, улирлын эцэст 10 сард “Зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулж тухайн жил явуулах болон явуулсан үйл ажиллагаагаа дүгнэн ярилцаж аймаг, улсын төсөвт оруулах бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа тохирдог. Жуулчны бааз, зочид буудлуудын байнгын харилцаатай фасебүүк чаттай болж байнга мэдээлэл солилцон ажиллаж байна.
ӨСӨЛТ НЬ ЗОГССОН МОД: Манай салбар бол одоохондоо хэдийгээр ургаж, амьдарч л байгаа боловч сайтар усалдаггүйгээс болж үхдэг ч үгүй, томорч өндөр болж ургадаг ч үгүй “говийн хайлаас мод”-той нэгэн адил байна. Уг нь бидэнд боломжууд бий, бид ашиглаж чадахгүй, таньж мэдэхгүй хэвээрээ л байна. Монгол орон бол дэлхий дээрхи хамгийн сүүлчийн, зэрлэг унаган байдлаа хадгалан үлдсэн, хүний гарт хамгийн бага өртөгдсөн, уудам тэнэгэр газар нутаг юм. Бидэнд сануулж анхааруулж, бүтээгдэхүүн болгон хөгжүүлж болох, байнга санаж хэрэгжүүлэх ёстой, шинжлэх ухааны олон баримтыг дэлхийн нэртэй эрдэмтэн судлаачид тэмдэглэн үлдээснийг бид анхаарах хэрэгтэй.
ЛУУЖИН: Дараах тэмдэглэл, тодорхойлолтууд манай салбарт чиг ЛУУЖИН болж хөгжилд хүргэх болно гэж би итгэдэг.
Монгол орон бол Орос, Хятад хэмээх аварга гүрний дунд нууцлагдаж үлдсэн, зэрлэг туруутан амьтад нь өөрийн дураар бэлчээрлэн явдаг, элбэг баян биологийн төрөл зүйл бүхий, гайхамшигт “арал” юм. Америкийн нэрт амьтан судлаач, аялагч John Hall. 2018
Бид дэлхийн хөхтөн амьтдын төдийгүй хэвлээр явагчдын өлгий нутагт нэвтрэн орж чадсан билээ. Монголын өндөрлөгт орших говь цөл нь эртний ургамал болон хөхтөн бас хамгийн эртний хэвлээр явагч амьтдын эцэг өвгөдийг гаргаж өгсөн нутаг юм. Өөрөөр хэлбэл, Төв Ази нь эх газар болж хэвлээр явагчдын хувьсал өөрчлөлтийн голомт болж байхад Баруун Европ хийгээд Хойд Америкийн баруун хэсэг тэнгис далайд автсан хэвээр байжээ. Дэлхийн бөмбөрцөгийн энэхүү чухал өөрчлөлт Азид юүрийн галавын төгсгөлд хэвлээр явагчдын эриний яг дунд хэсэгт тохиожээ. Төв Ази нь зөвхөн хөхтөн амьтад төдийгүй дэлхийн үлэмж биет хэвлээр явагчдын хувьсал өөрчлөлтийн гол талбар болж байсан нь хөдөлшгүй үнэн.
Хаалганаас Улиастай хүрдэг Сайр-Усаны зам манай майхнуудаас зуугаад ярд газарт байсан юм. Үдшийн бүрий дундаас тэмээн жингийн цуваа гарч ирээд баруун тийш явж одлоо. Тэд Махмудын худалдаачид агаад цай, тамхи наймаалахаар Улиастай руу явж байжээ. Таван сарын дараа гэхэд оронд нь арьс, нэхий, ноос ачаад буцна. Арван зургуул, хоёр зуун тэмээний хамт Хаалганаас 90 хоногийн өмнө гарчээ. Цөлөөр дамнасан наймааны энэ их замыг тэдний эцэг өвгөд бүр Марко Пологоос өмнө гаргасан байдаг...
Дэлхийн түүхнээ бусад улс орон хэсэг бусгаараа далай, тэнгисийн ёроолд живэх нь цөөнгүй байсан ахул, БНМАУ-ын нутаг ба түүнтэй залгаа Өвөрмонгол нь маш эртний хуурай газар болно. Шинэ зүйлийн амьтад бий болж, БНМАУ-ын нутгаас Энэтхэг, Умард Америк, ЗСБНХУ-ын нутагт, тэр байтугай Африкт тархан нутагшиж байв. БНМАУ-ын нутаг нь орчин үеийн хүний өвөг дээдсийн эх орон байж болохыг үгүй гэх газаргүй билээ. Оросын ШУА-ийн палеонтологийн шинжилгээний ангийн дарга, доктор, профессор И.А. Ефремов
Монгол орны үлэг гүрвэлүүд Цэрдийн түрүү үе, 145-100 сая жилийн өмнө БНХАУ-ын зүүн хойд бүс нутгийнхантай нягт холбоотой байсан бол, Цэрдийн хожуу үе шатнаа 100-65 сая жилийн өмнө Ази-Умард Америк тивийг холбож үргэлжилсэн, эх газрын, Берингийн “гүүр”- ээр харилцах шинэ зам харгуй нээгджээ. Улмаар Монгол орны үлэг гүрвэлийн цогц нэгдлийн дийлэнх буюу 90 гаруй хувь нь, өнөөгийн далайн тэртээ, Умард Америк тив газрынхантай шууд холбоотой болов. Хэн бүхний мэддэг махан идэшт Тарбозавр, өвсөн идэшт “нугасан хошуут” гэх зэргийн үлэмж биет үлэг гүрвэл нь АНУ, Канадын зохих төрөлтэй маш ойр дөт, холбоо харилцаатай байжээ... Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор, Ренчины Барсболд