САНСАРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭХНИЙ ТУРШИЛТЫН ТӨВИЙГ 2023 ОНД БАЙГУУЛНА.

Ямар нэгэн яруу найрагч, онгодоор орсон санаа биш, логик буюу оюун дүгнэлтээр бий болсон олон хүмүүсийн хамтын зүтгэлээр бэхжиж яваа төслийн санаа. Монгол Улс аж үйлдвэрийн IY эрин үеийн хувьсгалд өөрсдийн гэсэн үнэ цэнийг бий болгож хөгжлийн гинжин холбоосонд өөрсдийн гэсэн жижиг ч гэсэн нөхцөл боломжийг хангах нь бидний эрхэм зорилго юм.

СИНГУЛАРИТИ ЧАНАР: Бид бүх талбарт дэлхийтэй өрсөлдөж чадахгүй учраас энэ том өрсөлдөөний зах зээлд өөрийн гэсэн онцгой, дахин давтагдахгүй “сингуларити” чанараа олох ёстой. Аялал жуулчлалын зах зээл маань өөрөө дэлхийд эхний 3, 4-т ордог томоохон үйлдвэрлэл. Монгол Улсын эдийн засгийн модель маань уул уурхайгаас хэт хамааралтай. Монгол хүний оюуны чадамжийг өндөр гэж үздэг, баталдаг, нотолдог. Ийм өндөр потенциалтай ард түмэн уул уурхайгаас өөр ямар алтернатив төслүүдийг Монголдоо хийж болох вэ гэдэг асуулт байгаа юм.

МАРСЫН СИМУЛЭШН:  2018 оны 11 сард Марсын гадаргуугаас илгээгдсэн роботуудын зургийг үзэж байгаад Монголын говьтой их ойролцоо байгааг анзаарсан. Дэлхий дээр байгаа Марсын симулэшн буюу ижил орчин дахь туршилт гэдэг газруудын судалгаануудыг үзээд өгөгдлүүд нь олон талаараа Монголын говиос дутуу гэдгийг олж мэдсэн. Монголын говь бол Марсын гадаргуутай хамгийн ойр төстэй орчин нөхцөлтэй гэдэг дүгнэлтийг Монголчууд төдийгүй АНУ-ын NASA, Японы JAXA, Энэтхэгийн ISRO, АНЭУ-ын сансрын хөтөлбөрүүд, Европийн холбооны ESA хөтөлбөрүүд нотолдог. Монголын говь зарим талаараа бусадтай харьцуулшгүй боломжтой гэдгийг ойлгож мэдсэний үндсэн дээр энэ төслийг санаачилж Монгол Улсын брэндинг буюу шинэ өрсөлдөх чадварыг бий болгохыг зорьсон.

ХҮЙТЭН ЦӨЛ. Дэлхий дээр 24 цөл бий, түүний 7 нь хүйтэн цөл. Эрс тэс уур амьсгалтай, хамгийн их халдаг, хамгийн их хөрдөг, яг ижилхэн биш боловч Марстай хамгийн ойролцоо орчин нөхцөлийг бүрдүүлсэн хүйтэн цөлийг Монголын говь дэлхий дээр бий болгосон. Орлуулшгүй, юугаар ч харьцуулшгүй боломжийг монголчууд бидэнд олгосон юм. Survival буюу амьд үлдэхийн төлөөх, adapter буюу дасан зохицохын төлөөх чадавхийг хамгийн сайнаар хангаж туршиж чадах газар бол Монголын говь юм.

ТААМАГЛАЛЫГ НОТЛОХ: Төслийг санаачлаад 2.5 жил өнгөрч байна. Энэ хугацаанд өөрсдийн болон олон улсын байгууллагуудтай хамтран хийсэн судалгаа шинжилгээ, таамаглалыг дэлхийн томоохон Марсыг сонирхогч хувь хүмүүс, эрдэмтэн судлаачидтай хамтран нотолсон, тэдгээрийн дэмжлэгийг авсан 2.5 жил байлаа. Төслийн санаагаа АНУ-ын NASA, ОХУ-ын ШУА, БНХАУ, Энэтхэгийн ISRO, Европийн холбооны сансарын агентлаг, Японы JAXA зэрэг байгууллагуудад концепцийн түвшинд танилцуулсан. Тэдгээрийн эрдэмтэд судлаачид, нарийн мэргэжлийн судлаачдын үзсэнээр манай төсөл шинжлэх ухааны ач холбогдолтой гэдэг нь тогтоогдсон.

ДАГУУЛ САНСАРЫН ТОСГОН:  Эдгээрийн үр дүнд Марс руу явах хүмүүсийн бие бялдар, сэтгэл зүй, мэдлэг, хамтын ажиллагааных нь суурийг чадавхижуулах хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх боломжтой юм байна гэж үзсэн. Марс болон хөрст гараг дээр жингүйдлийн орчин ямар байдаг, тэнд аж төрөхөд ямар саад бэрхшээл тохиолддог вэ гэдэг ойлголтыг хиймэл орчинд буюу зохиомол орчинд Монголын говьд сургалтын төвийн загварчлал дотор хөгжүүлэх нь манай төслийн гол зорилго юм. Үүнийг бэлдэхийн тулд “дагуул сансарын тосгон” буюу прототайп туршилтын загвар судалгааны төв байгуулахаар болсон.

ТУРШИЛТЫН ТӨВ БАРИГДАНА:  Энэ төсөл маань олон талын хамтын ажиллагаа чадавхи шаардсан төсөл учраас 200 орчим эрдэмтэн судлаачид, нарийн мэргэжлийнхэн инженерийнхэн, загвар зохион бүтээгчид, архитекторууд, хуульч, эмч гээд төрөл бүрийн хүмүүс бий. Бидний загварчилснаар Говийн судалгаа, математик загварчлал, эдийн засгийн шинжилгээ, эрхзүй гэх мэт 25 үндсэн багт хуваагдан ажиллаж байна. Шинжлэх ухааны шийдлүүд, инженерийн шийдлүүд, тухайлбал, сансарын өмсгөл, сансарын сууц ямар байх уу, тэнд ямар машин механизм байх вэ гээд эдгээрт чиглэсэн технологи хөгжүүлэлтийн багууд ажиллаж байна. Мөн сайн дураараа төсөлд цагаа зориулдаг 3000 орчим хүн байна. Бид 2023 онд эхний туршилтын сургалтын төвийг байгуулахаар ажиллаж байна.

ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨР:  Бид төрөөс төсөв авч зарцуулахгүй гэсэн зарчмаар ажиллаж байгаа. Энэ төсөл хэрвээ тодорхой хэмжээгээр саад бэрхшээлтэй учирсан тохиолдолд татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулж болохгүй гэж үзсэн. Төсөл маань дотоодын 30 гаруй компани, ААН-үүдийн сайн дурын үндсэн дээр өгсөн хандив тусламжаар босож байна. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд эдгээр хүмүүсийн хийж бүтээсэн зүйл, зарцуулсан цаг хугацаа, зориулсан сэтгэл, чадвар авъяасыг үнэлээд үзэхэд 2 сая орчим долларын өртөг бүхий хэмжээний хичээл зүтгэлийг гаргасан байсан. Төслийн хөрөнгө санхүүгийн зарцуулалт, хүмүүсийн оролцоо багийн нийт гишүүдэд ил тод нээлттэй байдаг.

САНСАРТ 7 ЖУУЛЧИН: Дэлхийн II дайны дараа АНУ ба ЗХУ гэсэн хоёр орон төвтэй цөмийн зэвсэг, устөрөгчийн бөмбөг гэдэг өрсөлдөөний араас сансарын уудмыг эзлэх өрсөлдөөн эхэлсэн. 1961 онд Гагарин сансарт нисэж, 1969 онд хүн төрөлхтөн саран дээр газардаж дэлхийд шуугиан тарьсан. 1980-аад оноос улс төр, цэрэг арми, цөмийн зэвсэглэлийн өрсөлдөөн суларч, ЗХУ задрахад NASA-гийн хөрөнгө оруулалт  буурч эхэлсэн бөгөөд 2000 онд хамгийн байж болох уналтын цэгт ирж, сансар судлалын салбар зогсонги байдалд орсон байсан. 2000-2020 онд сансарт 7 жуулчин ниссэн бөгөөд бүгд ОХУ-ын хөлгөөр аялсан. Нэг жуулчин тус бүр 25 сая доллар төлсөн.

ШИНЭ ТАНСАГЛАЛ: Одоогоор сансар судлалын салбарт 500-600 тэрбум доллар зарцуулагдаж байгаа бөгөөд 2050 он гэхэд ойролцоогоор 4 триллион долларт хүрч 7 дахин өснө гэж сансар судлалын эрдэмтэд үзэж байна.  Энэ том эдийн засгийн тэлэлт нь сансарын шинэ технологи, шинэ өрсөлдөөн, шинэ эрсдэл, шинэ хэрэглээ, шинэ хэв маяг, шинэ тансаглалыг бий болгоно. Одоо бол сансарын эдийн засгийн 50%-иас илүү нь хиймэл дагуулын технологийн зах зээл бөгөөд интернэт, гар утасны ертөнцийг удирдаж байна. Дэлхий маань сансарын аялал жуулчлал руу хүссэн хүсээгүй явахаар болчихлоо.

ЯМАР ШИГТГЭЭ: Бид нар зовлонгоо яриад улстөржөөд байж байх уу. Энэтхэгт модон жорлондоо ороод, олон сая хүмүүс өлсгөлөн амьдарч байгаа ч сансар судлалд том байр суурьтай. Монгол Улс ч гэсэн тусгаар улс орон, нэгдсэн үндэстэн, НҮБ-ын бие даасан гишүүн гэдэг утгаараа хүн төрөлхтний хөгжлийн гинжин хэлхээст ямар шигтгээ хийж чадах вэ гэдэг асуудал юм. Сансарын аялал жуулчлал, сансарын технологид зарцуулах мөнгөн урсгалын зөвхөн 0.5 хувийг Монгол Улсад зориулахад өнөөдөр Монголд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг 2-3 нугалах хэмжээний хөрөнгийн боломжийг Монголын эдийн засагт авчрах боломжтой гэж үзэж байгаа юм.

НЭГ ДОЛГИОН ДЭЭР. Би хөндлөнгөөс ажигласан зүйлийг л хэлье. Аялал жуулчлал хөгжсөн Европ, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн зарим орныг харж байхад жирийн иргэнээс эхлээд бодлого барьж байгаа эрх баригчид хүртэл асуудлаа нэг долгион дээр ойлгодог, нэг долгион дээр хүлээлттэй байдаг юм билээ. Монголд бол сайд нэг бодлого яриад байдаг, зөв үү, буруу юу гэдэг дүгнэлтгүйгээр УИХ-аар батлуулчихдаг. А-Я хүртэл төлөвлөсөн систем, менежментийн бодлого, алсын хараа нь байхгүй. Дотоодын аялал жуулчлал маш харицлагагүй явагдаж байна. Эмх цэгц, журам, стандарт байхгүй. Хамгийн том эмгэнэл бол хэдэн мянган газрын лицензийг бодлогогүйгээр тараасан явдал. 1778 оноос хойш Дархан газар байсан Богд хан ууланд амьдарч байгаа хүн хэчнээн шударга байсан ч хууль бус газрын наймааны нэг оролцогч юм. Энэ салбар шинэ цэгээс эхлэх цаг болсон. Мөн улс төрөөс ангид байх ёстой салбар.