УУЧЛААРАЙ, ҮНЭ НУУЦ

Бид нар анх олон улсын хамгийн алдартай топ сайтанд хандаж “шууд интерфэйс хийе ээ” гэж санал тавьсан. Гэтэл “Уучлаарай, 200-хан бүтээл, 20-хон зураачтай сайт Монголыг төлөөлж чадахгүй ээ, та бүхэн дараа дахиад хандаарай” гэсэн хариу ирсэн байв. Бодоод байхад яг тийм байв. Жишээ нь, shoppy.mn дээр 200-хан бараа байвал тэнд хүн худалдан авалт хийж чадахгүй, ялангуяа эмэгтэй хүн 200-хан бараанаас сонголт хийнэ гэвэл маш хэцүү болно шүү дээ. Ядаж байхад 200 бүтээлийн 20, 30-хан нь яг монгол зураг байсан, тэгээд олон улсад “монгол зураг зарна” гэж явах нь үнэхээр гэнэн бөгөөд ахархан бодол байжээ... гэж хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2022 ондоо багтаж уран бүтээлийн санг 1000 давуулж сонголтын санг хангалттай болгох зорилго тавьсан.   

УУЧЛААРАЙ, ҮНЭ НУУЦ: Анх зураач нар няцааж байв. “Уучлаарай, урлагийн бүтээлийг галерейд нь очоод, нүдээрээ дэргэдээс нь хараад таашаал авч байж худалдаж авдаг юм аа хө, бас бүтээлийн үнэ нууц байдаг юм” гээд халгаадаггүй байв. Олон хүн ингэж няцаах үед “миний энэ санаа бүтэх юм уу даа, ер нь” гэж урам хугарч байсан. Харин олон улсын ертөнцийг харахаар тийм биш, тэнд бүх үнэ, бүтээл нээлттэй байсан. Бид нар “монгол зураач нар маань уламжлалаасаа салахгүй, дэлхий ертөнцөөс ангид байгаад байна” гэдэг дүгнэлт хийсэн. Тэгээд цаасан дээрхи төслөө бариад дахиад “100 айл”-ын тэнд байх Урчуудын А, Б урлангийн хаалга бүрийг уйгагүй тогшиж эхэлсэн.

ЗОЧНОО ДАГУУЛААД ГАРСАН. Намайг хэдэн жилийн өмнө IBIS зочид буудалд ажилладаг байхад буусан зочдоос маань Монголын уран зураачдын бүтээлийг хаанаас үзэж худалдан авах боломжтой вэ гэж асуудаг байв. Заримыг нь дагуулаад гарна, ихэнх урлангууд зун хаалттай, галерейнуудаар очихоор сонголт маш цөөхөн, эсвэл арай илүү үнэтэй байсан. Зочид маань уран зураг авъя гэж гарсан ч авч чадахгүй нь их байсан.

ЖИЛИЙН ДОТОР 100 ЗУРААЧ. Монголд маань уран бүтээлийг, тэр дундаа уран зургийг онлайн байрлуулж худалдаалдаг вебсайт байхгүй байгаа нь харамсалтай санагдсан. Санаа нийлсэн найзуудаа уриалж “зураг худалдааны нэгдсэн сайт бүтээе” гэж шийдсэн. Анхны 20 зураач маань 2021 онд нэгдэж орсноос хойш жилийн дотор 100 зураачийн 1200 бүтээлийг нэгтгэж чадлаа. Энэ бол бидний амжилт. Монгол зураач нар юу зурдаг вэ, ямар түвшинд байна вэ, тэдний ертөнц юу вэ гэдгийг ганцхан кнопоор мэдэх боломжтой болгож байгаадаа маш их урамшин зүтгэсэн.

E-MAIL Ч ҮГҮЙ. Бидний зорилго бол монгол зураг, монгол зураач нараа олон улсын зах зээл дээр танилцуулах “амбиц” юм. 2023 онд “борлуулалт хийх” зорилго тавьсан. Зураач нар маань бид нар шиг үргэлж онлайн байхгүй, онгод нь ороод хэдэн өдрөөр ч хамаагүй ертөнцөөс тасраад суучихдаг, зарим нь э-майл хаяг ч байхгүй, зөвхөн уран бүтээл, зурагтаа л анхаардаг. Миний өмнө нь хийж байсан ажил мэргэжлийн зохион байгуулалттай яг адилхан. Зочид буудлыг олон улсын сүлжээнд холбож онлайн захиалгын систем дээр амжилттай ажиллах байсан. Тэрэн шиг бид нарын хувьд зураач нартаа тусалж чадах зүйл бол гадаад хэл болон нетворк юм.

ART ESCAPE: Эдүгээ 100 зураачийн 1200 бүтээл манай веб хуудсанд бүртгэгдчихсэн байна. Саяхан Солонгосын контемпорари (contemporary) зураач Lee Yoon Jung манай arty.mn сайтанд нэгдсэн энэ чиглэлийн уран бүтээлч Д.Дуулал, Ж.Шижирбат нарыг сонгож хамтарсан үзэсгэлэнгээ УБ хотод нээсэн. Art of UB-гээс 11 сард зохион байгуулсан ART ESCAPE нэртэй үзэсгэлэн байсан бөгөөд манай сайт холбон зуучлах ажлыг хийсэн. 

ЗАМ НЭЭГДЭНЭ. Саяхан нэг боломж нээгдсэн. Хэдэн зуун мянган зургийн бүтээл нэгтгэсэн олон улсын нэг сайтанд нэг уран зураачийг бүртгүүлэхээр болсон. Монголын хувьд “гараа, эхлэл” болж байна. Би тэр зураачийнхаа танилцуулгыг илгээсэн байгаа. Хэрвээ тус сайтны кураторуудынх нь шалгуурт тэнцчих юм бол манай сайтаар дамжин олон улсын тавцанд зураач нар маань гарах зам нээгдэх юм. 

БАГШИЙН ҮГ: Guide төвийн захирал Ч.Буянбадрах багшийн хэлсэн нэг үгийг бодон бодон үүнийг хийж эхэлсэн. “Хүн болгоны хийдэг аяллыг хийж байгаа бол та аялал жуулчлалын мэргэжилтэн биш” гэж хэлсэн. Энэ санаа, зорилго бол багшийн хэлсэн тэр өгүүлбэрээс үүдэлтэй. Мөн багш маань “Тэрэлж, Хөвсгөлөөс өөр маршрут сэтгэж чадахгүй бол аялал жуулчлалд оролцох ч хэрэггүй” гэдэг байсан. Тэр үг үргэлж бодогддог байсан. Тийм учраас миний, бидний бас нэгэн “амбиц” бол “Уран зураг ба аялал жуулчлал”, “Урлаг ба аялал жуулчлал” гэсэн зорилго юм. Олон улсын зураачдыг монгол зураачидтай холбосон дотоод, гадаадын аяллуудыг зохион байгуулах мөрөөдлүүд бий.

ЭХЭЭР НЬ ХАРАХ МЭДРЭМЖ: Нэг зураач маань надтай ярилцаад сууж байхдаа “... би тэр зургийг эх хувиар нь очоод үзчихсэн шүү дээ” гэж аз жаргалтай харц дүүрэн, маш сэтгэл хөдлөлтэй бахархан ярьж байсан. Уран зурагт дуртай, уран зураг бүтээдэг, уран зураг үзэх дуртай хүмүүсийн мэдрэмж гэдэг нь тусдаа өөр ертөнц гэдгийг ойлгосон. Тэр ярианаас хойш зорилго дээр маань бас нэгэн зүйл нэмэгдсэн. Уран зургаас авдаг тэр таашаал, мэдрэмжийг нь дэмжих юм сан, биелүүлж өгөх юм сан гэж боддог болсон.

ХҮРГЭНЭ, ТҮРЭЭСЭЛНЭ: Уран зурагт дур сонирхолтой хүмүүст вебсайтаа хүргэх, сонголтонд нь туслах, сонгосон зургийг нь илгээх, хүргэх үйлчилгээг хийх юм. Зочид буудлуудад үнэ төлбөргүйгээр “зураг түрээслэх үйлчилгээ” хийх зорилго бий. Буудлын хананд зураачдынхаа бүтээлийг байрлуулж сурталчлах юм. IBIS буудлын үүдэнд Чингис хааны баатруудыг илэрхийлсэн том хэмжээтэй зураг өлгөөтэй байдаг байсан, тухайн үед яг л буудлын үүдийг найдвартай сахин хамгаалж буй мэт санагддаг байж билээ. Манайд ирсэн жуулчид тэр зурагны өмнө зогсож байгаад зургаа авхуулдаг, сельфиддэг байсан. Зарим нь энэ зургийг зарах уу гэж ч асуудаг байлаа.

ӨНГӨТ АРТ: Сая 12 сарын 9-нд манай “Уран зургийн цахим худалдааны галерей” www.arty.mn ээс дүрслэх урлагийн чиглэлээр суралцдаг 3, 4 дүгээр дамжааны оюутнуудын дунд “ӨНГӨТ АРТ – 2022” уралдааныг зохион байгууллаа. Монгол зураг, уран зургийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд “Болзоо”, “Агуу хайр, эрх чөлөөг үлдээгсэд”, “Хайраас ургасан бүтээл”, “Хайр” гэх мэт бүтээлүүд шалгарч 300000 – 1 сая төгрөг, сайтанд уран бүтээлээ байрлуулах эрхүүдээр шагнагдсан. Тус тэмцээнийг бид нар жил болгон зохион байгуулна.

Урлаг гэдэг бол үнэхээр гоё таашаал өгөх ажил, ямар ч стресс үүсдэггүй, мэлмий нээгддэг. Хоёр жилийн өмнө харсан зураг болгоноо ямар гоё юм бэ гэж хий дэмий дуу алддаг байсан бол одоо бага зэрэг “уншдаг” болж байгаа.