БИ БИШ БИД, МИНИЙХ БИШ МАНАЙХ

1990-ээд оны өөрчлөлтийн дараахан байсан учраас хээрийн морин аяллын хэрэгсэл дутмаг, Дархадын хотгорынхон гадныханд морь унуулах тухай битгий хэл гадаад жуулчин хүлээж авах талаар ямар ч  ойлголт мэдлэггүй байсан билээ. Мөн Монголчууд өөрсдөө ч тайгын амьдрал, Дархадын хотгорын тухай мэдлэг нимгэн байсан юм. ТАЙГЫН МОРИН АЯЛЛЫН маань эхний жилүүдэд алдаа оноо ч их байлаа. Тус аяллын хамгийн анхны шанг татсан хүмүүс бол Ренчинлхүмбэ сумын сум нэгдлийн дарга, зоотехникч хийж байсан Ж.Мишиг ах болон хөрөнгө оруулагч Кент нар юм. Энэ хоёр маань эдүгээ 70 нас гарчихсан байна.

АНХНЫ ЖИМ: Кент эхнэр Линдагийн хамтаар 1992 онд Монголд ирж цаатнуудыг зорьж Ж.Мишиг ахтай хамтран аялснаар Бүүжим экспедишн компаний “Тайгын морин аялал”-ын эхлэл тавигдсан билээ. 1994 оноос хойш тасралтгүй явагдсан аялал маань ковидын 2 жилд л түр зогссон. Эхэн үедээ адуутай, адуучинтай байж үзсэн ч сайн шийдэл биш байсан учраас адуугаа бүгдийг нь зараад нутгийн иргэдээс морь түрээслэн ажилладаг болсон. Бидний анхны гаргасан жим бол “Мөрөн, Улаан-Уул, Цагаан нуур, Зүүн Тайга, Ренчинлхүмбэ, Жиглэгийн даваа, Хатгал” гэсэн чиглэл байсан. Эдүгээ манай морин аяллыг  Австрали, Португал, Аргентин, Уругвай, Шинэ Зеланд, Америк, Канадын  компаниуд борлуулж байна. Тайгынхан маань ч жуулчин хүлээж авах мэдлэг боловсролтой болоод гайгүй түвшинд хүрчихлээ.

СУМЫН НҮҮДЭЛ. Бидний оролцсон хамгийн  том сурталчилгаа  Английн ВВС телевизийнхэн хийсэн Tribe гэдэг Ренчинлхүмбэ сумын малчдын  бэлчээр сэлгэн нүүдэг  өвлийн нүүдлийн тухай баримтат кино. Английн аялагч Брус Пэрри  малчин айлд амьдарч, хамтдаа  нүүдэл хийж тэдний амьдралын хэв маягийг байгаагаар нь харуулсан нь гадныхны сонирхолыг  Дархадын цэнхэр хотгор руу  их татсан. Дараа нь National Geographic сэтгүүл дээр энэ нүүдлийн тухай нэлээд том нийтлэл гарсан.

11 НАСТАЙ АВСТРАЛИ УНААЧ. 2008  онд Австрали хүү Ангус Парадайз гэр бүлийн хамт  Монгол орноор аялахдаа наадмын хурдан морины уралдаан үзсэн. Тэр үед монгол хүүхэд хэдэн нас хүртлээ наадамд морь унаж болдогийг асууж билээ. Гэтэл эх орондоо буцсаны дараа бүтэн жил морь унаж бэлтгэл хийгээд ирэх жил нь буюу 2009 онд ирж Хатгал сумын наадамд 5 насны морь унаж уралдаад багагүй амжилт үзүүлсэн. Гэр бүл нь энэ тухай баримтат кино хийсэн нь Австралид  Монголын морин уралдааны  тухай том сурталчилгаа болж өгсөн. 

ОРГИЛ НЬ СОДУРА-ГИЙН ДАРАА. Биднийг Тайгын морин аяллаа эхлүүлж байхад Улаан-Уул, Ренчинлхүмбэ суманд бараг гадны хүн очдоггүй байсан цаг үе байлаа. Одоо бол Баруун, Зүүн тайга, тэнд хүмүүс яаж амьдардаг талаар мэдэхгүй монгол, гадаад хүн бараг байхгүй болсон. 2000 оноос маш олон компани тайга руу морин аялал хийж эхэлсэн. Тайгын морин аяллын оргил нь Содура киноны дараах үе бөгөөд тэр үеэс Монголчууд тайгыг илүү  сонирхож эхэлсэн гэхэд болно.

ХОНЬТОЙ НЬ ХОНИО ӨГ. Манай компани бүх аяллын орлогоосоо, мөн жуулчдын өгсөн хандивын мөнгөөр “Бүүжим - сайн үйлсийн сан” байгуулсан. Бид аяллынхаа явцад Ренчинлхүмбэ суманд сайн англи хэлний багш байхгүй, эрүүл мэндийн хувьд асуудал их, ходоод, элэгний хорт хавдрын өвчлөл өндөр байгааг мэдсэн. “Хавдартай  тэмцэх сан”-г нутгийн иргэдийн оролцоотойгоор байгуулж,  хоньтой нь хонио өг, тусалж чадах бүхнээрээ хамтарцгаая хэмээн уриалж цуглуулсан хөрөнгөөрөө Улаан-Уул, Цагаан нуур, Ренчинлхүмбэ сумын иргэдийг хелико бактери болон элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулсан. “Нүүдлийн  гэр эмнэлэг” байгуулж нэр хүндтэй эмч нарыг  ажиллуулан  Ренчинлхүмбэ сумын иргэдийг үзлэгт хамруулж сумын эмнэлэгт хоёр өрөөг тохижуулсан. Мөн “Дархадын мэдээ” сонин гарган, “Эмчгүй газарт” нэртэй номыг гарын авлага болгон тараасан. Ж.Мишиг ах маань энэ гурван сумын нутагт хаана юу байгааг андахгүй, хүмүүсээ сайн мэддэг, хаана хэнд юу хэрэгтэйг сайн мэдээлдэг байлаа.

ТУВА ЦАГААН ТОЛГОЙ. Тайгын хүүхдүүд тува хэлээрээ яриад байгаа боловч бичиж мэдэхгүй байсан. Ярианы хэл байгаа ч бичгийн хэл нь байхгүй бол тухайн хэл мөхөх аюултай. Бид тува хэлний цагаан толгойг гарын авлага болгон  хэвлүүлж, Тувад сургууль төгссөн багштай хамтран зуны сургалт явуулсан. 1990-ээд оны дундуур хүүхдүүд мал дээр гараад бичиг үсэггүй хүүхдүүд ихэссэн байсан учраас Ренчинлхүмбэ суманд “Гэр сургууль” байгуулсан. Нэг айлаар нь түлээ бэлдүүлж, нөгөө айлаар нь ус зөөлгөж, бид нар хичээл заах багш нарыг хариуцсан. Хавар нь сумын сургуулийн багш нараар шалгалт авхуулж түвшинг нь тогтоолгоод намар тохирох ангид нь элсүүлснээр тайгын хүүхдүүд маань сургуулийн сурагч болсон. Мөн гурван сумдын хүүхдүүдээс Булган аймгийн МСҮТ-д малын эмч, хөдөө аж ахуйн чиглэлээр сургах ажлыг зохион байгуулсан. Ханх, Ренчинлхүмбэ суманд гадаадын иргэдийг аваачиж англи хэлний багшаар ажиллуулж, нутгийн багш нарын чадамжийг сайжруулсан. Энэ бүх ажилд манай хөтөч-тайлбарлагч нар маань хамгийн идэвхитэй оролцдог.

ТООЛЖ ҮЗЭЭГҮЙ. Ковидын үеэр ч сайн үйлсийн ажлаа бид  зогсоогоогүй. 2017 оноос ЕБС-ийн 40-р сургууль дээр англи хэлний танхимыг тохижуулан, ярианы англи хэлний клуб хичээллүүлсэн нь одоо ч маш амжилттай байна. Тусгай хэрэгцээт боловсролын 63, 70-р сургуулиудтай хамтран ажилласаар байна. Эргээд бодоход  бид  хэдэн төгрөгний хэчнээн зүйлийг хийж бүтээснээ тоолж үзээгүй юм байна, зөвхөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдийн ирээдүйд байнга тусалж байх ёстой гэсэн сэтгэлээр хандаж ирсэн.

ЗУЛАА ТЭГСЭН ҮҮ, ЭНХЭЭ ИНГЭСЭН ҮҮ. 1984 онд АНУ-д Кент, Линда хэмээх гэр бүлийн хоёр байгуулсан компани Монгол дахь салбараа 1992 онд байгуулсан юм. Анх Америк дахь “Бүүжим”-ийн оффист яваад очиход маш энгийн санагдсанаас гадна ахынхаа гэрт ирсэн юм шиг сэтгэгдэл төрж билээ. Бид нар үргэлж “Бүүжимийн гэр бүл” гэж ярьж бичдэг. Кент, Линда хоёрын байгуулсан компанийг миний бие, дүү Д.Ариунболортойгоо үргэлжлүүлж яваа билээ. Манайхан “Би биш бид, минийх биш манайх” гэж ярьж бичсээр ирсэн нь компаний “соёл” болж хэвшсэн. Жуулчиддаа и-мэйл бичих, мэндчилгээ дэвшүүлэх зэрэгт үргэлж “Бүүжимийн гэр бүлээс” гэж бичдэг. Миний хувьд “чи тэгсэн үү, чи ингэсэн үү...” гэж дуудахаас илүү “Зулаа тэгсэн үү, Энхээ ингэсэн үү...” гэж аль болох нэрээр нь дуудаж хүндэтгэлтэй харилцаж ирсэн. Энэ бүхэн Бүүжимийн гэр бүлээс суралцсан эрдэм байлаа.