Нийслэлийн хамгийн дурсгалтай, тэгээд бас сонирхолтой, өөрийн гэсэн онцлогтой газар бол яах аргагүй Жанжин Д.Сүхбаатарын талбай юм.
Нэгдүгээрт, бүтцийн хувьд сайн, муу онцлог бий. Тухайлбал, дэлхийн олон улс орнуудын талбайнууд дотор тэг дөрвөлжин хэлбэрийн талбай бараг байхгүй. Дэлхийд алдартай Оросын Улаан талбай, Хятадын Тянь Аньмин талбай гэх мэт нь урт гонцгой хэлбэртэй. Манай талбай гантиг чулуун чимэглэлтэй гэдгээрээ онцгойрдог боловч цас орсон үед хальтарч унах аюул бий.
Хоёрт, түүхийн хувьд онцлогтой. Жанжин Д.Сүхбаатар Ардын журамт цэргийг удирдаж 1921 оны 3-р сарын 18-нд Хиагтад ялалт байгуулаад 7-р сарын 11-нд Их Хүрээнд цэргээ дагуулан ирж одоогийн энэ талбай дээр Ардын хувьсгал ялсныг тунхагласан. Д.Сүхбаатар ид залуу насандаа нас барсан хэдий ч түүний гавъяаг дурсан санаж байх үүднээс эл талбайг нэрээр нь мөнхжүүлэн Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор морь унасан хөшөөг нь байгуулсан билээ. Нэг талаас жинхэнэ үнэн түүх ийм боловч нөгөө талаас хэрвээ энэ жанжин арай илүү урт насалсан бол магадгүй их хэлмэгдүүлэлтэнд өртөж алдар гавъяа нь үгүйсгэгдэх байсан ч байж магадгүй. Энэ хөшөө ба талбай ийнхүү мөнхөрч үлдэх байсан болов уу, үгүй болов уу гэдэг асуулт үлдээсэн юм.
Гуравдугаарт, байршлын хувьд онцлог. Жанжин Д.Сүхбаатарын талбай нийслэл Улаанбаатар хотын маань зүрх нь болсон газар төдийгүй хотын анх шав тавьсан газар байрладаг. Анх удаагаа хотод ирсэн хүн ямар ч байсан энэ талбайг хүнээс асуулгүй олно. Хөдөөгийн хүмүүс болон нэг төгсөлтийнхний уулзаж учирдаг газар, дурлалт хосуудын болзооны газар, хуримаа хийгсдийн заавал ирж хүндэтгэл үзүүлдэг газар, хүүхэд багачуудын цуглаж нийлдэг газар билээ.
Дөрөвдүгээрт, олон нийтийн дуу хоолой болсон газар. Энэ газарт Ардын хувьсгалыг тунхагласан, Социалист Монголын олон зуун бүтээлч аяны уриа лоозон цуурайтсан газар, Ардчилсан хувьсгалын жагсаал цуглаан өрнөж, нийгмийг шинэчлэгчдийн индэр болсон газар, орчин үед байгууллага хамт олны хийж бүтээж буй болон хийх гэж байгаагаа танилцуулан сурталчилдаг газар, дотоодын болоод гадаадын урлаг соёлынхны уран бүтээлээ толилуулж дуу хуураар бялхдаг газар гэх мэтээр тоочно.
Тавдугаарт, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй газар. Эргэн тойронд нь хэчнээн их гоё ганган, шилэн, олон давхар барилга байшин баригдсан ч сүрлэг хэвээрээ байдаг. Улаанбаатар хотын захиргааны байшин, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны байшин, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын байшин, Гадаад Харилцааны Яамны байшин гэх мэт олон хуучин барилгууд нь социализмын үеийн сонгодог загвараар баригдсан тэр л хэвээрээ байгаа. Энэ талбайд ирсэн ямар ч гадаадын жуулчин Central tower, Blue Sky tower, Хангарьд ордон зэргийг тоодоггүй бөгөөд талбайг тойрсон нөгөө хэдэн хуучин сонгодог барилгуудыг л асууж сонирхон зургийг нь авч байгаа харагддаг.