Үнэхээр Монголд ингэж ажиллаж амьдарна гэж төлөвлөх битгий хэл төсөөлөө ч үгүй байсан. Миний хувь тавилан гэх үү, эсвэл аз гэх үү. 2000 оны эхээр санамсаргүй байдлаар Монголд ирсэн. Энэ улсад яагаад ямар нэгэн зүйл хийж болохгүй гэж бодсон, тэгээд Монголд аялал жуулчлал эхлүүлэх хөрөнгө оруулагч олж чадсан. Миний мэргэжил аялал жуулчлалтай холбоотой учраас Францаас жуулчдыг Монгол руу чиглүүлэх ажилд шулуудан орсон.
ЭСРЭГЭЭР НЬ ХИЙДЭГ. Wind of Mongolia компани бол эсрэгээр нь явахыг хичээсэн. Жишээ нь, ихэнх тур операторууд олон хүнтэй групп жуулчид авахыг хичээдэг бол би дандаа ганц, хоёроороо явах дуртай хувь хүмүүсийг авч эхэлсэн. Монголд хоол ба хоолны төрөл муу гэдэг, би албаар Монголын хоолыг сурталчлах аялал хийдэг. Энэ л ялгарах онцлог байсан. Өвлийн аялал жуулчлалын зах зээл дээр бараг манай компаний Wind of Mongolia гэж маш том баг ажилладаг. Франц жуулчин бол хүн багатай үед, бүх зүйл өөрсөд рүү хандаж чиглэх боломжтой цаг үе, нөхцөлд аялахыг хүсдэг. Аялал жуулчлалын хөл хөдөлгөөнтэй газруудаас холхон, аль болох хүнгүй зэлүүд газар л явмаар байна гэсэн хүсэлтүүд ирдэг. Өвлийн үед хэдийгээр маш бага хүмүүс аялдаг боловч тэдний хувьд илүү хүсэл, зорилготой байдаг учраас нааш нь чиглүүлж татахад амархан байдаг.
ӨВЛИЙН МАЙХАНД: Аялал жуулчлалын бус газруудаар голчлон явдаг учраас нэг уулын мухарт ганц, хоёр гэрээрээ байгаа малчин айлд шууд очно. Нөгөө малчин айл маань хүлээж авах уу, үгүй юу гэдэг асуудал байна. Хүлээж авлаа гэхэд тухайн малчин айлын гэрт жишээ нь аяллын 5 хүний бүрэлдэхүүнтэй багийг багтаах зай байгаа юу. Орчуулагч хөтөч, жолооч, жуулчин гээд бүгд нэг айлд шууд “дарамт” үүсгэж магадгүй. Тийм учраас жуулчиддаа өвлийн майхан байгаа гэдгийг хэлж жуулчныхаа хувийн орон зайг бий болгох санал тавихад жуулчид дургүйцдэггүй, асуудал үүсгээд байдаггүй. Францууд өөрийгөө сорих дуртай, сонин нөхцөл байдлаас хэрхэн яаж өөрийгөө авч гарах уу гэдгээ мэдэх мэдрэх дуртай хүмүүс юм.
ЭРЖ ХАЙДАГГҮЙ. Аялал жуулчлал эрхэлдэг бусад захирлуудын ихэнх нь өөрсдөө хөтөч хийж үзээгүй байдаг. Тийм учраас аливааг хөгжүүлье гэсэн талаас нь хардаггүй, маш олон боломж байсаар байтал нэг л тогтсон шугам дээрээ байх дуртай, ингээд аваад болоод байдаг юм, тэгээд болчихдог юм гэсэн уламжлалт хандлагатай. Ганцхан аялал жуулчлал дээр ч биш, монголчуудын ажиллуулдаг ресторан, зочид буудлуудын үйлчилгээ бүгд ижил. Бүгд зүгээр л ийм байдаг гэж боддог, бүгд нэг хэв загвартай, тэрнээсээ гаръя, өөрсдийгөө ахиулъя гэж хардаггүй, цаашид яавал болох вэ гэдгийг эрж хайдаггүй гэж би боддог. Зөвхөн өнөөдрөөрөө “би болж байна” гэж амьдардаг.
ӨВӨЛ ЗУНЫ ЯЛГАА БАЙХГҮЙ. Миний харж байгаагаар Монголд өвлийн байтугай зуны аяллын мэргэжлийн хөтчүүд ч алга байна. Зуныхаа аяллыг сайжруулж чадаагүй байж өвлийн аяллыг сайжруулна гэж ярих утгагүй. Ер нь өвөл, зуны аялалд бараг ялгаа байхгүй, өвөл бол багахан нэмэлт ажиллагаа л бий. Ирж байгаа жуулчдын 20% ч өвлийн жуулчлалд хүрэхгүй. Тэгэхээр зуныхаа аяллын үйл ажиллагаанд түлхүү анхаарч хөтчүүдээ сайжруулж шинээр сургах хэрэгтэй. Зуны аяллыг стандартын хувьд чанартай болгочихвол өвлийн аялал нь өөрөө дагаад хөгжчихнө. Монголд аяллын хөтчийг “мэргэжил” гэж үзэхгүй байна, энэ буруу. Бүх аялал хөтчөөс шалтгаалдаг.
ГАЗРААР “ТУУШИНДСАН”. Засгийн газар өнөөдрийг хүртэл аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар ч алхам хийсэнгүй. Засгийн газраас тодорхой стандарт шаардлага гаргах ёстой. Мэргэжлийн хөтөчтэй байх, авиа компаниуд бизнесийн ёсзүйтэй байх гэх мэт асуудалд Засгийн газар зохицуулалт хийж өгөхгүй байна, тэгвэл маш хялбархан болно. Тэр бүхнийг шийдэхгүй бол бид нар доор нь мянга тийчигнээд нэмэргүй. Бидний цааш хөгжих боломжийг, амжилтыг үргэлж хаасаар, саад тээг болсоор ирлээ. Жишээ нь, бид нар Ховдоос Завхан руу тэмээн аялал явуулаад, Завханаас УБ хот руу нисэх байтал нислэгийг цуцалчихсан байсан. Ард нь олон улсын нислэгтэй учраас маш хурдтайгаар газраар “туушиндсан” гэж хэлж болно. Ийм аялал жуулчлал гэж байдаггүй юм аа, бас байж болохгүй ээ.
ЗУГТААГААД Л БАЙГАА. Орон нутгийн нислэгүүдийг цуцлаад байхаар бид нар яаж аяллын улирлыг уртасгах юм бэ. 9 сарын 16-наас хойш нөгөө топ газар болох говь руу ч нислэг байхгүй болсон. Ийм нөхцөлд өвлийн аялал жуулчлалын тухай ярих бүүр ч утгагүй. Нислэгээ болилоо, нисэхгүй гэж л хэлдэг болохоос “яагаад” гэдгээ тайлбарлаж хэлдэггүй. Бид нар хөгжүүлэх гээд хичээгээд байхад нөгөө талд нь нураах ажил хийдэг. Одоо бид нар аргагүйн эрхэнд орон нутгийн нислэгтэй аяллуудаас зугтдаг боллоо, уг нь аль хэдэн жилийн өмнөөс зугтаасан боловч нислэгтэй аялал яаж ийгээд зарагдчихдаг талтай. Бид нар чадлаараа л зарим зүйлээс зугтааж тойрч байгаа боловч ямар нэгэн байдлаар тэр асуудал гарч ирээд зам дээр тээглэчихдэг. УБ дахь наадмаас зугтаана, түгжрэлээс зугтаана, нүхэн жорлонгоос зугтаана, Тэрэлжээс зугтаана, орон нутгийн нислэгээс зугтаана ... зугтааж л байгаа, уг нь.
“БҮҮМ” АЯЛАХГҮЙ. Засгийн газрын ямар ч зохицуулалт, менежмент байхгүйгээр дотоодын аялал явж байх шиг байна. Миний харж байгаагаар 5 жилийн дараа гэхэд монголчууд ингэж “бүүм” аялахгүй болно. Учир нь татагдаад байсан байгалиа нэг удаа бол үзээд амжчихна, харин тэнд үйлчилгээ гэдэг зүйл байхгүй учраас дахин дахин очоод байна гэж байхгүй. Энэ бол ямар ч оронд байдаг жуулчны сэтгэхүй. Засгийн газрын улирдлагууд нэг сая жуулчин авна гэж зүгээр л юу ч бодохгүй хэлж тунхагладаг. Нэг сая жуулчин авахын төлөө ямар бодитой алхам, зохицуулалт хийх вэ гэдгээ хэлдэггүй. Хэрэгжих боломжгүй, улс төрчдөөс хамааралтай хоосон өгүүлбэр хэлдэг.
ХЭЛСНИЙХЭЭ ЭСРЭГ ХИЙДЭГ. Ялангуяа дэлхийн жуулчдын хандлага олон хүнтэй групп аялал биш, хувь аялагч, ганцаарчилсан аялагч руу чиглэж байхад ямар нэгэн олноороо цугларах цогцолбор барих тухай бодоод байдаг. Жуулчдын хүсээд байгааг мэдээд байх шиг хэрнээ тэрнийхээ эсрэг юм хийдэг. Тухайлбал, Монголын дарга нар гадаадын жуулчид манай онгон дагшин байгаль, зэрлэг уудам тал нутгийг харах гэж, Монголын нүүдлийн соёлыг мэдрэх гэж ирдэг гээд ТВ-ээр их ярьдаг хэрнээ нөгөө уудам талдаа “ямар нэгэн шавар цогцолбор” барина гээд эсрэг юм хийгээд явчихдаг. Бааз нь баазын үйлчилгээгээ, тур операторууд нь жуулчин урьж авчрах ажлаа л сайн хийх хэрэгтэй. Хөтөч нь хөтчийн ажлаа, жолооч нь жолоогоо аюулгүй сайн барих л үүргээ гүйцэтгэх ёстой. Гэтэл Монголд жолооч нь хувиараа “аялал зарах” гэж оролдоно, хөтөч нь бас аялал зарах гэж зүтгэнэ. Эдгээрийг “мэргэжлийн” гэж хэлдэггүй юм аа.