ИЙМ ХЭМЖЭЭНИЙ МУЗЕЙ ДАХИАД 10 ГАРУЙ БАРИГДАХ ХЭМЖЭЭНИЙ ӨВ БИЙ.

ЧИНГИС ХААН МУЗЕЙ 2022.10.11-ний Мягмар гарагт олон түмнээ нээлтээ хийсэн. XIII зууны үед холбогдох дурсгал хэр зэрэг байдаг, нэг  ч хааны булш олдсонгүй гэж хүмүүс их ярьдаг. Булш олсноороо Монголын соёлыг сурталчилна гэж үзэж болохгүй. Монгол нутаг дээр байгаа өв соёл бол бүгд Чингис хааны өв соёл, түүний дээдсийн өв соёл, түүний удмынхны өв соёл, түүний үлдээж хоцроосон түүхийн асар их ул мөр. Эдгээрийг Чингис хаанаас салгаж ойлгох боломжгүй.

Чингис хаан музей байгуулах тухай төр засгийн шийдвэрийн дараа хоёр ажил хийгдсэн. Чингис хаан музейн барилга архитектурын асуудлыг шийдэх, нөгөө нь Чингис хааны музейн үзэл баримтлалыг тодорхойлох асуудал байсан. Миний бие энэ үзэл баримтлал ямар байх ёстой вэ гэсэн төслийг бичиж 2019 оны 9 сарын 16-нд Төрийн ордонд Засгийн газрын санаачилгаар зохион байгуулсан эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг дээр танилцуулж хэлэлцүүлсэн. 

ХҮМҮҮС ҮЛ ИТГЭСЭН. Мэдээж нийгмийн хувьд маш их эсэргүүцэл байсан, ялангуяа энэ байран дээр байсан хуучин барилгыг нураах асуудал эсэргүүцэлтэй тулгарсан. Нэг талаас хүмүүсийн үл итгэсэн байдал, нөгөө талаас улс төрийн эрх ашгийг харсан байдал, бас хэн нэгний хувийн сонирхол ч байсан байж магадгүй. Ямартаа ч тухайн үеийн Засгийн газар шийдвэрээ эрчимтэй хэрэгжүүлсэн. 2020 оны 4 сарын 2-нд музейн барилгын шав тавих ёслолыг үйлдсэн.

БҮРЭН АВТОМАТ ХЯНАЛТТАЙ. Музейн барилга 1.6 жилийн дотор баригдаж дууссан. Барилгын үзүүлэлт, дэглэлтийн хэмжээгээр Ази тивд эхний аравт орохоор хэмжээний үзүүлэлттэй. Музейн барилгын аюулгүй байдлын хувьд бүрэн автомат хяналттай УБ хотод байгаа хоёрхон барилгын нэг. Музейг барьж байгуулах хөрөнгө оруулалтыг 100 хувь Монгол Улсын төсвөөс бүрдүүлсэн. Барилгын зураг төсөл, үзүүллэгийн дизайн зэргийг ч дан монгол мэргэжилтнүүд хийсэн. Эх үзмэр, олдворуудыг маш сайн хайрцаг саванд хадгалах ёстой учраас сан хөмрөгийг хадгалах, үзүүлэх тоног төхөөрөмжийг стандартын шаардлагад нийцүүлэн бэлдсэн.

Энэ музей бол зөвхөн үзмэр үзүүлэх газар биш, Монголчуудын хувьд эрдэм шинжилгээ, судалгааны төв, соён гэгээрэл танин мэдэхүйн төв, бас Монголын аялал жуулчлалын томоохон төв юм. Солонгос, Казахстан гэх мэт орнуудад нэг музейг барьж байгуулах, үзмэр үзүүллэгийг бэлдэхэд хамгийн багадаа 15 жил, Солонгост бүр 22 жил зарцуулсан түүхүүд байдаг. Манай Монгол Улс эрчимтэй санхүүжүүлж маш богино хугацаанд бүтээн босгож байгаа музей юм.

МУЗЕЙН ЦОО ШИНЭ ҮЕ. Музейн барилга бол XXI зууны Монголын нийгэмд зориулсан XX, XXI зуун дамнасан сүүлийн 100 жилийн хамгийн том бүтээн байгуулалт юм. Музейн салбарын нэг цоо шинэ үеийг бий болгож музейн үзүүллэг, дэглэлт бүгд шинэ технологиор хийгдэж байна. Улс орнуудад тархаж үлдсэн Монголын түүх соёлын албан ёсны зөвшөөрөлтэй хуулбаруудыг ирүүлж байна. Хамгийн тэргүүнд музейн үндсэн үзүүллэгийг олон улсын стандартад нийцүүлж дэглэх ажилд түлхүү анхаарч байна.

ЭХ ҮЗМЭР 92%. Музейн нийт үзмэрийн 92 хувь нь эх үзмэр бөгөөд энэ 92 хувь бол Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалагдаж буй нийт дурсгалын 10 хувьд ч  хүрэхгүй. Тэгэхээр ийм хэмжээний музей дахиад 10 гаруй баригдах боломжтой гэсэн үг юм. Эх үзмэр, үзүүллэгийн хувьд манай музей олон улсын түвшинд өндөр үзүүлэлттэй байгаа. Чингис хаан музей байгуулагдсанаар бас нэг томоохон боломж нээгдсэн нь дэлхийн хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулах нөхцөл бүрдсэн. Өнөөдөр Монгол Улсад түүх, соёлын өвийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулах стандарт бүхий аюулгүй байдлыг хангасан газар алга. Энэ музейд ямар ч үзэсгэлэнг хүлээж авах боломжтой.

ҮЗЭЭД МЭДЭГ. Монгол нутаг бол бүх цаг үед Монголчуудын эзэмшил байсан. Монголын Алтан урагийн хаадын булш бунханыг хайж олох, судлах сонирхол бага байгаа, цаг нь болсон уу, эс болсон уу гэдэг асуудал юм. Гаргаад ирлээ гэхэд сэргээн засварлах нөхцөл ямар байгаа билээ, аюулгүй хадгалах нөхцөл ямар байгаа билээ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ музей байгуулагдсанаар магадгүй хойшид үндэсний хэмжээний томоохон экспедицүүд ажиллахыг үгүйсгэхгүй. Дэлхийн монгол туургатнууд, Монголын ард түмэн, олон улсын жуулчид Монголын Эзэнт Гүрний үеийн дурсгал ямар хэмжээнд хангалттай байгаа вэ гэдгийг энэ музейг үзээд мэдэг. Бид нар олдсон бүх үзмэрийг тавиагүй, харин тэр дотроос шилж үзүүлсэн байгаа. Чингис хаан музей бол хэдхэн ажилтны мэдлийн газар биш, Монгол түмний өмч, тэгэхээр хүн болгон хүндэтгэл, зорилго, хүсэл мөрөөдөлтэйгөө оролцож хамтран ажиллаж болно.