БИД ГАЗАР ДООГУУР БАРАГ ХОТ БАЙГУУЛСАН

7200 ХҮНИЙ ХҮЧ: Үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд “Аялал жуулчлалын цогцолбор” бүхий Скай ресорт байгуулах төслийн судалгаа 2005 онд эхэлсэн. Гольфийн талбай, цанын бааз байгуулах төсөлд 35 сая долларын хөрөнгө оруулалт босгосон. Дэлхийн сандартад нийцсэн 18 нүх бүхий Mount golf төвийг байгуулахын тулд асар урт бэрхшээлтэй замыг туулсан бөгөөд газар доогуур хот байгуулах хэмжээний ажил хийгдсэн юм.

Хад асга ихтэй байсан учраас бул чулуунуудыг ухаж гаргах, 300тн метр куб хөрс хуулах, хайрга дайрга элсээр түрж тэгшлэх, 30 км шугам хоолой татах, 80 км холбоос бүхий бүтэн талбай бүрэх, 73 мянган метр урт усалгааны систем байрлуулах, 159 мянган метр куб эзлэхүүнтэй 5 хиймэл нуур үүсгэх, ус дамжуулах шугам хоолой тавих, гүний болон ундны усны худаг гаргах, ус цэвэршүүлэх байгууламж, насос станц, дизель станц байгуулах, үерийн уснаас хамгаалах байгууламж, авто зогсоол, golf cart явах асфальт хучилттай зам тавих, гольфийн засвар үйлчилгээний төв байгуулах гэх мэт нүсэр ажлуудыг гүйцэтгэсэн. Энэ бүх ажилд Монголын 144 компанийн 7200 хүний хүч хөдөлмөр шингэсэн юм.

НАРИЙН ЗУРАГЛАЛ: АНУ, Францын туршлагатай компаниуд гольфийн талбайн зураг төсөлд шалгарч өргөн хэмжээний судалгаа явуулсан. Цаг агаар, салхины хурд, чиглэл, усны хангамж, хур тунадас, чийгшил гэх мэт бүгдийг судалсны үндсэн дээр гольфийн нэгдүгээр нүх хаана байх вэ, хоёрдугаар нүх хаана байх вэ гэх мэтээр тогтоосон. Салхины уруу тоглох уу, эсрэг тоглох уу, дунд нь мод суулгах уу, аль хэсгийн газрыг өндөрлөх вэ, аль хэсгийг хотойлгох вэ, хаана хэдэн см овоолох вэ, хэдэн см ухах вэ гэх мэтээр маш нарийн тооцоолол бүхий хэлбэржүүлэн дүрсжүүлэх зураг төслийг гаргуулснаар энэ талбай бий болсон. Талбайд 3500 мод тариалж, ус дахин ашиглах технологи нэвтрүүлсэн.

“ШАЛГАРСАН” ДӨРВӨН ҮР: Тохирох зүлгийг тарьж ургуулах туршилтанд бүтэн 6 жилийг зарцуулсан байдаг. 2005 онд Канад, Голланд гэх мэт цаг агаар, уур амьсгалын хувьд ойролцоо орнуудаас зүлэгний үрээр дагнасан бизнес хийдэг компаниудаас 36 төрлийн үрийг авчирч Дэвшил компаний туршилтын талбайд өөрөө барьж очоод 2 жилийн турш 8 улирал дамнуулан тарьж, бордож янз бүрээр арчилсан боловч оролдлогууд бүтэлгүйтсэн. Хавар нь ажиглаж үзэхэд нөгөө 36 төрлийн үрнээс ердөө 4 нь Монголын өвлийг тэсэж үлдэж магадгүй байсан. “Шалгарсан” 4 үрийг 2011 оноос Скай ресортын 136 га талбайд тарьж эхэлсэн.

“ЧАДВАРТАЙ” ӨВС БОЛОХ БАЙХ. Зуны саруудад маш сайхан ургаад хавар нь бүгд хатаад хэрэггүй болсон байсан. Үхсэн өвсийг үндэстэй нь хамт хөрсний хуулалт хийж шинэчлээд дахин тариалахад 2012, 13 онд дахиад л бүтэлгүйтсэн. Энэ мэтчилэн тохирох зүлэгний үр сонгох гэж 2005 оноос 6 жил, талбайдаа 2011 оноос тариалж үхүүлсээр 4, 5 жил зарцуулж байж 2015, 16 оноос учрыг нь олж эхэлсэн байдаг. Энэ хооронд дэлхийн гольфийн талбайн зүлэгжүүлэлтийн хамгийн туршлагатай гэх 4 хүртэл агрономичийг өндөр цалин хөлсөөр урьж ажиллуулсан ч Монголын хөрсөнд гольфийн зүлэг тарих ажилд “бүдэрч” бүгд нутаг буцацгаасан. Нэг мэргэжилтэн нь “би лав Монголд гольфийн өвс ургуулж чадахгүй юм байна, хэрвээ Монголд гольфийн өвс ургавал тэр нь дэлхийн аль ч өнцөгт ургах чадвартай өвс болох байх” гэж хэлж билээ.

МӨЛХӨХ ШАХАМ АЖИЛЛАСАН. Эцэст нь үндэсний мэргэжилтнээ гадаадад сургаж бэлдсэнээр өөрийн технологи бүхий гольфийн ногоон хөндийг бий болгосон. Усалгааг цагаан сарын дараа шахуу эхэлж, зулхай дэвсэх мэт гар аргаар цасаар хучиж, хиймэл цас оруулж, салхи хагалагчаар хамгаалах гэх мэт бараг өвснийхөө ширхэг бүрт нь мөлхөх шахам олон туршилтыг хийсний үр дүнд талбайн суурь тавигдсан. 2017 оноос талбайн зүлэгний эрсдэл арай багассан. Одоогийн байдлаар Скай гольфийн талбайд 4 төрлийн зүлэг ургаж байна. Талбайн өвсийг өвчлүүлэхгүй байх, өвөл унтуулах, элсээр хучих, цасаар хучих, агааржуулалт хийх гэх мэт технологиудыг нарийн шат дараалалтай хийж байна. Хэдийгээр ингээд зүлэгнийхээ учрыг олсон ч гэсэн ирэх өвөл, хавар ямар цаг агаартай байж, яаж тэсэж үлдэхийг мэдэхгүй, өөрөөр хэлбэл энэ зуны өвс 100% үлдэж чадна гэж найдаж болдоггүй. Ямар ч цасгүй, хуурай, хүйтэн салхитай өвөл болчихвол хэцүүднэ. Жил болгон 20% нь үхнэ, 30% нь үхнэ, заримдаа 60-70% ч үхэж магадгүй, тэр болгоныг буцаагаад нөхөж тариалахаас өөр аргагүй. Бидний тариалж буй нэг үр бол олон судлаач эрдэмтдийн туршилтаар 20 гаруй төрлийн үрнээс эрлийзжүүлж гаргаж авсан, өвлийн улиралд тэсвэртэй “Т1” хэмээх канад гаралтай үр байдаг. Энэ үрээр тариалсан маш нарийн ширхэгтэй зүлгэн дээр олон улсын гольфчид сэтгэл хангалуун тоглодог.

ДӨРӨВХӨН ММ ҮЛДЭЭСЭН Ч ҮХДЭГГҮЙ. Бид нар талбайн өвсийг өглөө болгон хадаж тоглогчдыг ирэхээс өмнө бэлддэг. Байгалийн өвсийг 2 см хэртэй үлдээгээд хадчих юм бол “шоконд” ороод шарлаад үхчихдэг, амьдардаггүй. Харин гольфийн өвс юугаараа ялгаатай вэ гэхээр тэр тайралтыг даадаг, тэсвэрлэдэг. Манай талбайн нэг төрлийн өвс нь 1 см үлдээж хадахад яах ч үгүй. Нүхэнд ойрхон байх green өвсийг 4 мм хүртэл хадахад ч үхдэггүй. Тийм учраас олон улсын стандартад нийцсэн талбай байгуулахын тулд тэр стандартыг бий болгож чадах өвсний үрийг л тариалах ёстой. Байгаль дээрхи өвсийг шууд хадаад гольфийн талбай болгож чадахгүй.

ЭМЭГТЭЙ ГОЛЬФЧИД 20%: Монголчууд 20 орчим жилийн өмнөөс гольф тоглож эхэлсэн бөгөөд 200 гаруй гишүүнтэй “Монголын гольфийн холбоо”-г дефакто Жаргалсайхан удирддаг. Монгол гольфчдын дунд жилд 30-40 сая төгрөг зарцуулж өдөр бүр тоглодог 50-60 хүн бий. 18 нүхийг тойроод тоглоход 10 орчим км алхалт хийж 3.5-4 цаг зарцуулдаг. Хамгийн ахмад нь 67 настай, хамгийн бага нь 6-7 настай хүүхдүүд тоглож байна. Монголын нийт тоглогчдын 20% нь эмэгтэй гольфчид байдаг. Монголчууд өвөл болохоор Зүүн Өмнөд Азийн орнууд дахь гольфийн талбайнуудыг дамжин тоглодог болсон.

БАЙГАЛИЙН ЭЙР КОНДЕЙШН: Монголын зун цаг бол гольфийн хувьд хамгийн таатай нөхцөлтэй. Зүүн Өмнөд Азийн орнуудын зуны саруудад хүн байхын аргагүй халуун бүгчим, чийглэг учраас гольф тоглоход маш хэцүү. Гадаадын тоглогчид Монголыг “байгалийн эйр кондейшн” гэж хэлдэг. Өндөрлөг бөгөөд агаар нь чийг багатай учраас бөмбөгний нисэлт хүртэл нам дор газраас арай хол байдаг. Манай талбай сүүлийн жилүүдэд 7 сарын баяр наадмаас хойш тоглох цаг олдохгүй ачаалладаг болсон. Гол тоглогчид Өмнөд Солонгосын жуулчид бөгөөд нийт 60%-ийг эзэлж байна, мөн Монголд ажиллаж амьдардаг солонгосууд их ирдэг. Эдүгээ Скай ресортын Mount Golf талбай байгуулагдсанаасаа хойш орон орны 34000 гольфчдод үйлчилж, 150 гаруй гадаад, дотоод тоглогчдыг хамарсан том, жижиг тэмцээн уралдааныг зохион байгуулаад байна.

ДАХИАД ТАЛБАЙ ХЭРЭГТЭЙ. Дэлхий даяар “Гольф тур” бие даан хөгжөөд удаж байна. “Гольфийн Аялал Жуулчлалын Азийн Холбоо” гэж байдаг бөгөөд жил болгон үзэсгэлэн зохион байгуулдаг. Манай талбай тус холбоонд гишүүнээр элсэж, 2016 онд Тайландад болсон үзэсгэлэнд оролцсон. Талбайгаа танилцуулахад маш сонирхон хүлээж авсан боловч нэг асуудал гарч ирсэн. Гольфийн жуулчдын нэг онцлог нь олон талбайтай улсад очиж тоглох сонирхолтой байдаг. Тухайлбал, 5 өдөр тоглоё гэхэд 5 өөр талбайд тоглох сонирхол давамгайлдаг. Ганцхан талбай дээр 5 өдөр тоглох боломжтой гэж хэлэхэд “за тэгвэл бодож үзээд эргэж хариу хэлье” гэдэг байсан. Үзэсгэлэнд оролцогчдын ихэнх нь “Монголд хэдэн талбай байдаг вэ” гэж асуугаад байсан. Олон улсын шаардлага хангасан талбай ганцхан манайх байна, адвенчур маягийн орон нутгийн стандарт бүхий талбай Тэрэлжид “Чингис гольф” гэж бий. UB-2, River side талбайнууд харамсалтай нь ажиллаж чадахгүй байна. Гэвч эдгээр орон нутгийн стандарт бүхий талбайнууд олон улсын гольфийн жуулчдын анхаарлыг татахгүй. Гольфийн жуулчдыг Монгол руу чиглүүлье гэхээр дахиад ийм талбайнууд хэрэгтэй.

ЗҮЛЭГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА. Дэлхийн гольфийн ертөнцийн мэдээлэл хөгжлийг зангидаж байдаг R&A хэмээх холбоо бий. 2013 онд тус холбооны удирдлагуудыг Монголд урьж талбайгаа үзүүлээд “Nomura cup” олон улсын тэмцээнийг Скай ресортод зохион байгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тус тэмцээнд 60-70 орны 200 гаруй мэргэжлийн тамирчид хүчээ сорьдог бөгөөд олон оронд ТВ-ийн шууд дамжуулалт явагддаг маш нэр хүндтэй тэмцээн юм. Тэд манай талбайн өвсийг хараад олон улсын тэмцээн явуулах хэмжээнд өвс нь сайн бэхжээгүй байна, бид нар 2 жилийн хугацаанд өвсний сайжруулалтанд туслая гэсэн. Швейцарьт гольфийн олон улсын тэмцээний талбайн өвсний судалгааны төв гэж байдаг, тэндээс 2 жил мэргэжилтэн ирүүлсэн. Бүх зөвлөмжийг нь хэрэгжүүлж хичээсэн боловч Монголын өвлийн нөхцөл зүлгийг маань хивс шиг байлгаж чадахгүй, тэгш жигд бус болгоод байсан. Яг л биллярдын ширээ шиг гоё болгоход цаг хугацаа хэрэгтэй юм байна гэсэн. Тийм учраас зүлэг бэлэн болтол олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн авч чадахгүй хүлээгдэж байгаа юм.

ХИЙМЭЛ ЦАСАН ЗАМ. Скай цанын бааз 2009 оны 11-р сарын 26-ны Улс тунхагласан өдрөөр нээлтээ хийсэн. Цанын баазын ерөнхий зохион байгуулалтын зураглалыг Францын компани гаргаж цана, чарганы замыг цасан бүрхүүлээр хучих хиймэл цасны системийг дэлхийд алдартай өвлийн олимпийн түнш Италийн Tecno Alfa компани гүйцэтгэсэн. Бид нар хүний гараар бүтсэн 7 км урт цасан замыг бий болгосон бөгөөд өдөрт 4000 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Өвөл бүр цанын замыг бий болгохын тулд 2 сарын турш 24 цагаар хиймэл цас оруулах уйгагүй их ажил өрнөдөг. Цасны ширхэгийг нягтаршуулагч машиныг суурилуулснаар өдөр шөнийн аль ч цагт гулгах боломж бүрдсэн. Осол гэмтлээс сэргийлж, аюулгүй байдлыг хангах байнгын эргүүлийн болон түргэн тусламжийн багийг байгуулсан.

НЭГ САЯ ХҮН. Цана, снөүбоардын мэргэжлийн багш нараас бүрдсэн сургалтын төв байгуулж энэ хугацаанд өвлийн спортод дуртай 25000 хүн суралцаж төгссөн. Манай цанын баазад үйлчлүүлэхээр тайландчууд зорин ирдэг болсон. Бид МҮОХ-той хамтран өвлийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж өнгөрсөн хугацаанд 116 цанын тамирчинг бэлтгэл сургуулилт хийх нөхцөлөөр хангасан. Амьдралын түвшин доогуур 5000 хүүхэд багачуудын бааздаа урьж үнэ төлбөргүй гулгуулж, өвлийн спортод дурлуулахаас гадна хүүхэд насны гэгээн дурсамж бүтээлцэхэд нь тусалсан. 2009-2022 онд давхардсан тоогоор 1 сая хүн цанын баазаар үйлчлүүлсэн байдаг. Скай ресорт компани гольф, цанын баазын үйлчилгээг хариуцсан байнгын 200 ажилчинтай, өвөл болохоор цана руу, зун болохоор гольф руу хүч нэмэгдүүлж ажилладаг.

СКАНДИНОВЫН СТИЛЬ. Mount golf country club-ийн барилгын зураг төслийг монгол архитектурын компани “скандиновын стиль” хэмээх интерьер дизайн бүхийгээр зураглаж, зургийн дагуу MCS properity барилгын компани байгалийн мод, чулуу ашиглаж 1.6 жилийн дотор барьж дуусгасан. Тус клубын үйл ажиллагаанд The Brook ресторан, Gourmet market, World wine дэлгүүр, Lhamour – алжаал тайлах төв, Япон халуун спа, саун, гадаах жакузи, Techno GYM, Хүүхдийн тоглоомын төв, Гольфийн хэрэгслийн дэлгүүр гэх мэт үйлчилгээ хамаардаг. Мөн 150 хүний багтаамжтай хурал чуулган, хүлээн авалт, 300 хүний босоо хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулах боломжтой Club house танхимыг ашиглалтанд оруулсан.

Энэ бүх бүтээн байгуулалтыг эргээд харахад Монголын үндэсний хөрөнгө оруулагчид, үндэсний компаниуд хамтын хүчээр олон улсын өмнө Монгол Улсын нэрийг авч гарч чадсан. Өөрөөр хэлбэл, түүхэнд бичигдэн үлдэх үйл явдал байсан бөгөөд Монголчууд хүчээ нэгтгэвэл юуг ч бүтээж чадна гэдгийг харуулсан гэж боддог. За ингээд Монголын аялал жуулчлалын салбарын ирээдүй улам гэрэлтэй байг ээ. Та бүхэнд баярлалаа.