2001 онд “Мөнх-Ану” аялал жуулчлалын дээд сургуульд ажилласнаар энэ салбарын тухай ойлголттой болсон. Дараа нь “Номин Тур” компанид Азийн зах зээл хариуцсан менежерээр ажилласан. Тэр үед хамт ажиллаж байсан Тулгаа менежер Англид хөтөч тайлбарлагчийн сургалтанд суралцаж ирээд “Номин тур” компани дээр энэ сургалтыг зохион байгуулсан нь надад их онцгой санагдаж билээ.
СУУРЬ НЬ РАДИОГООС ЭХТЭЙ. Монголын радиогийн япон хэлний редакцад орчуулагч редактораар нэг хүний оронд ажиллах боломж олдсон. “Монголын дуу хоолой” гээд Япон руу богино долгионоор цацагддаг нэвтрүүлгийн сонсогч нараас хэдэн арван захиа сард ирдэг байлаа. Тэдгээр захианд хариу бичихээс гадна тэдний сонирхсон сэдвээр нэвтрүүлэг бэлддэг байсан нь надад багагүй мэдлэг мэдээллийг бий болгосон. Энэ ажлын дараа шууд япон хэлний хөтчөөр 3-4 компанид зэрэг ажиллаж зогсоо зайгүй аялалд явдаг болсон. Нэг л өдөр сэтгэл шулуудан “Mongolian Guide Tour” компанийг байгуулж, япон хэлний сургалт болон аяллын хөтөч тайлбарлагчийн сургалтаа хийж эхэлсэн.
ЦАГАА ОЛСОН. “Гайд сургалтын төв” байгуулах болсон бас нэг шалтгаан нь аялалд явж байхад надад анзаарагдсан зүйл бол аяллын хөтөч нарын Монголын тухай мэдлэг бага, дуугардаггүй, тухайн газар орноо тайлбарладаггүй байдал нь санаа зовоодог байв. Би өөрөө тухайн үед тийм мундаг байгаагүй ч уйгагүй уншиж цээжилснээ жуулчиндаа чадлаараа ярьж өгөхийг хичээдэг байсан. Нөгөө талаар сургалт маань цаг үеэ олсон зөв зүйл байсан. 2006 оноос хойш 16 жилийн дотор 99 элсэлт зохион байгуулж 3220 хүнийг төгсгөж, тэдний 40% хүртэл Монголын аялал жуулчлалын салбарт амжилттай ажиллаж байгааг харах үнэхээр сайхан санагддаг.
СЭТГЭЛ ҮНЭРТЭЖ БАЙВАЛ. Аяллын хөтөч хүний хамгийн сайн чаддаг байх ёстой зүйл нь аяллын үеийн техник ажиллагаа, маршрутын дагуух газруудад өгөх зохих ёсны тайлбар мэдлэгийн эзэмшсэн байх, гэхдээ тэрэндээ “сэтгэл ханхлуулах” нь чухал. Олон хөтчүүдийг хөндлөнгөөс нь харж байлаа. Дөнгөж хөтөч хийж эхэлж байгаа залуус нь хамаагүй илүү сонирхолтой харагддаг. Ялангуяа манай сургалтыг төгссөн залуучууд хамаагүй өөр уур амьсгал мэдрүүлдэг, тэд нар туршлагагүй ч бай, чадвар муутай ч бай хамаагүй “сэтгэл үнэртдэг”. Аливаад сэтгэлээрээ ханддаг, гаргасан сэтгэлээ үнэлээд байдаггүй л бол “асуудал” үүсэхгүй. Сэтгэлтэй, зүтгэлтэй хүн амархан сурч чаддаг. Нэг зуны турш хөтөч хийхэд л өөрийнхөө чадахгүй байгаа зүйлсээ нөхөөд олоод авчихаж чадна.
ХУДАЛ ХАРИЛЦААТАЙ БАЙДАГ. Өөрийнхөө төгсгөсөн шинэ хөтчүүдийг алгасаад салбарт 10, 20 жилийн туршлагатай гэгдэх хөтөч нарыг ч ажиллуулж үзсэн. Тэд ажлаа мэддэг боловч гаргаж байгаа үйл хөдлөл нь биеэ тоосон, хэт бардам, харилцаа нь худлаа инээсэн, бас зальжин, нуугдсан шуналтай, гол дүр байх дуртай байдаг. Хандлага, уур амьсгал нь аяллын эхний өдрөөс л шууд мэдрэгддэг. Туршлагатай гэх хүмүүсийн ихэнх нь “эвдэрчихсэн” байдаг юм билээ. Жуулчдын өмнө бол тэд хий гаргахгүй, харин ажил олгогч нартаа бол “халгаатай”. Жуулчин “хулгайлах” оролдлогыг бол 5 хүн тутмын 3 нь хийнэ.
ХЭЛЭН ДЭЭР ТОГТОХГҮЙ. Гадаад хэлтэй бол хөтөч хийж чадна гэсэн ойлголт маш буруу. Wind of Mongolia компаний захирал Жоэлийн хэлснийг энд давтан хэлье. Монголын аялал жуулчлалын салбарт өвлийн аяллын битгий хэл зуны аяллын хөтөч ч байхгүй гэдэг үнэн. Одоо ч хамаагүй Монголын Үндэсний Музейд очоод 2-3 цаг болоход гаднаас жуулчин дагуулсан нөхдүүд орж ирнэ. Ямар ч тайлбар хийхгүй, бараг тэр музейг 30 минут дотор “машиндаад” гараад явдаг хөтөч нэртэнгүүд олон. Ихэнх нь солонгос жуулчид дагуулсан залуучууд байгаа. Яриа нь “аан, энэ тийм юм шиг байна” гэсэн ганц өгүүлбэр л хэлдэг. Тайлбарлахгүй болохоор жуулчид нь ч сонирхохгүй байгаа харагддаг. Хөтөч хийгээд яваад байгаа залуучуудын “сургалт төгссөн” эсэх сертификатыг нь шалгадаг байх хэрэгтэй.
9600 ЦАГИЙН ЛЕКЦ. Сүүлийн үед захирлууд шинэ залуучуудын гадаад хэлийг нь шалгаад “Буяа багшийн сургалтанд суучихаад ир” гээд явуулчихдаг болсон. Зарим нэг компани сургалтын төлбөрийн 50 хувийг нь хариуцаад манай сургалт руу хөтчүүдээ явуулчихдаг. Эсвэл компани дээрээ тодорхой хугацааны сургалт авдаг. Энэ бүхэн сургалтын чанарыг маань хүлээн зөвшөөрөөд итгэж найдсан хэрэг болов уу. Тэгээд бид урамшдаг байх, тийм болоод 16 жил тасралтгүй үргэлжилсэн байх. Эргээд харахад 3200 өдөр 9600 цагийн лекц уншсан байна. Суралцагсдын хандлага, харц их урам өгдөг.
ЭРЭЛТТЭЙ БАЙСАН. “Монгол орны лавлах” номыг эмхэтгэж гаргасан анхны зорилго нь аяллын хөтөч нартаа гарын авлага болгож, хөдөө жуулчидтай явахад нь хэрэг болно гэж бодсон. Эхнийх нь 460, дараагийнх нь 600, гурав дахь 750 нүүртэй буюу маш зузаан, хүнд ном болсон. 500, 800, 1000% хэвлүүлсэн, гэвч жилийн дотор, эсвэл 3 жилийн дотор борлогдоод хуучин номын зах дээр хайгддаг ном болчихсон байсан. Олонд алдартай хүмүүс ч залгаж “дүүгийн номыг нэг хүний ширээн дээр харлаа, хаанаас авч болох уу” гэж асуудаг байсан. Ингэж асуугаад байхаар урам зориг ордог юм билээ. Ном маань 7 ерөнхий бүлэгт хуваагдсан 70 дэд бүлэг бүхий агуулгатай байсан. Уншиж мэдэхийг хүссэн зүйлээ А-Я дарааллаар бичсэн 1400 түлхүүр үгнээс хайж тухайн бичигдсэн хуудасны дугаараар олж унших боломжтойгоороо онцлог байсан. Яагаад өнгөрсөн цаг дээр “байсан” гэж хэлээд байна вэ гэхээр энэ номыг дахиж хэвлүүлэх бодолгүй байна. Харин номонд орсон агуулгыг update хийгээд www.mongolianguideschool.com гэсэн цахим хуудсандаа цаг заваараа оруулаад байгаа, тэнд маш их мэдээлэл бий.
100 ГАРУЙ АЯЛЛЫН ТӨРӨЛ. Өөрийнхөө цаг заваар, нэг их яарахгүйгээр АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЛАВЛАХ номыг бичиж байгаа. Энэ номонд А-Я дараалалтай 100 гаруй аяллын төрлийн тухай бичигдэж байна. Агуйн аялал, ангын аялал, Арт тур, Археологи тур ... гэж явсаар хамгийн сүүлд Явган аялал гээд дуусах байх. Тухайн аяллын үүсэл гарал, дэлхийд болон Монголд хөгжсөн байдал, хамаарах стандарт, тухайн аялалд холбогдох хууль дүрэм гээд зөвхөн нэг аяллын төрөл дээр өчнөөн хуудас бичигдэж байгаа.
ӨӨРИЙГӨӨ ДҮГНЭНЭ. Энэ удаагийн 100 дахь элсэлтэнд маань өмнө суралцаж байсан олон төгсөгчид эргэн сууна гэж бүртгүүлсэн. Тийм учраас тэдний сонсож байсныг давсан өөр шинэ мэдлэг мэдээллийг өгөхийг зорьж байна. Мөн энэ 16 жилийн хугацаанд уригдан багшилж байсан эрхэм хүндтэй багш нараасаа зочин багшаар урьсан. Өөр төлөвлөсөн зүйл ихтэй, онцлог хөтөлбөртэй сургалт болно. 100 дахь элсэлт шүү дээ гэж байнга өөртөө давтан хэлж байгаа. Бас өөрийгөө дүгнэх чухал элсэлт болно гэж бодож байгаа.
ЧИМЭЭГҮЙХЭН ХИЙСЭН. Элсэгчидтэйгээ хамтраад олон сайн дурыг ажлуудыг хийсэн байдаг. 2008 оноос “хог цэвэрлэх аян”-ыг зохион байгуулсан. Жуулчидтайгаа явж байхад хамгийн ичээдэг байсан газруудыг зориуд сонгож цэвэрлэдэг. Хархорин руу явдаг төв зам дагуу, Тэрэлж, Нисэхээс Яармагийн зам дагуу, Баянзүрхийн Туулын гүүр, Налайхаас Цонжин руу явах зам дагуу, Орхоны цутгалан, Элсэн тасархай, Төвхөн хийд, Эрдэнзуу хийд гээд олон газарт хамгийн багадаа 40, 80-100 хүнтэй цэвэрлэгээний аянуудыг “тачигнатал” хэрнээ чимээгүйхэн хийсэн. Хамгийн хэцүү нь орон нутгийн засаг захиргааныхан цуглуулаад өгсөн өчнөөн шуудай хогийг ачихгүй удна, үхэр мал очиж тараана. Заримдаа өөрөө шатахууны мөнгө гаргаж ачуулдаг байсан. Японоос хоёр контейнер дүүрэн “хуучин хувцас” ирүүлээд тэрийгээ яг тохирсон айлуудад нь тарааж өгөх, ачих буулгах ажлыг суралцагчидтайгаа л нугалсан. Булганы Баяннуур суманд Ногоон Ази хөтөлбөрөөр хэрэгжсэн Гэр номын санд олон удаа ном цуглуулж өгсөн ... гэх мэтээр сургалтынхантайгаа хийсэн ажлаа тоочвол барагдахгүй юм аа. Эдгээр нь бүгд сайхан дурсамж байдаг.
НЭР АШИГЛАДАГГҮЙ. Манай сургалтанд “ахмадын золбоо”-гийнхон их суудаг байсан, одоо тэдэнтэйгээ их найз. Өөрийн ажиллаж буй салбартаа шилдэг, олонд танигдчихсан хүмүүс, монгол судлалаар суралцдаг чех, солонгос, хятад, япон залуучуудаас гадна өвөрмонголчууд ч их төгссөн. Мөн аялал жуулчлалын салбар дахь залуу захирлууд дотор ч олон шавь нар байна. Би тэднийхээ нэрийг ашиглаж маркетинг хийж байгаагүй, харин ч тэднээсээ харилцан суралцах надад сайхан байсан.