Хустайн нуруунд байгальдаа устаад байсан дэлхийн сүүлчийн зэрлэг адуу Тахийг сэргээн нутагшуулах зорилгоор Улсын тусгай хамгаалалтанд авсан билээ. Өнөөдрийн байдлаар 420 гаруй тахьтай болж дэлхийд нэг дор хамгийн олон тахьтай нутаг болжээ. Дашрамд дурдахад, Хустайн БЦГ-т 1992-2000 оны хооронд 5 удаагийн тээвэрлэлтээр нийт 84 тахь ирсэн. Энд ирсэн жуулчид зөвхөн тахь гэлтгүй халиун буга, цагаан зээр, аргаль хонь, монгол тарвага зэрэг амьтад тайван идээшилж байхыг хараад дуу алдан бахдахад бид хийсэн ажлаараа их бахархдаг. Энэ сайхан үйл хэргийг Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, Голландын тахь хамгаалах сан хамтран эхлүүлсэн бөгөөд 2003 оноос “Хустайн цогцолборт газар – төв” ТББ хариуцан ажиллаж байна.
БҮГДИЙГ ТЭГЭЭС ЭХЭЛСЭН. Тахь нутагшуулах хашаа барих, тог татах, худаг ус гаргах гээд аж ахуйн ажлаас эхлээд анхны байгаль хамгаалагч, судлаач, үйлчилгээний ажилтнуудыг ажилд авах, сургах, дадлагажуулахаас гадна хамгийн чухал нь Хустайн нурууг Улсын тусгай хамгаалалтанд авах зэрэг маш олон ажлуудыг зэрэг эхлүүлсэн. Үүний дараа цаашид санхүүжих гол эх үүсвэр нь аялал жуулчлал тул 2000 онд жуулчны бааз, мэдээллийн төв байгуулсан. Эдүгээ “Хустайн цогцолборт газар-төв” нь хамгаалалт, судалгаагаа хийдэг мөн аялал жуулчлал хөгжүүлж санхүүгийн эх үүсвэрээ болгосон жинхэнэ цогцолборт газар болсон.
МАЖХ үйл хэргийг маань өндрөөр үнэлэн Хустайн БЦГ-ыг 2015 онд “Шилдэг зорин очих газар”-аар шалгаруулж байсан сайхан дурсамж бий. Мөн Монгол оронд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн босгон дээр “Алтан луужин” одонгоор шагнагдсан анхны байгууллага боллоо. Энэ бүхэн манай хамт олны бахархал юм.
10 ЖИЛЭЭР СУНГАСАН. Одоо мөрдөгдөж байгаа “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-нд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг ямар нэгэн ТББ байгууллага хариуцан ажиллах талаар ямар нэг заалт байдаггүй тул Засгийн газрын тогтоол гаргуулан БОАЖЯ-тай гэрээ байгуулан менежментийг “Хустайн цогцолборт газар-төв” улсын төсвийн дэмжлэггүйгээр хариуцан ажилладаг. Өмнө нь таван жилийн хугацаатай гэрээ байгуулан ажилладаг байсан бол 2014 онд хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаа хэмээн дүгнэж гэрээг 10 жилээр сунгасан. Манай байгууллага 2012 онд Орчны бүсийг хөгжүүлэх төслийн II шат дууссанаас хойш гадны ямар нэг төсөл хөтөлбөрийн дэмжлэггүйгээр өөрийн орлогоор Хустайн БЦГ-ын үйл ажиллагааг бүрэн санхүүжүүлэн ажиллаж байна. Орлогын 80 гаруй хувийг аялал жуулчлалын үйл ажиллагаанаас төвлөрүүлдэг.
ЭРСДЭЛИЙН САН АВАРСАН. Хамгийн хүнд хэцүү үе бол мэдээж ковид-19 цар тахал дэгдэж дэлхий нийтийг хамарсан хөл хорионы жилүүд байсан. 2019 онд 32000 гаруй жуулчид хүлээн авч үйлчилсний 18000 орчим нь гадаадын жуулчид байсан. 18000 гадаадын жуулчин хүлээн авч байсан газар 2020, 2021 онд 100 хүрэхгүй гадаадын жуулчин, 5000 орчим дотоодын жуулчин хүлээн авсан нь биднийг үнэхээр “шалгасан”. Өмнөх жилүүдийн ашиг орлогын тодорхой хэсгээр “Эрсдэлийн сан” байгуулан арвижуулж ирсэн маань аминд орсон. Хэрэв бид ашигтай ажилласан гээд хамаагүй зарцуулаад байсан бол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй үүд хаалгаа хаах байсан болов уу.
ЦАЛИНГ 20% БУУРУУЛААД ЗҮТГЭСЭН. Зарим хүмүүс манайхыг зөвхөн аялал жуулчлал эрхэлж бөөн ашиг олдог гэж ярьцгаадаг. Үнэндээ 50 ажилтны маань 20 нь л жуулчны баазын үйлчилгээнд ажилладаг. Байгаль хамгаалал, судалгаа, орчны бүс хөгжүүлэлт гээд цаана нь маш өргөн ажил цар тахлын хөл хорионы үед ч тасралтгүй хэвийн үргэлжилсэн. Энэ бүхнийг даван туулахад манай менежментийн багийн үүрэг их байсан. Хэмнэх үедээ хэмнээд, цалингаа 20 хувиар бууруулаад зүтгэсэн юм аа. Орлого байхгүй, төсвийн дэмжлэг байхгүй гээд үйл ажиллагаагаа зогсоох эрх бидэнд байгаагүй. Ямартаа ч хатуу хөл хорионы 2 жилд нэг ч ажилтнаа цомхотголгүйгээр ажиллаж чадсан. Ковидын нэг сайн тал бол байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах, онц шаардлагагүй зүйлд зардал битгий гарга гэдгийг бидэнд бүрэн ойлгуулсан явдал юм.
ТА НАРГҮЙГЭЭР БҮТЭШГҮЙ. Бид улсын хэмжээнд байгаа 120 “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг”-ийг хариуцан ажиллаж байгаа 35 хамгаалалтын захиргаадтай холбоотой ажилладаг. Ихэнх хамгаалалтын захиргаад манайд ирж туршлага судалсан. Бид ч өөрсдийн амжилттай хэрэгжүүлсэн ажил, бас алдаж байсан зүйлсээ харамгүй хуваалцдаг. Мөн бидний хүрсэн амжилтанд тур операторууд маань маш том дэмжлэг болсон юм шүү. Та бүхний маань оюун ухаан, цаг хугацаагаа зарцуулж ирүүлдэг жуулчидгүйгээр энэ их ажлыг амжуулна гэдэг бол бүтэшгүй юм.
Дан ганц байгалийн үзэсгэлэнт тогтоц гэхгүй энэ нь амьтан, ургамалтайгаа л төгөлдөр сайхан харагдаж хүний сэтгэлийг баясгана. Энэ утгаараа байгаль, амьтан хамгаалал нь аялал жуулчлалын салбарт хамгийн чухал.
ХЭРВЭЭ БИД БҮТЭЛГҮЙТСЭН БОЛ... Байгальдаа устсан том хөхтөн амьтныг амжилттай сэргээн нутагшуулсан туршлага дэлхийд өөр байхгүй гэж болно. Энэ нь байгаль, амьтанд хайртай жуулчдыг татахад ихээхэн ач холбогдолтой. Зөв менежмент хийж хэрэгжүүлвэл болдог юм байна, бүтдэг юм байна гэдэг итгэлийг хүмүүст өгөх нь бүр ч их ач холбогдолтой. Одоо шинэчлэгдэх гэж байгаа “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулинд “УТХГН-ийг ТББ, аж ахуйн нэгж бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хариуцан ажиллах” талаар шинээр бүлэг орж байгаа. Энэ бүхэн “Хустайн цогцолборт газар-төв” ТББ Хустайн БЦГ-ыг амжилттай хариуцан ажиллаж байгаатай тодорхой хэмжээгээр холбоотой гэж бодож байна. Хэрвээ бид бүтэлгүйтсэн бол энэ тухай яриа, хуулийн заалт байхгүй байх байсан болов уу.
УЛИРАЛ ДЭНДҮҮ БОГИНО. Манай аялал жуулчлалын улирал маш богино байна. Үүнийг уртасгах гээд олон жил боллоо. Бид одоогийн 6-10 сар хүртэлх идэвхитэй үеээ 3-11 сар болгоод сунгачихвал болох нь тэр шүү дээ. Хэт богино хугацаанд ажилладаг ихэнх гэр баазууд хөгжих нь битгий хэл хөл дээрээ зогсоход хэцүү байна. Үүнийг энэ төрлийн бизнес эрхэлж байсан хүмүүс сайн мэднэ.
МАСС ТУРИЗМЫН УЛС БИШ. Дундаж баазуудын нэг хоногийн 3 удаагийн хоол орсон багц үнэ 40-60 ам.доллар л байдаг. Ийм үнээр ашиг олоод хөгжөөд явна гэдэг бас л их ухаан, тэвчээр шаардах ажил юм. Манай улс бол масс туризмд тохиромжтой улс биш шүү дээ. Хямд олон жуулчин авахын оронд цөөн тооны чанартай, сайн төлөх чадвартай жуулчид л хэрэгтэй. УБ хотыг үзэх гэж жуулчид ирдэггүй. Хүний хөлд нэрвэгдээгүй, онгон зэлүүд нутаг, нүүдэлчин ардын маань амьдрал ахуйг үзэх гэж дийлэнх жуулчид ирдэг. Хэрвээ бид өөрсдийгөө бусдаас онцгой гэж бодож байгаа бол онцгой л байх хэрэгтэй, үнийн хувьд ч тэр.
ЭСРЭГЭЭРЭЭ ӨРНӨСӨН. Судалгаанд үндэслэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн шаардлагатай. Бид энэ тал дээр маш их алдсан, одоо алдаагаа засах гээд толгойн өвчин болж байна. Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуур гээд бүс нутгуудыг сайн төлөвлөөгүй явж ирсний гай юм. Жуулчин их ирэх тусмаа сайн, олон бааз байгуулагдах тусмаа хэрэгтэй гэж үзсэн. Эргээд харахад эсрэгээрээ өрнөсөн. Галаа хэт түлбэл байшингаа түймэрдэнэ, тааруулж түлбэл гэрээ дулаацуулна гэдгийг л сайн бодох хэрэгтэй. Дашрамд хэлэхэд, байгальд ээлтэй гэж их ярих юм миний бодлоор бага сөрөг нөлөөтэй, их сөрөг нөлөөтэй гэж л байх болов уу.