ХӨӨЖ БАЙГАА ХЭРНЭЭ ЯСТ МЭЛХИЙ ШИГ УДААН

Би гэдэг хүн багаасаа адал явдалт зохиол их уншдаг, дэлхий ертөнцөөс хаагдмал социалист орны хүүхэд байлаа. Хожим нийгэм улс төрийн сэтгүүлч болсон. 1997 онд Их Британи руу сэтгүүл зүйн дээд курсэд суралцахаар явж дараа жил нь буцаж ирэхдээ Монголд аяллын сэтгүүл зүйн төрлөөр тогтмол нэвтрүүлэг хөтлөе, нийгэмд нөлөөлье, Монголчуудын улс орондоо итгэх итгэл, дэлхийн ертөнцийг харах өнцгийг өөрчлөе гэсэн олон зорилго хүсэл тээсэн байсан. Монголчууд аялж мэддэггүй хэрнээ дэлхийгээр аялахыг хүсдэг, аялал жуулчлалын сайн хэрэглэгч байхыг мэддэггүй байсан. Ингээд 1998 оны хавар эхлүүлсэн энэ төсөл маань 2018 он хүртэл 20 жилийн хугацаанд 600 гаруй цуврал нэвтрүүлэг болж дэлхийн 15-16 орон, бүс нутгууд, Монголын бүх аймгийг хамарсан агуулгыг хүргэсэн.

МОНГОЛ МААНЬ ГОЁ. Аяллын цаг нэвтрүүлэг үүсэж байх үед олон залуучуудын дунд санал асуулга явуулсан. “Монголд үзэх юм байхгүй, аялах газар байхгүй, монгол хүн аялаад байдаггүй, гадаад хүмүүс л аялдаг, харин гадаад руу явж болох юм” гэсэн ойлголт, үзэл бодол давамгайлсан байсан. Нэвтрүүлэг маань 10 жил явагдсаны дараа нөгөө ойлголт “Монгол маань гоё юм байна, дэлхийгээс дутахгүй сайхан байгальтай юм байна” гэсэн үзлээр солигдчихсон байсан. Миний өмсдөг малгай, хувцсыг хүртэл дуурайж, сэтгүүлч болох гэж, эсвэл аяллын мэргэжилтэн болох гэж олон залуучууд эрмэлздэг болсныг мэдрээд урам орсон.

ТУР КОМПАНИУД ТУСАЛСАН. Аяллын цаг нэвтрүүлэг үргэлжилсэн 20 жилийн дотор 4-5 жилд нь хамгийн өндөр рейтингтэй нэвтрүүлгийн байр суурийг хадгалсан. Аялал жуулчлалын компаниуд анхны санхүүжүүлэгчид байсан. Жуулчин, Нью жуулчин, МИАТ, олон улсын ЕХРО үзэсгэлэнгүүдтэй хамтран ажиллаж байсан. Тэнгэр трэвэл компанитай хамтран Зүүн Өмнөд Ази руу аялж цуврал нэвтрүүлгүүдийг хийсэн. Нью жуулчин компанитай хамтарч Чежү, Солонгос, Европ руу аялсан. Мөн тус компанитай хамтарч Алтай нуруу, Говь-Алтай орчмоор хийсэн аяллын 16 орчим цуврал нэвтрүүлэг маш амжилттай болсон. Тэр нэвтрүүлгийг бэлдэх гэж авсан гэрэл зургууд, видео бичлэгүүд хожим Германы Хановр, Японы Айчи, Хятадын Шанхай дахь үзэсгэлэнгүүд, Монголд болж буй бүхий л арга хэмжээн дээр хаа сайгүй гардаг байсан. МИАТ компани Гараг продакшнаас авсан видео контентуудыг 7, 8 жил нислэгийн үеэр үзүүлж билээ.

38 ШИНЭ ДИСКОВЕР. Нэвтрүүлгийн үеэр бараг 38 газрыг шинэ дисковер, шинэ дестинейшн болгож таниулсан. Тухайлбал, Хэрмэн цав, Цагаан суварга, Улаагчны Хар нуур, Эг Тарвагатайн бэлчир гэх мэт олон газруудыг хүмүүс цоо шинээр харсан. Нэвтрүүлгийн явцад авто аялал, морин аялал, явган аялал гэх мэт аялын төрлүүдээр шинэ газруудыг танилцуулсан. Хүмүүсийн дунд ууланд аялдаг, явган алхдаг, авто машинаар аялдаг клубууд үүсэж, гэрэл зураг сонирхох залуучууд нэмэгдсэн. Аяллын цаг нэвтрүүлэг энэ бүхэн үүсэх сэдлийг өгсөн гэж боддог. Олигтойхон баазууд бий болоосой, Монголчууд аялдаг болоосой, Монгол орноо сонирхоосой гэж бодож байсан тэр зүйлүүд нүдэн дээр хэрэгжээд эхэлсэн.

НЭГ ОРГИЛООД Л АЛГА БОЛНО. Аяллын сэтгүүлч бол геологичтой адил нөөц илрүүлдэг, хайдаг хүн юм. Тэр нөөцийг улс ашиглах уу, засаг захиргааны хамгаалалтанд авах уу гэдэг бол өөр асуудал. “Тэнд бааз бариач, тэгээч, ингээч” гэж Бадамсамбуу уриалаад, заагаад өгчихсөн юм байхгүй. Хэцүү хад, Харх зүрхний Хөх нуур, Цагаан суварга гэх мэт газруудыг хараад үнэхээр сэтгэл өвдсөн. Хүмүүс очоод ямар зүрх сэтгэлгүй хандчихав аа, тэр засаг захиргаа нь юугаа хийж байсан юм бэ, тэр баазууд нь яагаад дүрэм журамгүй хандчихав аа гэж харууссан. Зөвлөөд өгөөч гээд хүрээд ирэхэд нь сайн зөвлөгөө өгдөг байсан. Ядаж эргүүдээс 300м хол байлгаарай, хэт хүн шавуулахгүй байх маркетинг хэрэгжүүлээрэй гэж тухайн үед “Хэцүү хад” бааз байгуулах хүнд хэлж л байсан, харин тэд яг эсрэгээр нь хийсэн. Эхнээсээ буруу явсан газар нэг “оргилоод” л алга болно, Хэцүү хад оргилоод алга болох зам руугаа орчихсон.

АМИА ӨГӨХ НЬ ХОЛГҮЙ БАЙСАН. Миний нэвтрүүлэг хамгийн гол нь “цагаа олсон” байсан. Зураг авалт, агуулга, хөгжим гээд бүх зүйлд амиа өгөх нь холгүй зүтгэсэн, үзэгчдийн хүлээн авч буй байдлаар хөглөгдөж байсан. Гоё зураг авах, тэрийгээ харж баясах, авсан зургаа хүмүүст хүргэх гэдэг зүйлээр таашаал авдаг байв. Цасан шуурга, хүйтэн бороо, авирахад хэцүү хад чулуу, эрсдэлтэй газар байсан ч зургаа авах гэж тэмүүлдэг байсан. Харь оронд ямар ч эзгүй газар шөнө ганцаараа хонохоос өгсүүлээд олон бэрхшээл байсан ч зөвхөн өөрийнхөө дур сонирхолд хөтлөгдөн явсан. 20 жилийн өмнө нийгэм хүнд хэцүү байх үед "би дэлхийг тойрно" гээд боломжгүй зүйлийг бодож явсан маань одоо бодоход сайхан санагддаг, хэрэгжүүлж чадсан. Би мөнгөтэй байгаагүй, янз бүрийн боломж ч дүүрэн байгаагүй. Камераа үүрээд замын машинд гараа өргөж суугаад явдаг трэвэлер л байлаа. Хожим нь асар том групп, баахан жийп, 50, 60 хүн дагуулчихсан аялдаг болтлоо өргөжсөн.

ҮНДЭСНИЙ ЗҮТГЭЛТЭН БАЙХГҮЙ. Монголын аялал жуулчлалын салбар яагаад өнөөг хүртэл тэргүүлэх салбар болж чадахгүй байна вэ гэхээр төр нь зөв хууль, зөв үзэл баримтлал гаргаагүй, түүнийг дагасан бизнес төлөвлөгөө гаргаагүй, тэрийг дагасан хөрөнгө оруулалтаа ч гаргаагүй. Засмал зам тавихад хаана яаж бужигнаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Аялал жуулчлалыг Монголын тэргүүлэх салбар гэж 1990 оноос хойш 30 жил зөвхөн хоосон тунхаглаж ирсэн. Яг үнэндээ Монголын аялал жуулчлал хэдхэн компаний нуруун дээр явж байдаг. Энэ салбарт манлайлагч зүтгэлтэн байхгүй, компани компани дээрээ, ханлиг ханлигаараа өрсөлдөөд тараад алга болсон. Өөрөөр хэлбэл, энэ салбарт үндэсний зүтгэлтэн гэж байхгүй, зөвхөн амин хувиа хичээгсэд бий.

ХӨӨГӨӨД Ч ГҮЙЦДЭГГҮЙ. Монголын аялал жуулчлалд хийж байгаа ажил нь тулгамдсан нөхцөл шаардлагаасаа хоцорчихсон. Аяллын ид зуны оргил үед дотоодын жуулчин наад зах нь 1.2 сая аялна гэж бодоо ч үгүй, тооцоолоо ч үгүй байтал үерийн ус шиг давалгаа ороод ирчихсэн, хамгаалалтын далан сэтэрчихсэн хойно одоо яах вэ гээд араас нь хөөж байна. Хөөж байгаа хэрнээ яст мэлхий шиг удаан, хөөгөөд ч гүйцэхгүй байна. Гадаадын 570 мянган жуулчин ирсэн гээд байгаа боловч бодитоор бол 80 мянга нь л чанартай жуулчин байгаа, тэр 80 мянган жуулчныг хэрхэн авах вэ гэдгийг төлөвлөж тооцоолоогүй. Одоогийн сайд аймаг бүрээс “гранд маршрут” гэж нэхэж байна, энэ бол тур операторуудын хийх ажил, тэдний мэдрэмж туршлагаар урагшлах ёстой.

ТӨР ЯГ ЮУ ХИЙСЭН БЭ. Олон сайхан зүйлүүдийг хувийн хэвшлийнхэн зүтгэж хийсэн, тэнд төрийн дэмжлэг байгаагүй. Нүднийх нь өмнө илт байгаа говь, Хархорин, Тэрэлж, Хөвсгөлөө ч арчилж чадаагүй, шинийгээ байг гэхэд социализмын үед ч топ байсан, одоо ч топ байгаа газруудаа хөгжүүлэхгүй байна. Зам харгуй, зочид буудлууд, музейд нь хөрөнгө оруулбал төр ингэж дэмжиж тусална шүү, манай тэргүүлэх салбар учраас төр ингэж зохицуулна шүү гэсэн дуу хоолой ч алга. Хувийн хэвшлийнхэн Хамарын хийд, Цонжинболдог, Аглагийн хийд, Эрдэнэзуу хийдийг байдгаараа дэмжлээ, жуулчдыг ч чиглүүллээ, харин төр засаг яг юу хийсэн бэ. Монголд хувийн компаниуд хөрөнгөө гаргаад өчнөөн зүйлийг бүтээж байхад төр нь тоож ч хараагүй. Хувийн хэвшлийнхний хийж бүтээснийг хамгаалж дэмжих байтал эргэн тойронд нь замбараагүй газар олгож эсрэгээрээ сүйтгэхийг дэмжсэн.

БАЙХ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ. Малайзын Genting Highlands гээд цогцолбор нийслэл Куала Лумпураас яваад уулын орой дээр байрладаг. Казино, диснейланд бүхий энэ төслийг хувийн компани Засгийн газарт танилцуулахад итгээгүй, энэ супер юмыг үнэхээр барих юм уу, хэрвээ барьчихвал бид хариу барина гэсэн. Тэгээд хятад гаралтай тэрбумтан тэр том цогцолборыг барьж дууссаны дараа Малайзын ерөнхий сайд, дарга нар очиж үзээд “үнэхээр их баярлалаа, эхний 5 жилийн татварыг чинь Засгийн газар хариуцъя” гэсэн. Бас Куала Лумпурын бэлгэдэл Petronas towers төслийг танилцуулахад бас л чадах юм уу гэж асууж байсан. Зураг төсөл таалагдвал Засгийн газар хамгийн шилдэг газраа олгоё гэсэн. Тэгээд бүх дэд бүтцийг нь шийдсэн газар олгосон. Бариад дуусахад нь Махадэр ерөнхий сайд ирээд “гайхамшигтай болжээ, гэхдээ дэлхийд давтагдашгүй гэсэн үзүүлэлт байна уу, тэрийг хийж чадвал дахиад нэмж туслая” гэсэн. Хамгийн шилдэг нь болоогүй байсан болохоор бодож байгаад хоёр байшингийн орой дээр 18м өндөр хоёр цамхаг барьж дэлхийн хамгийн өндөр хос цамхаг болгосон. Засгийн газар талархан дэмжиж аялал жуулчлал, бизнес санхүүгийн хамгийн шилдэг төв болоход нь тусалсан. Өөрөөр хэлбэл, аливаа баялгийг үнэ цэнэд оруулахын тулд том хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадах компаниуд хэрэгтэй. Харин түүний үр өгөөжийг орон нутаг, иргэд, төр засаг бүгд хүртэж байх ёстой. Анхаарахгүй юм бол энэ салбар гэж байх ямар ч хэрэггүй.

НИНЖА НАР. Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал /НИТАЖ/-ыг зааг хязгаартайгаар, дүрэм журамтайгаар, шалгууртайгаар хэрэгжүүлэхгүй бол “нинжа” л гэсэн үг. Малчдад бол аялал жуулчлал гэдэг нь нэмэлт орлого л болохоос тэдний биечлэн оролцож гол дүрд нь тоглох бизнес биш. Хүсээд байгаа амьжиргааных нь гол сэдэв ч биш, малчид сервис үйлчилгээг өөрсөд дээрээ авах гэж биш харин компаниудад туслан гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгээд явах ёстой. Компаниуд малчдын хотхоныг жуулчдад үзүүлдэг, танилцуулдаг, эксперинс хийдэг талбар болгон ашиглаж үнэ цэнэ оруулах ёстой. Ингэж компани, иргэн, хувь хүн, жуулчин бүгдээрээ ашигтай байдаг нэгдмэл зарчимтай ажиллах ёстой. Тэгэхгүйгээр малчин тэнд өөрөө морио унуулах гээд компаний дэргэдүүр зүтгээд, өөрөө хуушуур зарах гээд компаний дэргэдүүр зүтгээд, өөрөө айргаа зарах гээд малчдын уугуул үндсэн төрх, зочломтгой ёсуудыг алдагдуулаад, өөрсдийгөө шуналтай болгоод, өөрсдийгөө увайгүй болгоод байх ёсгүй. Компаниуд тийм малчдаасаа зугтаадаг, дараа нь компани байхгүйгээр жуулчин ирэхгүй болчихдог ийм жишиг байж болохгүй.

МОНГОЛ ХҮНЭЭ БАЙХГҮЙ БОЛГОНО. Өгий нуур, Тэрхийн цагаан нуурын байгалийн нөөцийг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон хувь хүн, компани ашигласан. Нинжа нар ч олноороо орж ирж улсад ч ашиггүй, орон нутагт ч ашиггүй, компаниудад ч ашиггүй болгох зам руу хөтөлсөн. Төр өөрөө ийм нөхцөлийг хангаад байж болохгүй, ингэвэл хяналтаа алдана, хяналтаа алдчихвал малчид нь ташуур бариад дайрна. Энэ нь жуулчны компани, иргэд, малчдын хоорондох харилцааг эвдэхээс гадна цаад утгаараа монгол хүнээ байхгүй болгож байна.