Үзэсгэлэнд Монгол Улсын 21 аймгийн аялал жуулчлалын байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцдогоос гадна тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, ноос ноолуур, гар урлал, урлаг соёлын байгууллагууд бие даан оролцдог бөгөөд Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болж чаджээ.
2018, 2019 онд нийт 250-300 байгууллага оролцож байсан нь түүхэндээ хамгийн их оролцогчтой жилүүд байсан. Ковидын хүнд нөхцөлд ч тасралтгүй чанараа хадгалсан нь тус үзэсгэлэнгийн үр дүн сайн байсны илрэл юм. ITM үзэсгэлэнгийн албан ёсны эзэмшигчээр МАЖХ-г Оюуны өмчийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр MN/40-2020-0025361 тоот гэрчилгээгээр баталгаажуулсан билээ.
БАГТАЛЦАХГҮЙ БАЙНА. Энэ жилийн 23 дахь ITM-ын үзэсгэлэнгийн талбай хүрэлцэж багталцахааргүй хэмжээнд оролцогч, үзэгчдийн эрэлт ихтэй болж байна. Гурван өдрийн хугацаанд 25 мянга гаруй үзэгч ороод гардаг тус үзэсгэлэн сүүлийн үед Мишээл ЕХРО танхимд багтахгүй болоод байна. Монголын аялал жуулчлалын салбар руу шинээр орж ирж буй байгууллага, хувь хүмүүс ч их байна. Мишээл ЕХРО танхим цоо шинэ, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, стандартын шаардлага хангасан талбайг барьж байгуулж ирэх 2023 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Тэр үед оролцогч болон үзэгчдэд таатай орчин бий болно гэж хүлээж байна.
ЯВДАЛ ЧИРЭГДЛИЙГ АРИЛГАДАГ. ITM үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбарын “тоглогчдод” шинэ түнштэй болох, хуучин түншүүдтэйгээ харилцан зөвшилцөх, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах, шинэ соргог бүтээгдэхүүн үйлчилгээг таньж мэдэхэд туслахаас гадна хамгийн гол ач холбогдол нь оролцогч болон үзэгчдийн цаг хугацааг хэмнэх, ачааллыг багасгах, явдал чирэгдлийг байхгүй болгож байдгаараа чухал юм. Оролцогчид маань хөдөө орон нутгаас, холоос зорьж ирдэг тул тэр завшааныг ашиглан тэдэнд үлдээх үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэдний хүсээд байгаа зүйл дээр төвлөрч ажиллахад анхаарч ажилладаг.
ОЛОН УЛСЫН TRAVEL MART БОЛНО. Мишээл ЕХРО танхимын шинэ бүтээн байгуулалт ашиглалтанд орж зай талбайн асуудалгүй болчихвол шинээр олон санал санаачилга, үзэл санаануудыг хэрэгжүүлэх, агуулга хөтөлбөрийг баяжуулах, нэг удаагийн зардлаар өргөн оролцоо, боломжийг бий болгох давуу талууд бий болно. Өөрөөр хэлбэл, цар хүрээ нь өргөжин тэлж, үр өгөөж нэмэгдэж, жинхэнэ утгаараа олон улсын трэвэл март болох боломжтой юм.
ТҮҮХ СӨХВӨЛ: Анх 1999 оны намар аялал жуулчлалын салбарын хувийн хэвшлийн цөөн тооны тур оператор, жуулчны бааз, зочид буудлын бизнес эрхлэгчид цуглан улирлын ажлаа дүгнэн ярилцжээ. Улмаар 2001 онд Баянгол зочид буудалд 10 гаруй бизнесийн байгууллагууд нэгдэн уулзалт зохион байгуулснаар тус үзэсгэлэнгийн суурь тавигдсан гэж үздэг.
Тухайн үед Шүрэн, Цолмон трэвэл, Натур тур, Тулга трэвэл, Интуртрэйд, МАТ, Хөвсгөл трэвэл, Жуулчин говь, Хархорин, Хөвсгөл хангарьд, Баянгол зочид буудал, УБ зочид буудал зэрэг байгууллагууд түүчээлэн оролцож ерөнхий зохион байгуулалтыг нь МАЖХ хариуцан ажиллаж байжээ. Эхний 3 удаагийн үзэсгэлэнг зохион байгуулсны дараа International Travel Mart буюу ITM хэмээн нэрлэж, 2002 онд Мишээл ЕХРО төвийн байранд зохион байгуулсан байна. Эдүгээ тус үзэсгэлэн 23 дахь жилтэйгээ золгож байна.