Өмнө нь би зүгээр л худалдаа наймааны чиглэлээр бизнес эрхэлдэг байлаа. Монголчууд бид ихэнх зүйлийг гадаадаас авчирдаг, бидний амьдрал Хятадаас хамааралтай, тэндээс авчирна, зарж борлуулна, олсон мөнгөө халааслаад дахиад Хятадад аваачиж өгнө, нэгэн хэвийн тэгээд л яваад байсан.
Жинхэнэ дотроосоо, өөрсдийн язгуур үндэснээсээ орлого олж байгаа юм байхгүй. Уул уурхай нь жаахан ухаж төнхсөн юмаа гаргаад зарна, тэрний араас хэдэн малчид нь малаа махалж зарна. Тэгээд өөр юу байгаа билээ. Монголчууд бид хаа нэгэн газраас лаазтай шилтэй юм оруулж ирээд зарах биш, бидэнд ойрхон байгаа зүйлээ орлого болгох нь илүү сонирхолтой юм гэсэн санаа төрсөн.
УРАН БҮТЭЭЛ ГЭЖ ХАРСАН. Орчин үеийн хотын хүүхдүүд хэтэрхий суурьшмал, гараа тосоод ус авчихна, дулаан байранд бүх зүйл нь бэлэн. Миний хүүхдүүд бас адилхан болж хувирсан. Эцэст нь хүүхдүүдийнхээ төлөө энэ ажлыг хийхээр шийдсэн. Хоёр дахь шалтгаан, миний мэргэжилтэй холбоотой, би өөрөө зураач хүн, эхлэх гэж буй зүйлээ бизнес гэж харахаас илүү “уран бүтээл” гэж харсан. Хэрхэн хийхийг дотроо сонирхолтойгоор бодоод яваад байсан. Гурав дахь шалтгаан, манай тур компаниудын гадаад сурталчилгаан дээр байгаа материал нь байгаль, монгол ахуй дээр тулгуурлаж байгаа боловч жуулчин яваад ирэнгүүт нөгөө зураг дээр харсан шиг нь биш, анх харснаас нь зөрөөд байна гэж ажигласан, тэгээд энэ ажлыг эхлүүлэхээр шийдсэн. Эдгээр шалтгаанаас үүдэн энэ номадик шоуг хийе, дэргэдэх эрдэнээ олж харахгүй байгааг хүмүүст сануулъя гэж санаа шулуудсан. Тэгээд 2010 онд эхэлж нэг жилийн турш бэлтгэлээ базаагаад 2011 онд аялал жуулчлалын салбарынхантай холбогдож эхэлсэн.
ЦАРАЙ ЗҮС ХАРНА. Өмнөх ажлынхаа заваар дотроо боловсруулаад, өөрийнхөө бодолд хөөрөөд их л дэврүүн явдаг байлаа. Бодсон шиг байгаагүй, нэлээд хүндрэлтэй байсан. Адуу малыг өөр газар аваачиж сургах ажил тийм амархан байгаагүй. Хайнагийн шар ховордчихсон байсан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан аймгаас үхэр малаа цуглуулсан, олж ирэхдээ зүгээр нэг тэргэнд ордог, эдэлдэг үхэр аваагүй. Номхон мал уйтгартай шүү дээ. Хамгийн өнгөтэй нь аль вэ, царайлаг нь аль вэ гэх мэтээр, тэмээ гэхэд өнгө зүстэй, арай том байх ч юм уу, адуу морьд гэхэд зүс сайтайг л цуглуулна. Энэ бүгдийг нэгбүрчлэн сургах биш зохион байгуулах л асуудал байсан. Ямар шинээр онгоц пуужин, мерседэс бенз бүтээх гэж байгаа биш. Би хүмүүстээ аливааг холоос битгий хайгаад бай, бидний дэргэд бүх юм бэлэн байна, орчин нөхцөл бэлэн байна гэж хэлдэг байсан, одоо ч хэлсээр л байна.
АЛААД ӨГӨХ БАЙХ ГЭСЭН ЧИНЬ... Хамгийн хэцүү нь юу байсан бэ гэхээр энэ хийж бэлдсэн зүйлээ аялал жуулчлалын зах зээл дээр барьж тогтоох нь хамгийн хүнд байсан. Хүрч ирээд үзээч гээд тур операторуудад хэлэхэд хэлсний зоргоор шууд жуулчнаа аваачдаг, шууд хүрээд ирдэг гэж байхгүй юм билээ. Би тэр үед нээгээд эхэлчихвэл маргааш нь бараг л шаваад алаад өгөх байх гэж бодсон чинь, тийм юм байгаагүй. 2011 онд 7 хоногт 1, 2 хүн л үздэг байв. 2013, 2014 онд ч бас адилхан байсан, тэсээд л байсан, бид нар ямар ч байсан байгаад байсан. Өмнө нь хийж байсан бизнесийн орлогоос үлдсэнийгээ хүмүүсийнхээ цалинд өгөөд тэсээд байсан, надаас өөр хүн байсан бол нэг жилийн дараа гэхэд орхичих байсан байх.
ШУУД ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ. Хүн ирж үзэхгүй тэдгээр он цагуудыг тэсэж гарах нь хамгийн хүндрэлтэй байсан ч өдөр болгон зурдагаараа зураад, хийсэн зүйлээ хараад өөртөө баясаад л суугаад байсан. Аялал жуулчлалын зах зээл ямар нэгэн шинэ юмыг шууд хүлээж авдаггүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон доо. Тэгээд 4 дэх жилээсээ арай дээрдэж, ямартаа ч өдөртөө хоосон биш болсон. Одоо ингээд 10 жил өнгөрөхөд “Анх төсөөлж байсан тэр төсөөлөл буруу байгаагүй юм байна” гэж бодсон. Жил ирэх тусам хүмүүсийн тоо нэмэгдэж байна, хэрэгцээ шаардлага байгаа болоод өргөжиж байгаа байх. Цаашдаа яахыг ёстой бурхан л мэдэх байх, ямартаа ч муутгахгүй, үйлчилгээгээ улам сайжруулна, тогтвортой байлгана.
ХОТЫН АМЬДРАЛ ЖАРГАЛ БИШ. Энэ хийгээд байгаа зүйл маань “шоу” гэхээсээ илүү бидний амьдарч байсан амьдралын хэв маягийг буцааж бий болгохыг зориод байгаа юм. Бид хотдоо бухимдаад, тоос шороо, утаа униар, бөөгнөрөл түгжрэл, хог гээд бөөн асуудалтай. Уг нь бид хөдөө байгаль дээрээ ямар гайхалтай амьдралын хэв маягтай байсан бэ гэдгийг нийтээрээ ойлгох ёстой л доо. Зарим нь ухаараад хотоос гараад амьдарч байна, энэ чинь л эхлэл. Эсрэгээрээ хөдөөний хүмүүсийн 90% нь хотын амьдралыг жаргал гэж боддог. Хотын биднийг жаргалтай байна гэж бодоод байгаа тэр 90%-ийн хөдөөний хүмүүст бид тийм биш гэдгийг ойлгуулж өөрчлөх ёстой.
ХӨДӨӨ АЙЛД НЭГ ЭРЭГТЭЙ... Манай баазынхны “уран бүтээл”-ийг малчид өөрсдөө ирээд хардаг, ямар гоё юм бэ, нээрээ бид нар чинь ийм байсан шүү дээ гэцгээдэг. Хөдөөнийхөн морио эмээллээд явахад, морь тэргээ хөллөөд нүүх нь байгальдаа ээлтэй, зардал багатай, машин техник нь газрын хөрсийг сүйтгэж байна, бензин гэдэг чинь мөнгө үрээд байна, зөвхөн цаг л хэмнэж байгаа болохоос өөр зүйлээр ашиггүй гэдгийг ойлгуулахыг хичээж байна. Хүүхдүүд нь хотод сургуульд сурдаг, эхнэр нь харж хандана гээд хүүхдүүдээ дагаад явна, ар талд нь хэдэн мал дээрээ нөхөр нь үлдэнэ. Аягүй бол хөдөө малчин айлд нэг эрэгтэй хүн л үлдэх шинжтэй болчихлоо. Ингээд харахаар зохион байгуулалт, зохицуулалт анхнаасаа буруу хийгдчихсэн.
МАЛ БОЛ ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ. Мал бол үйлдвэрээр ярих юм бол тоног төхөөрөмж, ухаан орохоос эхлээд мал дээр эцэг эхтэйгээ байсан хүн бол хамгийн чухал үйлдвэрийн ажилчин, нутаг орон гэдэг нь үйлдвэрийн байр юм. Үүнийг зөв зохион байгуулж чадвал уул уурхай, аялал жуулчлалаас ч илүү чухал Монголын хамгийн том баялаг үйлдвэрлэл болно. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг нь өөрөө Монгол орны хувьд бусад орноос өөр, ялгаатай аялал жуулчлалтай байхын шалтгаан юм. Энэ байхгүй бол бусдаас онцгойрох шалтгаан байхгүй болно. Нүүдэлчдийн амьдрал бол бидний онцлог, энэ онцлогоо хадгалж үлдэхийн тулд мал аж ахуйгаа хадгалж үлдэх ёстой.
ТӨГС ХИЙХ ЁСТОЙ. Манай аялал жуулчлалынхан тус тусын үүрэг дээрээ хариуцлагатай байх ёстой. Жуулчны бааз хийж байгаа нь тэрийгээ төгс хийх ёстой, тур операторууд нь маркетингаа сайн хийж жуулчингаа авчрах ёстой. Гэтэл тур оператор нь жуулчны бааз хийх гээд, жуулчны бааз нь тур оператор хийх гээд оролдоод байна, энэ бол сайн арга биш, маш хортой. Чадах чадахгүй нөхдүүд бүгд жуулчин авчирна гэж давхиж байна. Жолооч нь жолоочоо супер хийх, хөтөч нь хөтчөө супер хийх нь чухал байна. Гэтэл хөтөч нь өөрөө жуулчин оруулж ирэх гэж зүтгэнэ, гэвч тэр хөтөч супер биш. Жолооч нь хүртэл жуулчны хойноос хөөцөлдөнө, гэвч тэр жолоочийн машин сайн биш. Бүх Монголчууд нэг юмаа 100% төгс болгоогүй байж, давхар өөр зүйл рүү давхиж ордог. Түүнээс болж хийсэн зүйл нь төгөлдөршдөггүй.
ТАТАГДАН УНААД БАЙНА. 2019 онд авч байсан 500, 600 мянган жуулчингаа л алдахгүй байх нь чухал. Заавал нэг сая жуулчин гэж хөөцөлдөх хэрэггүй. Өмнө ирдэг байсан жуулчдаасаа 100 доллар авдаг байсан бол 200 доллар болгох үйлчилгээг санал болгож сайжруулахын төлөө л явмаар байна. Энгийн мөртөө сэтгэл ханхалсан үйлчилгээтэй баймаар байна. Өөрийн эрхгүй мөнгө төлөх хэмжээнд хөгжүүлж хийхгүй байна. Монголын аялал жуулчлалынхан “сайн дурынхандаа татагдаад унаад байна”. Хямдхан зүйлд үнэ цэнэ гэж байдаггүй юм. Дахин дахин ирдэг жуулчид бол тур операторын л үйлчилгээ авсан байдаг.
ГҮЙХГҮЙ НОХОЙ. Бааз барих эрхийг өгөхдөө дор хаяж 500 саяын хөрөнгөтэй, дор хаяж 5 жилийн туршлагатай хүнд газрын зөвшөөрөл өгмөөр байна. Гэтэл 5 сая төгрөгтэй хүнд газар олгоод нөгөөх нь 5 гэр барьчихаад урагш явахгүй байна. Үүнийг яаралтай засахгүй бол “гүйх нохойд гүйхгүй нохой саад” болж байна. Энэ гүйхгүй нохой нь байгаль орчинд хамгийн хортой байна, хөрс эвдэж зам гаргана, нүхэн жорлонгоор аргацаана, хогоо ачихгүй овоолно, болсон болоогүй шон хатгана, цементэн хог бүтээнэ ... гээд бүгдийг нь дагуулж байна. Хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийнхнийг тэд гутааж байна. Сум орон нутгийн удирдлагууд цогцоор нь харах гэдгийг ойлгохгүй байна, бүрэн зурагласан концепци гэдгийг ойлгохгүйгээр газар олгож байна. Уг нь манай салбарынхан өөрсдөө нэгдэж тэмцэх учиртай сэдэв шүү дээ. Салбарынхнаас өөр хэн хөөцөлдөх юм бэ.