XX зууны эхэнд монгол хүүхдүүд мал маллаж, арьс элдэж, дээс томж, эсгий хийхийг сурч байлаа. XXI зуунд хүүхдүүд юу сурч байгаа вэ? Шинжлэх ухаан, цөмийн бүтэц, электрон багаж судалж, сансар руу хийсэн туршилтуудыг сонирхож байна. Дэлхийн нөгөө талд хүний ажлын байрыг роботууд орлож, хиймэл оюун ухаантай машин үйлдвэрлэж худалдаанд гаргах болов. Өнөөдөр хөгжлийн хурд үхэр тэрэгний хурдаар биш пуужингийн хурдаар урагшилсаар. Тав зургаан настай хүүхдүүд интернет ертөнцөөр хэн ч зааж өгөөгүй байхад дураараа сэлгүүцэж, технологи, аппликэйшныг хэрхэн ашиглахыг эсрэгээрээ ээж аавдаа зааж өгч байна. Энэ хурдыг ойлгож, мэдэрч чаддаг багш боловсролын салбарт хамгийн хэрэгтэй болох нь тодорхой болжээ.
Миний сонгосон мэргэжил Англи-Монгол хэлний багш. Дэлхий хавтгай болж байгаа энэ зуунд англи, монгол, хэл соёлыг холбох гүүр болох мэргэжлийг эзэмшиж байгаадаа би баяртай байдаг. Монгол хэл, соёл бол дэлхийд өвөрмөц, “од” гэж хэлж болохоор. Уран зохиол, яруу найраг нь хүний сэтгэл зүрхэнд эх хэл, эрдэм соёлоо хайрлах үзэл төрүүлдэг. Уран зохиолыг үгийн урлагийн гайхамшиг талаас нь зааж сургавал монгол сэтгэлгээний дархлаа оюун тархинд гүн бат сууна. Тийм учраас монгол хүүхдийг эхлээд өв соёл, монгол хэлэнд дурлуулах нь зөв гэж би боддог. Монгол соёлыг сурахаар Стив Морел хэмээх франц эр төрсөн нутаг, гэр бүлээ орхин ирсэн цагаасаа морин хуур, монгол хэл, таталган бичигт сэтгэл, ухаанаа зориулаад 5 жилийн нүүрийг үзжээ. Тэрбээр монгол соёлд утга учиргүй юм нэг ч байхгүй гэж ярьдаг. HU хамтлаг рок хөгжмийг Монголын язгуур урлагтай хослуулсан уран бүтээл гаргасан даруйдаа Youtube сувагт 18 сая хүний хандалт авч, АНУ-ын хамгийн эрэлттэй I Tunes хөгжмийн жагсаалтад тэргүүлсэн.
Монголдоо хайртай байх үзлийг эх хэлний боловсрол өгөх боловч дэлхийн хэлийг сурахгүйгээр Монголоо таниулах боломжгүй юм. Иймээс англи хэлийг хэрэглээ талаас нь монгол хэлийг соёл талаас нь хослуулан зааж сургахыг зөв гэж боддог.
Монголын ардчилалтай зэрэгцэн 1990-ээд онд төрсөн залуучуудыг олон улсын нэршлээр миллениал гэдэг бөгөөд эдүгээ 30 гаруй настай багш нар, мөн эцэг эхчүүд одоогийн шинэ Z үеийнхнийг сурган хүмүүжүүлж байгаа юм. Z үеийнхний технологийн мэдлэг, цахим хэрэглээ, хүлээн авч буй контент зэрэг нь аль хэдийнэ дэлхийтэй зэрэгцэж байна. Интернет бий болохоос өмнө хүн төрөлхтөн зөвхөн номноос мэдээлэл авч, ертөнцийг харах цонх бол ном гэж ойлгодог байсан. Одоо үед номноос гадна google онлайн сургалтууд мэдээлэл авах боломжийг улам нэмэгдүүлэх болсон. Багш, сурагчид coursera, edx-ийн сургалтаас суралцаж, хөгжих боломжууд нээлттэй байна. 2020 гэхэд дэлхийн хүн амын 1/3 хувийг эзлэх Z үеийн ардчилсан залуусыг сургах багш нарын эрхэмлэх зүйлс юу вэ?
Миний хувьд тогтвортой хөгжлийг эрхэмлэгч багш болохыг хүсдэг. Цаасны хэрэглээг багасгаж, багшийн тэмдэглэл, сурагчдын бүтээлийг материаллаг хэлбэрээс илүүтэй цахим талбарт хадгалж, дэвтрийг цэвэрхэн ашиглах, дууссан дэвтрээ хадгалж байгаад дахин боловсруулалтад өгдөг хандлагагыг бий болгоно гэж боддог.
Би хүний эрхийг хамгаалагч багш болно. Сургуульд зөвхөн шилдэгүүд сурдаггүй. Харин шилдэг болохын тулд суралцдаг. Тэр дунд харагдах байдлаараа ялгаатай, өөр өөрийн ертөнцтэй, үзэл бодолтой, сурах арга барилтай, магадгүй хөгжлийн бэрхшээлтэй, хүйсийн чиг хандлагын онцлогтой хүүхдүүдтэй ажиллах болно. Тэдний ялгаатай талыг хүлээн зөвшөөрч хүндэтгэн, мэдлэг бүтээх нь хамгийн чухал санагддаг.
Би “өөрөөр сэтгэх”-ийг уриалдаг багш болно. Apple компанийн алдарт “Өөрөөр сэтгэ” рекламын текстийг цээжлүүлнэ. Linkedin-ийг үүсгэн байгуулагч Бэн Каснока “Намайг өөрөөр сэтгэхэд уриалан дуудсан дунд сургуулийн багшдаа зориулав” хэмээн нэгэн номондоо дурдсаныг сануулж байх болно. Багш нар бол сургуулийн энгийн нэг ажилчид биш мэдлэг боловсролыг бүтээгчид, шинэ санааг туршигчид, байнгын эрэл хайгуулчид, тасралтгүй шинийг сэдэгчид буюу өөрөөр хэлбэл “энтрэпренерүүд” юм.
Ертөнцөд хоёр нисдэг амьтан төрдөг. Нэг нь шувуу, өндөгнөөс гарч үүрнээсээ хальж тэнгэрт нисдэг. Нөгөө нь хүн, эхээс мэндлээд багш нарын ачаар эрдэм номоор жигүүрлээд оюун ухаанаараа тэнгэрт нисдэг. Багш хүн чадвартай, сэтгэлтэй, зүтгэлтэй, зөв үлгэр дууриалалтай нэгэн байж чадахгүй бол бусдад зааж сургах эрхгүй гэж би боддог. Багш нар шинэчлэгдэхийн хэрээр үнэлэмж нь сайжрах ёстой, энэ бол шударга ёс. Эхний 5 жилд мэргэжил дээшлүүлэх тогтолцооны сургалтаас өөрөөр багшийг дэмждэг тогтолцоо монголд хэд байдаг вэ? Багшийг дэмжих бодлого нь зөвхөн сургалт семинараар хязгаарлагдах бус шинэлэг, санаачилгатай, инновацилаг хүрээнд өрнөх ёстой гэж боддог билээ.