МАНАЙ ХАМТ ОЛОН “ТЕАТР МОДА” ГЭДГИЙГ БИЙ БОЛГОЖ ЧАДСАН.

Дээлтэй Монгол наадмын түүхийг ярина гэхээр өөрийнхөө түүхээс хуваалцахгүй бол болохгүй. Би бол социализмын үеийн бүтээгдэхүүн. Намайг ЗХУ-д Украйны Киевийн Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургууль руу Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн даргын удирдаж байсан “Үнэ, стандартын улсын хороо”-ноос томилж сургасан байдаг.

НАМЫН ДААЛГАВАР ДЭЭЛТЭЙ ХОЛБОСОН. Надад өгсөн даалгавар бол “Монгол хүн ямар биеийн бүтэцтэй, ямар стандарттай вэ гэдгийг судлаад ир” гэсэн. Энэ даалгавар уйтгартай, хэцүү байсан ч Киевт суралцаж байсан 200 монгол оюутнаас надад биеийн хэмжээгээ өгөөч гээд гуйдаг байв, ихэнх нь дургүйцнэ. Төгсөөд ирэхэд Д.Бямбасүрэн дарга Дундговь аймаг руу томилж “малчдын хувцасны стандартыг боловсронгуй болго” гэсэн үүрэг өгсөн. Малчид өдөр тутамдаа ямар хөдөлгөөн хийдэг, дээл хувцас нь хөдөлгөөнд нь хэр зохицсон гэх мэтээр судалж тайлангаа хамгаалснаар анхны үнэлгээ, шагнал цалингаа авч билээ. Ингэж л  миний амьдрал монгол дээлтэй эргэлт буцалтгүй холбогдсон юм. 

ТАЙЗТАЙ ОРДОНГ МӨРӨӨДСӨН. Нөхрөө дагаж 1992-2002 онд Чех улсад амьдарсан. Тэр хооронд 1997 онд төгссөн сургууль дээрээ очиж “Монгол хувцасны орчин үеийн элементийг боловсронгуй болгох нь” сэдвээр доктор хамгаалсан. Чехэд байхдаа нутгаа их санаж, өв соёлоо үгүйлдэг байсан. Нутагтаа буцаж ирээд загварын гоё музейтэй, номын сантай, загварын тайзтай ордон байгуулахыг мөрөөддөг байсан маань энэ “Монгол костюмс” бий болох үндэс болсон.

БУМБАТ ТУР “ТАЙЗ” МИНЬ БАЙЛАА. 1992 оноос өмнө Мэндбаяр захиралтай Бумбат тур баазын тайзан дээр жуулчдад зориулж “Гайхамшигт Монгол хувцас” хэмээх анхны шоугаа, олон улсын эрдэм шинжилгээний хурлын хамтаар зохиож байлаа. Чехээс ирээд 2002, 2004-2008 онд Монгол, Буриад, ӨМӨЗО, Тува, Халимаг, Якутад “Гайхамшигт монгол хувцас” фестивалиа 8 удаа зохион байгуулсан. Монгол бол нүүдэлчдийн дээл хувцасны голомт учраас “Дэлхийн монголчуудын хувцасны холбоо”-г байгуулсан. Тэр үед Халимагт үндэсний хувцасны соёл нь устаад байхгүй болчихсон байсан. Бид нар Халимаг улс байгуулагдсаны 400 жилийн ойгоор XIII зуунд хамаарах хувцаснуудаасаа бэлэглэсэн. Энэ бүхэн бол “Дээлтэй Монгол” наадмын үндсэн санаа байсан юм аа.

ХҮҮ МИНЬ “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ГЭЖ НЭРЛЭСЭН. 2007 онд НАЖГ-ын даргаар миний хүү А.Түвшин ажиллаж байсан юм. Хүүтэйгээ уулзаад наадмаар дээл хувцасны парад хийвэл ямар вэ, ээжийгээ дэмжээч гэж хүссэн. Тэгээд 2007.05.14-нд 48 дугаартай албан тоот үйлдээд НАЖГ руу явуулсан, тэр бичиг одоо ч хадгалагдаж байдаг. “Дээлтэй Монгол” хэмээх нэрийг миний хүү А.Түвшин өгч билээ. Мөн наадамдаа “зохиогчийн эрх” авч баталгаажуулсан. Тус наадмыг МАЖХ дэмжиж зохион байгуулалцдаг болсон.

ЭСРЭГЭЭРЭЭ ЭРГЭСЭН. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 оны наадамд зориулан 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хувцасны парадыг өөрийн байрандаа бэлдсэн. Тэрийгээ наадмын нээлтэнд оруулах гэж хамаг байдгаараа гуйж билээ. Наадмын бэлтгэлд ирээгүй гээд оруулахгүй байв. 150 хүнийг хувцас хэрэглэлтэй нь наадмын бэлтгэлд оролцуулах боломжгүй байсан гэдгийг урьдчилж хэлээд ч нэмэргүй байсан юм. Ёстой гуйна гэдэг гутамшиг байсан. Бардам зангаа хаяад 150 хүний хүч хөдөлмөрийг бодоод гуйсаар байгаад наадмын нээлтэнд орж билээ. Үр дүн эсрэгээрээ эргэсэн, маргааш нь сонин хэвлэл, ТВ-ийн гол имиж манай үндэсний хувцастай тэр 150 залуучууд байлаа. Гадаад, дотоодын маш олон жуулчид, зочид, сэтгүүлчид, наадамчидтай зургаа авхуулсан. Одоо биднийг наадмын нээлтэнд оролцуулах гэж хүсдэг болсон. Эдүгээ манай хувцасны фонд нэг дор 400 хүнийг хувцаслаад параданд жагсааж чадахаар хэмжээнд ирлээ.

АТААРХМААР... Наадмын дараахан ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооныхон, “Гэгээн тал”-ын зохион байгуулах хорооныхон ирж уулзсанаас хойш 10 жил дараалан ӨМӨЗО-нд уригдсан. Өвөрмонголчууд биднээс суралцаж үндэсний хувцасны маш том сантай болсон төдийгүй “Үндэсний хувцасны фестиваль”-тай болсон. Төр засаг нь ч бодлогоор, хөрөнгө мөнгөөр атаархтал дэмжсэн. Одоо өвөл хүртэл зохион байгуулж, биднийг өвлийн хувцсаар оролцооч гэж урьдаг болсон. Сүүлдээ Халимаг, Буриад, Тувагийн хувцас судлаач эрдэмтэд харилцан цуглаж чуулдаг болсон.

ХУБИЛАЙ ХААНЫ ҮЕИЙН ХУВЦАСНЫ САН. Бид нар түүх археологийн мундаг эрдэмтэн докторууд болох А.Цэвээндорж, Д.Баяр, Ц.Төрбат, У.Эрдэнэбат гээд олон судлаачидтай хамтран ажилласан. Д.Баяр гуай “Атга нөж” жүжгийн зохиолын хувцасны судалгаан дээр ажиллаж тэр санаагаа бидэнд танилцуулсан. Анхнаасаа л судалгаатайгаар, археологийн олдворт тулгуурлаж монгол хувцасны бүтээлүүдээ хийж урлахыг хичээж ирсэн. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойгоор Монголд олон улсын 30 гаруй эрдэмтэн судлаачдыг оролцуулсан ЭШХ хийж “Евроазийн хувцасны түүх” эмхэтгэлийг хэвлүүлсэн.

75000 ЕВРОГИЙН ЭРЭЛД. ЮНЕСКО-гийн ЕНБД байсан Ирина Бокова 2011 оны наадамд ирж манай тоглолтыг үзээд тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраар дамжуулан манай Монгол костюмсын хамт олныг ЮНЕСКО-гийн тайзан дээр 2012 онд тоглохыг урьсан. 2012 онд Монгол Улс ЮНЕСКО-д элсэж орсны 50 жилийн ой тохиох гэж байсан. 7 сард сайдад хэлсэн энэ мэдээ  9 сарын сүүлээр надад сонсогдож, би ч жигтэйхэн баярласан. Тэгээд 4 сарын үед ЮНЕСКО-гийн Монгол дахь салбарын дарга Жаргалсайхан холбогдож “танайхыг урьсан, харамсалтай нь мөнгө байхгүй, өөрсдөө мөнгө босгоод оролцох боломжтой шүү” гэж мэдэгдсэн. Нэр хүндийн хэрэг тул оролцохоор шийдэж төр засгийн баахан газар руу хандаж байж 5 сая төгрөг л оллоо. 75000 еврогийн зардал хэрэгтэй байсан. ЮНЕСКО-гийн өвд Монгол Улс дээлээ бүртгүүлж чадахгүй, биднээс өрсөөд БНХАУ бүртгүүлчихвэл яах билээ гэж санаа зовохын зэрэгцээ хэрвээ дээлээ бүртгүүлж чадахгүй бол Сувд буруутан болох ч юм шиг санагдаад байсан. Тэгээд яаж ийгээд 75000 евро олоод явъя гэж зүтгэсэн.

НҮД НЬ ОРОЙ ДЭЭРЭЭ ГАРСАН. МИАТ компани хөнгөлөлт үзүүлж тусаллаа, 29 хүний бүрэлдэхүүнтэй ЮНЕСКО-гийн тайзнаа тоглохоор очлоо. Мэргэжилтэн нь тоглолтын өмнө ирээд танайх тайзны төлбөрөө төлөх үү гэхэд нь бид нар хувийн зардлаараа ирсэн бага зэрэг хөнгөлөх боломж байна уу гэж хэлтэл бүгд “нүд нь орой дээрээ гарсан”. ЮНЕСКО-гийн тайзан дээр уригдаж тоглоно гэдэг бол маш нэр хүндийн хэрэг, дэлхийн шилдэгүүд ирж тоглодог, тухайн улсын төр засаг нь дэмжиж зардал мөнгийг нь төлдөг гэцгээв. Хувийн байгууллага ирчихсэн байна, ямар ойлгомжгүй юм бэ гэсэн асуудал үүссэн. Тэд нар эргэлзсэн шинжтэй, тайзнаа тоглуулах эсэх нь мэдэгдэхгүй, зөвлөлдөөд ирье гэж түр гарсан хойгуур нь багагүй хямарч, нэгэнт бэлдэж ирсэн юм чинь төлөөд ч болтугай тоглоно гэж бодож байлаа. Азаар бидэнд хямдруулж өгсөн, орой нь ч бид нар тоглосон, маш гайхамшигтай гоё тоглолт боллоо. ЮНЕСКО-гийн экспертүүд, судлаачид гээд олон хүний талархлыг хүлээлээ, гар барилаа, захирал, дарга нартай ч танилцлаа.

АРВУУЛХНАА БАЙСАН Ч ДАРАГДСАНГҮЙ. 2021 онд Саудын Арабт уригдаж 10 хүний бүрэлдэхүүнтэй явлаа. Гадаадын урилга бүрт “Монгол костюмс” гэсэн компанийг төлөөлөх бус Монголыг төлөөлөн явж, улсынхаа нэр хүнд, нүүр царайг авч гарахыг хичээсээр ирсэн. Саудын Арабт болсон үндэсний соёлын арга хэмжээнд 110 улс орон оролцож 6 номинациар өрсөлдсөн. Манай бүрэлдэхүүнд явсан Цогтсайхан уртын дуугаар гран при, харин манайхан үндэсний хувцасны номинациар гран при авлаа. 6 шагналын 2-ыг нь Монгол Улс авсан. Казах, Киргиз улс 30, 40-өөрөө тайз эзэгнэж байсан ч 10-уулхнаа байсан бид нар тэдний сүрэнд дарагдсангүй, бид нар маш их баярласан, Монголдоо харьж ирэхэд бидний баяр хөөр байхгүй болсон. Соёлын Яам та нар яахаараа явдаг юм гэв ээ.  “Баярлалаа, Монгол Улсын нэрийг гаргалаа” гэж нэг үг ч хэлээгүй. 

ЯМАР БУРУУТАЙГАА ОЙЛГОДОГГҮЙ. Энэ бүх урилга заллагад Соёлын Яамныхан “яагаад хувийн компанийг уриад байдаг юм бэ” гэж асуудал үүсгэдэг байсан. Бид нар ямар буруутайгаа ойлгодоггүй. Учирч байсан саад бэрхшээлүүдийг эргээд бодохоор “компани байгуулсан нь” миний буруу байсан юм шиг санагддаг. Компани бол бизнесийн байгууллага учраас ашигтай ажиллах ёстой, хүмүүсээ цалинжуулах ёстой, үүнийг төр ойлгож дэмждэггүй байсан. Яг үнэнийг хэлэхэд төр хамгийн их мөнгөтэй газар, бидний хөдөлмөрийг үнэгүйдүүлэхийг оролддог байсан учраас энэ тал дээр магадгүй бид санал нийлдэггүй байсан байх. Зөвхөн ГХЯ л биднийг жаахан ойлгож, зарим нэг ажил дээр дэмжиж ирсэн.

ОДООНЫ МАЛЧИД ШИГ. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш их баялаг нөөц эргэн тойронд өдөр тутам байж байдаг. Төрийн бодлого дэмжлэг хэрэгтэй. Хятадууд өвөрмонголчуудын дээл хувцсыг зориуд дэмжиж хөрөнгө мөнгө хаясаар одоо маш өндөр түвшинд авааччихлаа. Анх намайг 1990-ээд онд ӨМӨЗО-нд очиход одоогийн Монголын хөдөөний малчид шиг дүр төрхтэй байсан. Пиджактай, кепиктэй, пүүзтэй, жинсэн өмдтэй, куртиктай, мотоцикль уначихсан малаа хариулж байсан. Гэтэл тэд одоо дээлээ өмсдөг, морио унадаг болчихсон.

Монгол костюмс хөгжлийнхөө явцад монгол үндэсний хувцсанд тулгуурласан “ТЕАТР МОДА” гэдгийг бий болгож чадсан гэж боддог.