МОНГОЛЧУУД МОРИН ДЭЭРЭЭ ЦОГ ХИЙМОРЬТОЙ

Би Хэнтий аймгийн Батноров суманд төрж өссөн. Миний багад өвөл, зунгүй хүүхдүүд морь унадаг, адуундаа морьтой явдаг, анч нохойгоо дагуулж үнэг хярсны ан хийдэг, мөн өвлийн сардаа адууны тарга хүчээ тогтоох гэж адуугаа уургалдаг, Батноров хийц буюу Тожил дарханы мөнгөн хийцийн эмээл хазаараар айл бүр баяр наадмаараа гангардаг гээд адуу мал дагасан олон сайхан уламжлалтай байлаа.

БАГЫН ДУРСАМЖ ЭВЕНТ БОЛСОН. Монголчууд бидний тухай гадаадын иргэд морио унаад сургууль, ажилдаа явдаг гэсэн төсөөлөл их байдаг санагддаг. Нэг хүнд оногдох адууны тоогоор Монгол орон дэлхийд тэргүүлдэг. Тэгсэн хэрнээ адууны эвент хөгжөөгүй. Тийм учраас энэ “Талын түмэн адуу” эвентийг санаачлах сэдэл төрсөн. Бага насандаа хийдэг байсан эдгээр соёлыг хадгалан авч үлдэх зорилгоор зарим зүйлсийг нь шингээсэн эвентийг эхний жилдээ сумын хэсэг адуучдын дунд хийж үзсэн.

Дараа жил нь Хэнтий аймгийн 20 гаруй удаагийн аварга, Монгол Улсын хошой тэргүүн болсон Батноров сумын “Соёлын төв”-ийн дуу, бүжгийн хөтөлбөрөөр баяжуулан хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, үзэгчдийн хүрээнд сумандаа зохион байгуулж “өргөжүүлсэн”. Гурав дахь удаагаа Монгол Улсын хэмжээнд сурталчлан үзэгч, оролцогчийг тэлж Монголын аялал жуулчлалын салбарын эвент болгон зохион байгуулж гаргаж ирсэн.

ИХЭНХ НЬ АЛДАГДАЛТАЙ. Эхний хэдэн жил маш хэцүү байсан. Ер нь Монголд зохион байгуулагддаг жуулчны эвентүүд ихэнх нь алдагдалтай ажилладаг. Хэрхэн алдагдалд орохгүйгээр зохион байгуулах вэ гэж бодож шаналдаг. Нэг удаа эвентээ хийж дуусгачихаад буцах гэтэл приус машинд хийх бензиний мөнгөгүй болтлоо хамаг мөнгөө зарцуулчихсан, эхнэрээсээ бензиний 20 мянган төгрөг гуйгаад зогсож байснаа санаж байна.

ХАРИУЛГААР НЬ ТУУЖ ИРДЭГ. Хэнтий аймгийн Батноров сум Монгол Улсын хэмжээнд адууны тоогоор эхний 3-5 дугаар байранд байнга эрэмбэлэгддэг адуу ихтэй сум. Тиймээс олон адуутай айлуудтай адууны тоогоор нь урамшуулал олгож адуугаа цуглуулдаг. Тэр олон адууг 50, 100км-ын цаанаас 2-3 хоногийн хугацаатай хариулгаар нь тууж ирж оролцуулдаг. Отор нүүдлээс шалтгаалж адууг олноор нь цуглуулж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Хамгийн ихдээ 2500 адууг цуглуулж байлаа. Олон адууг нэг дор цуглуулахаар бэлчээр талхлах, бага адуу сарних зэрэг адуугаа оруулсан айлд төвөгтэй байдал бий болдог. Тийм учраас олон адууг нэг дор цуглуулах концепцийг өөрчлөхийг зорьж байгаа, мэдээж хэрэг 1000 адууг бол цуглуулна.

ӨВЛИЙН ЭВЕНТ БОЛ СОРИЛТ. Өвлийн эвент зохион байгуулах нь хүнд сорилтыг бий болгодог. Талбай дээр 00 байрлуулах, мэдээллийн самбар бэлдэх, дулаацах байрууд бэлдэх, үнэгүй халуун уух зүйлсээр хангах гэх мэт зохион байгуулалтын жижиг гэлтгүй бүх зүйлд санаа тавьж ажиллахаас өөр аргагүй болдог. Ялангуяа Хэнтий чиглэлд байршуулах хэрэгсэл муу хөгжсөн болохоор зочдын байр, хоол гээд нэмэлт арга хэмжээг хүртэл цогцоор нь тооцох шаардлага гарна. Зарим аялагчид урьдчилж байр, үйлчилгээ захиалалгүй хүрээд ирдэг учир жил бүр багадаа 50 хүртэл хүний нэмэлт байр төлөвлөдөг. Зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг жил бүр Батноров сумын иргэд, залуучуудаас бүрдүүлдэг бөгөөд эдүгээ ажлаа сайн мэддэг болсон нь манай эвентийг өндөрт өргөх болсон гэж үздэг.

ЗААВАЛ ДАХИЖ ИРДЭГ. Тус эвентэд түшиглэн өвлийн жуулчдыг Монголд татах боломжтой гэж хардаг. “Талын түмэн адуу” эвент нь хэн нэгэн жуулчинд зориулагдсан тусгайлсан хөтөлбөргүй, харин адуучин залуус өвөл цагийн аргамаг хүлэгтэйгээ адуу малын соёлын өвөөр өрсөлддөг эвент юм. Тийм учраас сүрлэг хийморлог байдал, өвөрмөц ахуй соёл, өвлийн цан хүүрэг татуулсан гоё өнгийг эндээс мэдрэх боломжтой бөгөөд жуулчдын хайдаг зүйл нь “үнэн бодит мэдрэмж” юм. Өөрөөр хэлбэл, Монголчууд морин дээрээ цог хийморьтой харагддаг.

ХАМГИЙН ОЛОН МОРЬТОН. Манай эвент дээр орон нутгийнхан бараг бүгд морио унаж оролцдог, тийм болохоор хамгийн олон морь унасан Монголчуудын цугларалт болдог гэхэд хилсдэхгүй. “Талын түмэн адуу” эвентийн амин сүнс нь магадгүй энэ байх, үүнд нь татагдаж, урин дуудагдаж ирдэг болов уу. Морьтон эрсийн цуваа, морь унасан хүүхдүүдийн парадыг хараад олон хүн догдолж нүднээс нь нулимс гарч байхыг харж байсан. Нэг зорьж ирсэн хүн заавал дахин ирдэг. Бид нэг удаагийн эвент дээрээ 1000 гадаадын жуулчин хүлээн авчих юм сан гэсэн битүүхэн мөрөөдөлтэй явдаг, ер нь ковидоос өмнө 300 гаруй жуулчид ирж байлаа.

НЭГ ЦУЛ БАЙХ ЁСТОЙ. Шуудхан хэлэхэд өвөл, зуны бүх эвент бол энтертаймент арга хэмжээ юм. Эвент санаачлагчид, зохион байгуулагчид үүнийг харж чаддаггүй юм шиг санагддаг. Орой үдшийн арга хэмжээ, хөтөлбөр хоорондын холболт, арын албаны багийн зохион байгуулалт гээд бүх зүйлс нэг цул байх ёстой санагддаг.  Аймаг, сумын төрийн албан хаагч нар бүх эвентийн арын алба болж ажилладаг. Тэд мэдээж мэргэжлийн баг биш болохоор байнга алдаа, асуудал дагуулдаг. Тиймээс эвентийг мэргэжлийн баг зохион байгуулах ёстой гэж боддог. Тухайлбал, Play time жилээс жилд сайжирч, цар хүрээ нь нэмэгдээд байгаа нууц нь энэ хугацаанд нэг цул багийн ажиллагаа жилийн турш явагдсантай холбоотой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эвент санаачлагч нар эвентээ дараагийн түвшинд гаргая гэж бодож байвал жилийн турш хөрөнгө санхүү босгох, сурталчилгааны маркетингийн бодлогодоо түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй санагддаг.