ХҮЙТЭН НӨХЦӨЛД ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛТАЙ ТУЛГАРСАН

Миний хувьд Монголын уран зургийн галерейд ажиллаж байгаад 2010 онд Чойжин ламын сүм музейн захирлаар томилогдож ирсэн. Өмнө нь сүм хийд байсан өвөрмөц онцлогтой, үзмэр нь солигдох боломжгүй “музей”-д яаж олон үзэгчийг ирүүлэх вэ, нэг удаа ирснийг нь яаж дахин ирүүлэх вэ ... гэдэг асуудалтай тулгарсан.  

БЭРХШЭЭЛ ГЭХЭД ХЭЦҮҮ ОНЦЛОГ. Эдүгээ 114 жилийн настай дурсгалт уран барилга бөгөөд төвийн дулаан, төвлөрсөн шугамд холбох боломжгүй онцлогтой. Халаалтыг шийдье гэвэл энэ сайхан дурсгалт барилгын гадна талаар дулаалгын өрлөг хийх хэрэгтэй болно. Өрлөг хийчихвэл барилгын түүхэн үнэ цэнэ үгүй болно. Тийм учраас энэ орчин нөхцөлдөө тохируулан ажиллахаас өөр аргагүй болсон. Манай музейг ер нь ажилладаг юм уу гэх яриа байсан нь сэтгэл эмзэглүүлсэн. Өвлийн улиралд гадаа -25 хэм байхад манай музейн танхимд жавар хургаад -40 хэм хүртэл хүйтэн болох нь ердийн үзэгдэл. Ийм нөхцөлд “бид нар ажиллаж байгаа шүү” гээд гараа даллаад зогсож байлтай биш гэж бодоод ямар боломж байгааг хайж эрэлхийлж эхэлсэн.

ГАЗРАА БУЦААЖ АВСАН. Музейн хамгаалалтын бүсийг Засгийн газраас 2.0 га газар хэмээн тогтоосон байсан боловч хожим нь бусад этгээдүүдэд давхардуулан олгосон байсан. Бид 13 жилийн турш тууштай тэмцсэний үр дүнд 2.0 га газраа буцаан авч чадсан. Музейн эзэмшлийн газартаа ногоон байгууламж бий болгосон. Дараа нь ногоон байгууламжаа ашиглан “Шөнийн музей” үйл ажиллагааг зохион байгуулсан. Герман улсад соёлын менежментээр суралцаж байхдаа “Шөнийн музей” төслийг анх үзсэн бөгөөд Монголд хэрэгжүүлэх санаа төрсөн. 2010 онд төсөл болгон хэрэгжүүлснээр үзэгч зочдыг татсан. Үзэгчид “шөнө музей үзэж болдог юм байна, ямар гайхалтай юм бэ” гэж талархан хүлээн авсан.

БУРХАД АМИЛСАН МЭТ. Үдшийн цагаар, тусгай гэрэлтүүлэгтэй музейн танхимуудаар зочлоход сүмд залаатай буй догшин сахиус, бурхад, сүмийн чимэг зэрэг нь шөнийн бүдэг гэрэлд “амилсан” мэт харагдаж, хүмүүсийн сонирхол, анхаарлыг багагүй татсан. Мөн гол сүмдээ “Цам”, “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт өв”, “Торгон зураг”, “Шүтээн зураг”, “Мандала” гэх мэт тусгай үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн. ГХЯ-тай хамтран Берлин хотод “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээж, одоогийн байдлаар Европийн 5 оронд аялуулаад байна. Ардын уран зохиолч Д.Урианхай гуайн зөвлөснөөр “Шөнийн музей” гэх нэрийг “Үдшийн музей” гэж нэрлэхээр болсон.

АНХНЫ ТОГЛОЛТ. 2016 онд ногоон байгууламжаа ашиглаж “Хөсөгтөн” хамтлагтай хамтран урлагийн тоглолт зохион байгуулж үзсэн. Манай музейн ахмад ажилтан “та одоо 500 хүн цуглуулах үнэхээр итгэлтэй байна уу” гэж асууж билээ. Ямар ч байсан шинэ менежментээр ажиллаад үзье гэж хариулсан. 50 гаруй сая төгрөгийн төсвийг олохын тулд төсөл бичиж, тасалбар зарсан. Байгууллагуудаар явж төслөө танилцуулснаар тодорхой хэмжээний дэмжлэг авсан. Цаг агаар бидэнд захирагдахгүй учир тасалбараа эрт борлуулах боломжгүй байсан. Ердөө 5 хоногийн өмнөөс тасалбараа борлуулж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн боломжит цаг хугацаанд тааруулан ярилцлага нэвтрүүлэгт орж сурталчилсан. Сүүлийн өдөр тасалбарууд бүгд борлогдож, музейн хашааны гадна үзэж чадахгүй олон хүн үлдсэн байсан.

БАС Ч ГЭЖ АШИГТАЙ. 500 суудал маань дүүрч, тоглолт маань амжилттай болж, зардлаа бүрэн нөхөж, музейдээ 3 сая гаруй төгрөгийн орлоготой, тэрийгээ улсдаа тушааж байлаа. Тухайн үед тасалбарыг үнэтэй байна гэцгээж байв. Бид нар гадаа “театр” бий болгож, урлагийн байгууллагууд, тайз, гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг төлөх байсан тул тасалбарын үнэ хямд төсөр байх ямар ч боломжгүй байсан. Эхний амжилтандаа урамшиж дараа дараагийн тоглолтуудыг 700 үзэгчтэйгээр Морин хуурын чуулга, Улсын филармони, Баян Монгол чуулга, УБ чуулга, дуучин Б.Баярцэцэгтэй хамтран зохион байгуулсан. Хашаагаа хаачихсан байхад Шангри-Ла буудал хүртэл дараалал үүсгэн зогссон байж билээ. Манай хамт олон энэ бүхэн дээр маш их туршлага хуримтлуулсан.

ЦАЛИН НЭМЖ ӨГӨХ ҮҮ. Анх музейдээ ирээд анзаарсан зүйл бол ганцхан тайлбарлагчтай байсан явдал. Түрүүлж ирсэн үзэгч тайлбар сонсоод дараагийн үзэгч нь тайлбаргүйгээр өөрөө бие даан үзэж байв. Тайлбаргүй явна гэдэг бол ойлголтгүй үлдэнэ гэсэн үг. Хүн ойлгоогүй юмаа сонирхдоггүй. Үзмэр харгалзагч нартаа “та нар маань сайхан тайлбарладаг болооч ээ, өөрсдийгөө бэлд” гэсэн чинь “тайлбарлагчийн цалин нэмж өгөх үү” гэсэн. Гэвч тайлбарлагчийн орон тоо, цалин нэмэх боломжгүй нөхцөлд бид тохиролцоонд хүрч чадсан. “Жишээ нь танай аав ээж, ах дүү чинь манай музейд ирээд “энэ ямар бурхан бэ” гэж асуувал “өө мэдэхгүй, энэ үзмэрийг бүрэн бүтэн байлгаж, тоосыг нь арчих л миний ажил” гэж хариулаад зогсож байсан нь дээр үү, эсвэл энэ бурхан бол гээд утга учир, бэлгэдлийг нь тайлбарлаад байж байсан нь дээр үү, бодоод үзээрэй” гэж ятгасан. Бид сургалт зохион байгуулж, нэг нэгэндээ тайлбарлаж өөрсдийгөө шалгаж, бие биенийхээ хариуцсан сүмд солигдон тайлбарлах дадлага хийсний үр дүнд үйлчилгээний ажилтнууд маань музейгээ бүрэн тайлбарлах хэмжээнд чадваржсан.

НЯГТЛАН Ч МЭДНЭ. Нэг удаа бичиг хэргийн ажилтан маань өрөөний утас аваад “за одоохон байж байгаарай, мэддэг хүнээс нь асуугаад өгье” гээд гараад гүйх гэж байна. Юу болов гэж асуутал “нэг хүн Чойжин ламын талаар юм асуугаад байна” гэв. Тэгэхээр нь “чи өөрөө унш, судал, энэ музейн ажилтан учир ийм асуултад бүдэрч болохгүй” гэж хэлсэн. Дараа нь нягтлан бодогчдоо “Сангийн яам, татварын газар гэх мэт энд тэнд явж байхад тань музейтэй холбоотой юм асуувал би мэдэхгүй ээ, зөвхөн тоогоо л мэднэ” гээд зогсож байх уу гэж хэлээд музейн бүх шатны ажилтнууд маань музейнхээ тухай мэддэг болсон.

ДЭЭЛНИЙ ЯТГАЛГА. Анх ирэхэд манай ажилтнууд янз бүрийн куртиктэй, товч цахилгаанаа бүрэн товчлохгүй, алчуур зүүчихсэн, яг л нийтийн субботникт гарах гэж байгаа юм шиг харагдсан. Бидэнд ажлын хувцас байхгүй, хувцасны төсөв ч байхүй, цэвэрлэгээ хийдэг учраас энэ хүйтэн нөхцөлд байнга хувцас солих боломжгүй гэцгээв. Энэ хувцаслалт нь ямар муухай юм бэ гэж бодсоор ажилтнууддаа дээл өмсөхийг уриалсан ч дэмжигдээгүй. 2010 оны үед одоогийнх шиг дээл өмсөх сонирхол хүмүүст байгаагүй. Ажилтнуудаа ятгаж, дээл өмсүүлэхээр болсон. Байгууллага, хүмүүст учир байдлаа танилцуулсаар хэдэн төгрөгийн хандив цуглуулж ажилтнуудаа дээлтэй болгож билээ. Өвлийн нөхцөлд дээлийнх нь гадуур хүрэм, толгой дээрээ лоовууз малгайтай болгоод өөрсдөөр нь үс чимэглэл хийлгүүлсэн.

МУЗЕЙН МОДЕЛЬ. Ийнхүү үндэсний хувцастай болоод ирсэн чинь үзэгчид манай үзмэр харгалзагч нартай зургаа авхуулдаг болсон. Хүмүүстэй зургаа авхуулаад ирэхээр үс гэзэг, нүүр царай, хуруу хумсаа хүртэл анхаарч урамтайгаар ажлаа хийдэг болсон. Мөн тухайн үед бүх ажилтнуудаа хандив, тусламжаар компъютороор хангаж байлаа. Учир нь тухайн үед манай байгууллага хоёрхон ширхэг “Pentium 2” гэсэн компъютортой л байж билээ.

ХҮН ХЭЛЭЭРЭЭ. Байгууллагын соёл гэдэг бол чухал юм. Цалин хөлс багатай, ажлын хүнд, хүйтэн нөхцөлд ажилладаг ажилтнууддаа тэр бүр арга хэмжээ авч, цалин хасах нь оновчтой шийдэл биш гэж боддог байв. Би үргэлж “хүн хэлээрээ, мал хөлөөрөө”, “ярилцаж ойлголцох нь хамгийн сайн гарц шүү” гэж хэлдэг. “...Үг хэллэгээ анхаарч байгаарай, талх авах мөнгөөрөө музей үзээд явж байгаа хүмүүс ч байгаа, өөрсдийнхөө аав ээж, үр хүүхэдтэй адилхан гэж бодоод баярлуулаад гаргаарай, тэр хүний ард өчнөөн олон хүн бий, ямар ч ааштай хүн ирсэн бай хүндлээд гаргаарай” гэдэг.

ЗҮЛЭГНИЙ МАШИН. 2018 онд Монголын урлагийн зөвлөл, “Эм Си Эс” группийн “Өв-Эрдэнэ” төсөлд шалгарсан. Төслийн хүрээнд Канад технологийн гоё зүлэгтэй болсон боловч арчилгаа тордлогын ажил нэмэгдсэн. Тухайн таримал зүлгийг жилд дөрвөн удаа зориулалтын бордоогоор бордох, 2 долоо хоноод машиндах үүрэг нэмэгдсэн. Бордооны мөнгө, зүлэгний машин авах мөнгө, цэцэрлэгчийн ажлын хөлс, шатахууны зардал гээд олон асуудалтай тулгарсан. Өнгөрсөн 7 сард бороо бараг ороогүй, зүлэг шарлаад ирсэн чинь төсөл хариуцсан байгууллагаас “наад зүлэг чинь болохоо байлаа, бордоогоо хийгээч ээ” гэж сануулсан. Музейд цэцэрлэгчийн орон тоо байхгүй, ногоон байгууламжийн төсөв гэж байхгүй учаас дахиад эргэн тойрны байгууллагуудаас хандив гуйж хэдэн төгрөгтэй болоод зүлэгний машинтай болсон. Манай музейн эргэн тойрны байгууллагууд үргэлж тусалж дэмжиж ирсний хүчинд олны дэмээр өдий зэрэгтэй явж байна даа.

ЦЭВДЭГ ДЭЭР. Бид хариуцан ажиллаж буй түүх, соёлын хосгүй нандин өвөө элдэв хортон шавьж, ус чийгэнд автуулахгүй байх, дурсгалт барилгаа хайрлан хамгаалах гээд олон үүрэгтэй. Тийм учраас музейн дотор, гадна орчинд шинжлэх ухааны түвшинд 9 төрлийн судалгаа хийлгэсэн. Хадгалалт хамгаалалт, нийгмийн орчин, уур амьсгал, гамшгийн эрсдэл, ургамал, геофизик, инженер геологи гэх мэт нарийн судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулсан. Судалгаагаар хэрмэн хашаан дотор УБ хотын хамгийн том цэвдэг оршиж байна, энэ цэвдэг байгаль экологийн хувьд маш чухал ач холбогдолтой учраас алга болгож болохгүй. Халаалтгүй хүйтэн нөхцөлтэй явж ирсэн нь цэвдэг хадгалагдахад нөлөөлсөн байна. Чойжин ламын сүмийн урд хойно өндөр барилга барьж, агаарын урсгалыг нь хааж болохгүй гэсэн нарийн дүгнэлтүүдийг гаргасан байдаг. Мөн Ботаникийн хүрээлэнгийн судлаачид музейн хашаан дотор “Улаан ном”-д орсон ховор ургамал ургаж байгааг тогтоосон.

ХАЙРЦАГ ДОТОРХИ МУЗЕЙ. Манай хамт олон “Бүтээлч хүүхдүүд”, “Хайрцаг дахь музей”, “Авдартай музей”, “Цам” зэрэг боловсролын хөтөлбөрийг байнга зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, аутизмтай хүүхдүүд, ТҮК-ийн ажилтнуудын хүүхдүүд, Хүүхдийн засан хүмүүжүүлэх төвд хүмүүжиж буй хүүхдүүд,  Хавдар судлалын үндэсний төвд хэвтэж байгаа, асрах газарт амьдарч буй хүүхдүүдэд ойлгомжтойгоор тусгай тайлбартайгаар музейгээ үзүүлж ирсэн. Мөн эдгээр хөтөлбөрүүдээ УБ хотын болон орон нутгийн музейнүүд, хотын захын хорооллын ЕБС, цэцэрлэг зэрэг 50 гаруй байгууллагуудаар аялуулаад байна. Ахмадуудад зориулсан “Музей ба зөөлөн йог” хөтөлбөрийг 5 дахь жилдээ зохион байгуулсан. Энэ бүхэн бол манай хамт олны “Соёлын аялал жуулчлал”-д оруулж буй хувь нэмэр билээ.