Төслийн хэмжээнд өрнөж буй Guide 100 элсэлтийн хөтөлбөрийн хүрээнд УРАН ИЛТГЭГЧ тэмцээн гадаад хэл дээр маш амжилттай зохион байгуулагдлаа. Хөтлөгч М.Гансүх (Guide 70-ийн төгсөгч билээ) “илтгэгч нар маань биднийг оюуны цэнгэлд умбуулж байна аа” гэж хэд хэдэн удаа давтаж хэлэв. Тус тэмцээнийг НАЖГ, МАЖХ-той хамтран Guide төв зохион байгууллаа. Англи хэл дээр 8 илтгэгч, солонгос хэл дээр 2, герман хэл дээр 1, турк хэл дээр 1 илтгэгч оролцсон бөгөөд үзэгч, шүүгч, хөтлөгч, зохион байгуулагч биднийг анхааралтай сонсогч байлгаж чадлаа. Шүүгч нар маань “маш сонирхолтой контент боллоо, хоёрхон элсэлтээс ийм мундаг залуучууд гарч ирж байна гэдэг бол танай сургалтын элсэгчид аргагүй шилдэгүүд юм байна” гэж хэлсэн юм. MIU сургуулийг үүсгэн байгуулагч гэр бүлийн гишүүн Ko Sung Hun маш сэтгэл хангалуун байсан бөгөөд манай тэмцээний англи-солонгос хэл дээрх илтгэлүүдийг шүүлцсэн юм. “Дахиад ийм контент хийвэл хамгийн түрүүнд дуулгаарай, хамтран ажиллахдаа тун баяртай байх болно” гэв.
Guide 100 сургалтын элсэгч Б.Анударь маань “Танка” сэдвээр илтгэл тавьж дөрвөн шүүгчийн нийлбэр дүн 100 оноо авахаас 89.5 оноогоор дөрөвдүгээрт шалгарсан. Харин Guide 100 сургалтын элсэгч Г.Анужин “Богтаг малгай” сэдвээр герман хэл дээр илтгэж 91 оноогоор гуравдугаар байранд шалгарсан бол элсэгч Д.Нарангуа “Монгол цам” сэдвийг англи хэл дээр илтгэж 95 оноогоор хоёрдугаар байр эзэлсэн. Харин Guide 99 сургалтын төгсөгч А.ИХБАЯР “Алтан ганжир” сэдвээр англи хэл дээр илтгэж нийт 96 оноо авч НЭГДҮГЭЭР БАЙР эзэлсэн юм. Хөтлөгч маань А.Ихбаярын илтгэлийг дуусангуут “жаргаж сонслоо” гэж онцлов. Дуу хөгжмийг л “жаргаж сонслоо, жаргаж үзлээ” гэж сонсож байснаас англи хэл дээрх илтгэл яриаг “жаргаж сонслоо” гэж анх удаа л сонсов. Тийм ээ санал нэг, үнэхээр жаргаж сонссон билээ.
Guide 99 сургалтын төгсөгч нараас Б.Халиун турк хэлээр, Б.Баясгалан, Т.Нямцэцэг, А.Ихбаяр нар англи хэлээр оролцсон бөгөөд Z үеийнхэн, тэдний хэлний чадвар бол англи хэл мэдэхгүй хүн ч ойлгохоор сонсголонтой, чөлөөтэй илэрхийлэгддэг билээ.
Тэмцээнийг шүүхдээ РР файлаа бэлдсэн байдал, эх сурвалж дурдсан байдал, илтгэх ур чадвар, биеийн хэлэмж, илэрхийлэх соёл, харилцаа, цаг баримтлалт, гадаад хэлний чадвар гэх мэт үзүүлэлтүүдээр дүгнэсэн билээ. Шалгарсан илтгэгч нартаа Guide төвөөс мөнгөн шагнал, НАЖГ, МАЖХ-ны дурсгалын зүйлсийг гардуулж, бусад илтгэгч нартаа Таван нүдэн ХХК-наас эрхлэн гаргасан “Гиом Де Рубрук, Монголын эзэнт гүрэнд зорчсон нь” номыг дурсгалаа.
Илтгэгч нарын маань чадварыг 4 шүүгч шүүсэн бөгөөд англи-турк-солонгос хэл дээр дүгнэж өгсөн Хөвсгөл эрдэнэ ресортын захирал Г.Энхчимэг, англи-герман хэл дээр шүүсэн Ju-Ju төвийн сэтгэлзүйч, багш Д.Сүнжидмаа, герман-англи хэл дээр шүүж өгсөн МАЖХ-ны Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, англи-солонгос хэл дээр дүгнэж өгсөн Evandis ХХК-ийн захирал Ko Sung Hun нарт маш их баярлалаа.
Дэмжиж хамтран ажилласан, зохион байгуулалтанд тусалсан НАЖГ, мэргэжилтэн Мөнхзул, дэд дарга В.Батчимэг, МАЖХ болон холбооны Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Шилдэгүүдэд маань түүх археологийн судалгааны ном бэлэглэсэн ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн Н.Эрдэнэ-Очир танд баярлалаа.
Тус тэмцээнийг одоогоос 10 жилийн өмнө зохиож байсан бөгөөд салбарын тур оператор компаний захирлууд шүүж байсан юм. Энэ удаа Guide төвийнхөө аяллын хөтөч бэлтгэх, аялал жуулчлалын боловсрол олгох сургалтын 100 дахь элсэлтэндээ зориулж тусгайлсан хөтөлбөр болгон зохион байгууллаа.