ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА ТӨРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ.

2012 онд найз МУГТ Г.Өсөхбаярын хамт ICE CHALLENGE нэртэй мөсөнд авиралтын тэмцээн хийхээр санаачлан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын Улаан цутгалангийн хүрхрээнд 2012 оны 2-р сард зохион байгуулж байсан. Тэр үед 18 хүн оролцож байлаа. Энэ арга хэмжээ маань 2019 оноос нэрээ солиод KARAKORUM ICE FESTIVAL нэртэй болсон. Дэлхийд хурдацтай хөгжиж байгаа, залуучууд ихээр сонирхож  буй спортын төрлөөр дамжуулж өвлийн аяллын төрөл болгон хөгжүүлэх зорилгоор анх хийж эхэлсэн.

110 ЖИЛИЙН ӨМНӨ: Мөсөнд авирах анхны тэмцээн 110 жилийн өмнө буюу 1912 онд Италийн Курмайорд Бренвагийн мөсөн гол дээр зохион байгуулагдаж байсан түүхтэй. Түүнээс хойш дэлхийн улс төр, эдийн засгийн хямралаас болж тасалдаж, мартагдсан. 1970-аад оноос Зөвлөлт Холбоот Улсад өвөл бүр мөсөнд авирах тэмцээн уралдааныг зохион байгуулж ирсэн байдаг. Мөсөнд авирах нь ОХУ, Баруун Европ, Хойд Америкийн улс орнуудад хурдацтай хөгжиж байгаа бөгөөд эдгээр улс орнуудад олон улсын уулын холбооны цуврал тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулагдаж байна. Ази тивийн хувьд энэ төрлийн спорт болон аяллын төрөл Өмнөд Солонгос, Хятад, Иран, Монголд хурдацтай хөгжиж байна.

ӨВЛИЙН ОЛИМПОД ОЙРХОН. Манай улсын мөсөнд авиралтын тамирчид энэ цаг үед дэлхийн хэмжээнд өрсөлдөх болсон нь KARAKORUM ICE FESTIVAL арга хэмжээний нөлөө гэж үздэг. Монгол Улсын тамирчдын дундаас Ази тивийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт тамирчид хэд хэд төрөн гарч улмаар дэлхийн чансааг тэргүүлэх тамирчидтай болсон нь мөсөнд авиралтын төрлийг хөгжүүлж эхэлсний үр дүн юм. Мөсөнд авиралтын төрөл нь Өвлийн олимпийн төрөл болоход ойрхон байна, бид ч олимпийн медаль хүртэх боломжтой болж байна.

МӨС ТОГТООЖ БОЛНО. Монгол орон 11-р сараас 4-р сар хүртэл хүйтэн уур амьсгалтай, бараг хагас жил үргэлжилдэг урт өвөлтэй. Мөс тогтож буй хүйтний улиралд мөсөнд авиралтыг хийх боломжтой, Орхоны Улаан цутгалангаас гадна Өмнөговийн Мухар Шивэрт, Завханы Богдын гол, Жаргалантын хүрхрээ, Гоожуурын хүрхрээ гээд Монгол орны хүрхрээнүүдийг түшиглэн авиралт хийж болно. Мөн сүүлийн үед байгалийн хадан цохионуудад мөс тогтоож авиралт хийдэг болсон. Тухайлбал, Тэрэлжийн голд ийм мөсөн хана бий болгоод аялал зохион байгуулдаг хүмүүс ч бий. Тоног төхөөрөмжийн хувьд уулын аяллын хувцас хэрэглэл борлуулдаг дэлгүүрүүдээс авиралтанд тохирох тоног хэрэглэлийг авах боломжтой байдаг.

БАС НЭГ ӨНЦӨГ. Өвлийн спортын төрлүүдийг аялал жуулчлалд ашигласнаар аяллын улирлыг уртасгах, Монгол орны аялал жуулчлалыг бас өөр нэг өнцгөөс харуулах боломж бүрдэнэ. Мөсөнд авиралтын хувьд KARAKORUM ICE FESTIVAL-ийнхаа цар хүрээг улам өргөжүүлэх бүс нутгийн хэмжээний арга хэмжээ болгох сонирхолтой байна. Мөсөнд авиралтын спортоос олимп, дэлхийн аварга төрүүлэх чин эрмэлзлэл бас байна.

СЭТГЭЛГЭЭНИЙ АСУУДАЛ. Монголд өвлийн аялал жуулчлал олигтой хөгжихгүй байгаа хэд хэдэн шалтгаанууд байна. Эхнийх нь Монголын аялал жуулчлалын сэтгэлгээний асуудал байна. Өвлийг хүнд хэцүү, хахир хүйтэн учир хүмүүс аялахгүй гэж боддог. Өвлийн аялал зохион байгуулдаг компаний тоо харьцангуй цөөн, хүний нөөцийн хомсдол байдаг. Өвөл аялал зохион байгуулдаг болон өвөл ажилладаг байгууллагуудад үзүүлэх төрийн дэмжлэг сул байдаг нь үндсэн шалтгаан болдог. Энэ бүхнийг шийдэх арга нь өвлийн аяллыг компаниуд өөр өөрийн онцлогтоо тааруулаад зохион байгуулах хэрэгтэй л гэж хардаг. Мөн өвлийн спортын төрлүүдийг ашиглаж хөгжүүлэх нь илүү үр дүнд хүрнэ гэж итгэдэг.

BIKE CHALLENGE. Монголиа экспедишнс ХХК нь 2004 оноос Монголын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэн ажиллаж байна. Бидний хувьд адал явдалт, экстрим аяллын төрлүүдийг Монголдоо хөгжүүлэх зорилт тавин ажилладаг. Аяллын гол төрлүүд маань уулын авиралт, уулын дугуйн аялал, өндөр уулын явган аялал юм. Mongolia Bike Challenge гэдэг дугуйн олон өдрийн уралдааныг та бүхэн мэдэх байх. Бидний хувьд 2008 оноос эхлэн Mongolia Bike Challenge гэдэг олон улсын олон өдрийн дугуйн уралдааны төсөл дээр Италийн Progetta Avventura компанитай хамтран 2016 он хүртэл ажиллаж байсан туршлагатай. Энэ арга хэмжээ Монголын аялал жуулчлалыг өөр өнцгөөс харуулдаг арга хэмжээ болон үргэлжилж байгаа.