Хүний харилцаа, мэдлэг дамжих ба дамжуулах үйл явц 4 чухал үе шатыг дамжин хөгжиж ирсэн байна. Үүнд:
Эрт үед мэдлэг өгөгч ба хүлээн авагч хоёр нь орон зай, цаг хугацааны сүлжээнд хамт нэгэн зэрэг байж мэдлэгийг шууд дамжуулдаг, хүлээн авдаг байсан. Харин дамжуулалтын үр дүн хүлээн авагчийн тухайн үеийн нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг. Мэдлэг шууд дамжих үед мэдлэгийн хуримтлал буй болгох арга зам нь хүний үйл хөдлөл, хэл яриа, харин хадгалах сан нь хүний ой санамж байсан. Хүн төрөлхтөн 6000 жилийн тэртээ бичиг үсэгтэй болсон нь мэдлэгийг дамжуулах шинэ арга замыг бий болгосон. Мэдлэгийн сан хөмрөг зөвхөн хүний ой санамжаас гадна бичмэл хэлбэрт орсон мэдээлэл байдлаар оршин байх бололцоог нээн илрүүлсэн.
Номоор дамжуулан мэдлэг түгээх үе: Ном хэвлэх орчин цагийн арга нээгдэхээс өмнө ном зохиол хэвлэх, түгээн дэлгэрүүлэх нь маш их зардалтай ажил байсан. Эртний ном зохиол нь шавар хавтангууд дээр бичигдэж байсан бөгөөд түүнийг уншиж судална гэдэг нь цаг хугацаа болон өртөг шаардсан ажил байв. Гэвч тэр үед хэдэн мянган номтой номын сан ажиллаж, номыг чулуу, шавар, арьс зэрэг материал дээр хэвлэж байсан. Эртний Грекийн үе хүртэл ном зохиол зөвхөн дээдсийн үздэг зүйл байж, өргөн олны хүртээл болдоггүй байжээ. Миссирчүүд НТӨ 2000 оноос эхлэн папирус (халуун орны зэгс)-аар хийсэн материал (муутуу цаас) дээр юм бичиж эхэлсэн байна. Дараа нь модон бараар хэвлэх болон гараар хуулан бичих аргаар ном гаргаж байв. Цаас хийх технологийг бүх улс орон эзэмшсэн нь мэдлэг дамжуулах хурд, ном зохиолыг хувилан олшруулах өргөн боломжийг нээж өгчээ. Хятадад II зуунаас эхлэн цаасан дээр модон бараар ном хэвлэж эхэлсэн бол арабууд ҮШ зуунд цаас хийх аргыг эзэмшиж, арабуудаас египетүүд эзэмшсэн байна. Харин европууд XIY зууны сүүлчээр л цаас хийх аргыг олж мэджээ. ХҮ зуунаас эхлэн цаас хийх аргыг ашиглан ном зохиол бүтээн, мэдлэг дамжуулах аргыг эрчимжүүлсэн боловч хэвлэлийн арга, техник болхи байснаас модон бар болон гараар хуулбарлан бичих аргаар олшруулж байв. Энэ ажил нөр их хөдөлмөр байсан бөгөөд нээгдсэн мэдлэгийг дэлгэрүүлэх хурдыг удаашруулж байв. Мөн цөөн хүмүүс мэдлэгийг өмчлөхөд хүргэж байсан.
Энэ үед мэдлэг дамжуулах төв болох анхны их сургуулиуд бий болжээ. 970 оны орчимд Кайр хотод бий болсон Ал Азхарын Их сургууль одоо хүртэл үйл ажиллагаа явуулж буй хамгийн эртний их сургууль юм. 1200-1300 онд Европт маш олон их сургууль байгуулагдан ажиллаж эхэлсэн. Их сургуулиуд дэлхийн мэдлэгийн өв санг нэмэгдүүлэх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн мэдлэг дамжуулах аргыг боловсронгуй болгож эхэлсэн.
XIII зуунд МЭГ байгуулагдаж, өрнө дорныг холбосон Торгоны замын аюулгүй байдлыг хангаснаар мэдлэг дамжих таатай боломжийг нээж өгсөн. Морин өртөө ажиллаж, зоосон болон цаасан мөнгөөр гүйлгээ хийж байсан нь худалдаа арилжааг эрчимжүүлж, капиталын хуримтлалыг бий болгожээ. Энэ үед дорно дахинаас маш олон эрдэм мэдлэг, арга ухааныг өрнөд дамжуулсан. Цаас, дарь зэрэг олон зүйлийг таниулж боловсронгуй болгосон байна. Тухайлбал, дарь хийх аргыг Хятадаас арабууд олж, улмаар буу хийсэн, харин европчууд арабуудаас хуулбарлан улам боловсронгуй болгожээ. МЭГ задран унасны дараа дэлхий дахины 200 жилийн тайван арилжаа наймаа, дорно өрнийн хоорондын мэдлэг солилцох зам алга болсон байна.
Хэвлэлийн шинэ технологийн үе: Хэвлэлийн шинэ арга нь дэлхийн мэдлэгийн өв санг арвижуулахад гарсан эргэлт байлаа. 1450 оны орчимд Германы Майнз хотын иргэн Ёохан Гутенберг хэвлэлийн шинэ аргыг нээснээр Европын орнуудад ном зохиол олноор хэвлэгдэх болж, мэдлэг дамжих шинэ эрин үеийг хүн төрөлхтөнд авчирчээ. 1500 оноос эхлэн үндэсний хэл дээр өөрсдийн зохиосон ном зохиолыг гаргадаг болсон. Ном хэвлэх, түгээх хямд аргыг нээсэн нь шинжлэх ухааныг хөгжүүлэх, сэргэн мандалтыг бүх Европ даяар түгээхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Сүм хийд бичиг үсэг сурах явдлыг дэмжиж, далайн тээвэр хөгжсөн нь өрнө, дорны харилцаанд шинэ боломж нээж, хөдөө аж ахуйг эрчимжүүлж, шинжлэх ухааныг хөгжүүлж, дэлхийн мэдлэгийн сан хөмрөгийг эрс хурдтай нэмэгдүүлсэн. Шинжлэх ухааны мэдлэг гэсэн тусгайлсан ойлголт бий болж, түүнийг бүтээгч байгууллага болох их сургуулиуд төлөвшиж, үйлдвэрлэлийн технологийн анхны хувилбарууд гарч эхэлсэн. Галилео Галилей, Рене Декарт, Исаак Ньютон нарын ном зохиол хэвлэгдэн түгээгдэж, шинжлэх ухааныг хөгжлийг шинэ шатанд гаргасан. Мэдлэг дамжуулах арга илүү цэгцэрч математик тооцоолол, илүү утгажсан зүй тогтолт мэдээлэл дамжуулах байдал руу шилжсэн байна.
XYIII - XIX зуун үйлдвэржилтийн эрин болж, дэлхийн мэдлэгийн сан хөмрөгт эргэлт авчирсан олон нээлт чухам энэ үед холбогддог юм. Хүн төрөлхтний уурын хүч ашиглах санаа XYIII зуунд л бодит ажил болж, хүмүүсийн хуурай замаар ачаа тээвэрлэх чадамжийг эрс өсгөсөн. Үүнээс өмнө хүний шилжих хурд зөвхөн гаршуулсан амьтны хурд, ачаа чирэх хүчээр хязгаарлагдаж байсан бол уурын хүчийг ашигласнаар хурд хэдэн арав дахин нэмэгдсэн. Дараагийн чухал нээлт бол цахилгаан эрчим хүчийг ашиглаж чаддаг болсон ба цахилгаан энергийг эзэмшсэнээр ажлын цагаа уртасгаж, уурын хүчээс хэд дахин илүү зүйлийг хямд, аюул багатайгаар бүтээх боломжтой болсон. Уурын болон цахилгаан эрчим хүч хэмээх хоёр ололт нь мэдлэг бүтээх, дамжуулах боломжийг эрс нэмэгдүүлсэн. 1500 оноос хойш 450 жилийн дараа компьютерийн эрин ирэх хүртэл хүн төрөлхтөний мэдлэг дамжуулах арга ухаанд зарчмын өөрчлөлт гараагүй юм. Мэдлэгийн сан хөмрөгийг хадгалах сан нь хүний ой санамж, ном зохиол, боловсролын тогтолцоо, үйлдвэрлэлийн технологи зэрэг л байсан.
Мэдлэг дамжих медиа хэрэгслийн үе: ХХ зуунд хүн төрөлхтөний мэдлэгийн сан хөмрөг олон шинэ зүйлээр баяжиж, шинжлэх ухааны шинэ шинэ салбар үүсэн хөгжиж ирсэн. Тухайлбал, цөмийн энергийг эзэмшиж сансарт нисэж, генетикийн нууцыг нээсэн. Компъютер нийтийн хэрэглээ болсноор харилцааны илүү хурдтай арга замыг нээж, мэдлэг дамжуулалтыг эрчимжүүлсэн. Компьютерийн технологид түшиглэсэн харилцаа холбооны шинэ технологийн шийдэл нь өмнө бидний төсөөлж байгаагүй тийм их мэдлэгийг гэрлийн хурдаар дэлхий даяар хоромхон зуурт түгээх боломжийг олгосон.