Талын нүүдэлчид болох Монголчуудын хувьд өгөх гэдэг тусдаа соёл байгаагүй юм. Өгөх гэдэг нь тэдний зочломтгой, тусч болон бусдыг ойлгодог ёс заншилд гүнээ шингэсэн байдаг. Тэд гэрээсээ гарахдаа өнгөрөн явах нүүдэлчдэд орж ирээд идээрэй гээд цай хоол үргэлж бэлдэж гардаг ба ингэхдээ хаалга үүдээ цоожлолгүйгээр гардаг. Өдрийн цагаар нүүдэлж яваа цувааг харуулдан унд цай бэлдээд өөдөөс нь тосон очиж амрах боломж олгонгоо мэдээ солилцдог уламжлалтай. Мэндлэхдээ хөөрөг зөрүүлж миний юм бол таных гэж бэлэгдэнэ. Эдгээр алслагдсан айлууд үргэлж зочин хүрч ирэх бэлтгэлтэй байдаг ба утсаар ярьж эсвэл захиа илгээн танайд очиж болох уу хэмээн асуух нь өөрөө тэдний зочломтгой байдалд эргэлзэж буйн илэрхийлэл болдог.
“Асуухаар асга” гэдэг түгээмэл хэллэг байдаг тул та айлд ороод хойморьт уригдаад удаагүй байхад нэг л мэдэхэд өөрийн эрхгүй цайгаар халгисан аягыг хүлээн авахаар гараа сунгахаас өөр аргагүй болно. Гэхдээ, хүн ам шигүү төвлөрсөн Улаанбаатар шиг хотод эдгээр ёс заншлуудын зарим нь хэрэгждэггүй ч асуулгүйгээр цай аягалж өгөх, эсвэл нэгнийдээ урьдчилан залгалгүйгээр очих гэх мэт цөөн заншлууд гол хэвээр байна. Тэгэхээр миний хотод өгөх гэдэг тусдаа өөрийн гэсэн соёл боловч бидний амьдралын гол хэв маяг хэвээр байгаа билээ.
Үндэсний хүндэтгэлийн амтат хоол хийх болгонд хөршүүддээ хэсгийг нь аваачиж амтлуулах бага байхад миний хийдэг ажил байв. Айлд очно гэдэг дэлгүүрт орж бэлэг авахын нэр байсан бол хөдөө явна гэдэг жаран ес машины арыг амттан болон бэлгээр дүүргэх ажил байсан.
Хичээлийн дараа ангиа цэвэрлэх, сургуулиараа нэгдэн суботник хийх эсвэл гэрийнхнээр хөршийн холбооны ажилд гарах зэрэг нь талархлаа илэрхийлэх хэлбэр хэмээн ой тойнд минь тайлбарлагдан үлдсэн байдаг ба эдгээр үеүд дуу аялангаа эсвэл хөгжилтэй яриа өрнүүлэнгээ хичээнгүйлэн ажиллах цаг байсан. Тиймээс, нүүдэлчдийн удам, хотын иргэн миний хувьд, өгнө гэдэг бол миний соёл, өгнө гэдэг бол талархал мөн өгнө гэдэг бол баяр хөөр минь юм.