“Монгол орны ойн эдийн засгийн томоохон ач холбогдолтой. Гэтэл хүний буруутай үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлтөөс болж аюулд өртөөд байна. Түймэр, хууль бус мод бэлтгэл, буруу менежмэнт, хөнөөлт хортон шавьж зэрэг ч ой доройтож, хомсдоход нөлөөлж буй. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас цэвдэг хайлж, ойд сөргөөр нөлөөлж, доройтуулах нь бий. Ойн хөрсөн дор 80-90 см зузаан цэвдэг байсан гэж үзвэл түймэрт өртсөний дараа бүрэн хайлж, хөрсөнд шингэн үгүй болдог. Дахин нөхөгдөхүй, дахиад тэнд мод ургахгүй юм. Цэвдэг үгүй болсноор хөрс хуурайшиж, чийгшилгүй болдог. Тийм нөхцөлд хэчнээн мод тарьж, усаллаа ч тус болдоггүй.Ой доройтохоос сэргийлэхийн тулд тогтвортой менежмэнт шаардлагатай. Тогтвортой менежмэнтийг хэрэгжүүлэхийн тулд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бүхий л асуудлыг ойлгох хэрэгтэй болно” гэж Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн техникийн ахлах зөвлөх Крис Дикинсон хэллээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор НҮБ 1992 онд Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци баталсан байдаг. Тус конвенцид нэгдэн орсон орнууд ойн салбараас гарч байгаа хүлэмжийн хийг богино хугацаанд өртөг багатайгаар бууруулах боломжтой хэмээн үзсэн.
Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах, НҮБ-ын санаачилга болох “UN-REDD” хөтөлбөрийн гишүүн орноор Монгол Улс 2011 онд элссэн. Монгол орны “UN-REDD” үндэсний хөтөлбөрийг 2014 оны долдугаар сард баталсан байдаг. 2015 оны есдүгээр сард хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурсан юм. Монгол орны “UN-REDD” үндэсний хөтөлбөрийнхөн эхний ээлжинд ой хэр хэмжээгээр, ямар шалтгаанаар хомсдож, доройтсон гэсэн суурь үнэлгээ гаргаад байна. Монгол орны ой үндсэн дөрвөн шалтгаанаар хомсдож, доройтож буйг нарийвчлан тогтоожээ.
Монгол орны “UN-REDD” үндэсний хөтөлбөрөөс “REDD+ хөтөлбөрийг хөгжиж буй улс орнууд сайн хэрэгжүүлж чадвал Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд тодорхой хэмжээний урамшуулал авна. Мэдээж хэрэг 2-3 хан жилийн хугацаанд ийм үр дүнд хүрч чадахгүй. Гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Холбогдох газраас экспертүүд ирж, Монгол улс 2030 он гэхэд 1990, 2000 онтой харьцуулахад хэдэн тонн хүлэмжийн хийг бууруулсныг үнэлж тогтоох юм. Ойн салбараасаа хэдий хэмжээний хүлэмжийн хий бууруулж чадна, түүндээ тохирсон урамшуулал авах нөхцөл нь бүрдэнэ.
Монгол улс ойгоо хамгаалах, зөв зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох менежмэнтийг хэрэгжүүлснээр олон улсын хамтын ажилгааны нийгэмлэгийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээд зогсохгүй Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 7.85 хувийг ой эзэлдэг. Энэ нь нийт нутгийн хэмжээнд авч үзэхэд бага юм шиг боловч зарим улсын газар нутгаас хэд дахин том талбайтай. Гэвч ойн ихэнх хувь нь маш эмзэг буюу түймэр, хортон шавжинд өртөмтгий байдаг. Тийм учраас сүүлийн жилүүдэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэлээд хумигдах болсон нь судалгаагаар тогтоогдсон. Байгаль хамгаална гэдэг нь зүй зохистой ашиглахын нэр.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид цөөнгүй орон нэгдсэн байдаг. Хөгжиж буй орнуудад хөрөнгө санхүү, чадавхаас эхлээд цөөнгүй бэрхшээл тулгардаг. Ийм асуудал Монгол Улсад ч тохиолдсон. Энэ байдлыг НҮБ-ын төрөлжсөн гурван байгууллага олж харсны үндсэн дээр хамтран “UN+REDD” хөтөлбөрийг гаргаж ирсэн ба одоогоор Африк, Ази-Номхон далай, Латин Америк, Карибын тэнгисийн 64 орныг дэмжин ажиллаж байна.
Зэрлэг ан амьтдын амьдрах орчин, гол горхи, усны ундарга болдог, дагалт баялгаар нь иргэд амьжиргаагаа залгуулдаг зэрэг олон талын ач холбогдолтой ойгоо хамгаалах замаар хүлэмжийн хийг бууруулах “REDD+” хөтөлбөрийг эдүгээ олон улсад хэрэгжүүлж буй. Бид ой модоо хайрлаж хамгаалан, талбайг нь нэмэгдүүлснээр хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэрээ оруулна гэсэн үг юм.