Хавдар бол ГЕНИЙН ЦОГЦ ӨВЧИН

Колумбын ИС-ийн хорт хавдрын тэнхимийн зөвлөх профессор, өнөө цагийн анагаахын салбарын шилдэг эмч Мүхэржи Сиддхарта “Хорлолын хаан - хорт хавдартай тэмцсэн түүх” ном бичиж “Плутцерийн шагнал” хүртжээ. Тэрбээр цусны бүлэгнэл, эсийн бичил орчин, хорт хавдрын эсийн харилцан үйлчлэл, жирийн үүдэл эсийн бичил орчин, цус бүлэгнэхэд оролцдог үүдэл эс, хорт хавдрын эсийн холбоо хамаарлыг олон жилийн турш судалж, номондоо “итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, гансрал ганихралын түүх, хорт хавдрын талаарх хамгийн сайн хүүрнэл”-үүдийг өгүүлжээ.

Хорт хавдар бол нэг төрлийн өвчин биш, генийн цогц өвчин. Устаж үгүй болох дургүй, хяналтгүй хуваагдах эсийн гаж төлөв юм. Хорт хавдар ерөөсөө ганц эс гажсанаас үүдэлтэй бөгөөд гажсан эс хуваагдаж олширдог. Гажсан эс олон болох тусам хүний биеийн дархлааны системээс өөрийгөө хамгаалах чадвартай болдог.

Генийн энэ цогц өвчин 4-5 янзаар үүсдэг. Нэгд удамшил, хоёрт хорт хавдар үүсгэх гаднын хүчин зүйлсийн нөлөө, гуравт эсийн хуваагдлын үед санамсаргүй тохиолдлоор, дөрөвт эсэд вирус нэвтэрснээр үүсдэг. Хорт хавдрыг үртэй зүйрлэж болно. Ямар ч шимтэй хөрсөнд үр үрслэн ургадаг, шимгүй хөрсөнд ургадаггүйтэй адил. Эс болгон ген агуулах бичил организм юм.

Хорт хавдрын эсийн бичил орчныг эсийн үржил хуваагдал, үсэрхийлэл, тархалттай холбон судалж байна. Цусны зарим төрлийн хорт хавдар ямар учраас чөмөг, дэлүүнд үүрлэдэг вэ, түрүү булчирхайн хорт хавдар яагаад ясанд үсэрхийлдэг вэ, хавдар яагаад эмийн эмчилгээнд дарагдахгүй байна вэ, шинэ төрлийн эмчилгээгээр үндсээр нь устгах боломжтой эсэхийг ид судалж байна.

Химийн эмчилгээ нь эсийг  устгадаг бол молекул эмчилгээ илүү нарийн үйл явц юм. Химийн эмчилгээг таарсан бүхнээ балбаж цохидог алхтай зүйрлэдэг бол молекул эмчилгээ нь оньс түлхүүртэй ижил юм. Ажигласнаар хоолны дэглэмийг зарим төрлийн молекул түвшний эмчилгээтэй хослуулах нь хорт хавдрын эмчилгээнд эерэгээр нөлөөлж байна. Эмч нар эм бичиж өгдөг ч юу идэхийг нь нарийн зааж өгдөггүй.

Хөхний хорт хавдар үсэрхийлсэн ч өвчтөний амьдралыг уртасгах боломж хавьгүй илүү. Түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээний тухайд бүр ч илүү үр дүнд хүрсэн. Шулуун гэдэсний хорт хавдрыг эрт оношилбол эмчлэх бүрэн боломжтой. Харин нойр булчирхайн хавдар бараг эмчилгээгүй хэвээр байна. Уушигны хорт хавдрын өвчлөл тамхины зуршилтай шууд холбоотой учраас тамхичид их байвал хорт хавдраар өвчлөгсөд дагаад нэмэгдэнэ. Элэгний хавдар үсэрхийлсэн бол нэмэргүй. Элэгний хавдар үүсэхэд гол нөлөөлөгч нь архи, түүнээс гадна өөр олон хүчин зүйл бий. Одоогоор гепатит В-гийн вакцин гарсан ч гепатит С-гийн вакциныг гаргаж авч чадаагүй байна. Элэгний хорт хавдраас сэргийлэх мэдлэг мэдээлэл нэмэгдсэн ч ерөнхийдөө хэрхэн эмчилж эдгээх вэ гэдэг нь амжилт олоогүй байсаар байна.  Эдүгээ чаддаг болсон ахиц бол хорт хавдрыг анхан шатанд цусны шинжилгээгээр илрүүлдэг болсон. Эсийн бүх ДНХ-г цуснаас илрүүлэх боломжтой.

1920-иод онд Германы биологич Отто Варбург хорт хавдрын зарим эс хүчилтөрөгч, глюкоз хоёроор тэжээгддэг гэж үзсэн. Гэвч хэвийн эс бас энэ хоёроор тэжээгдэн хуваагддаг. Витамин хорт хавдар үүсэхэд нөлөөлдөггүй. Хорт хавдартай хүн витамин уугаад нэмэргүй боловч химийн эмчилгээг давахад хэрэг болох нь бий.  Өөдрөг хүн үхэлд баригдаж, өвчтэй гэдгээ мэдээд гутарч гуньсан ч удаан хугацаанд амьд яваа олон хүн бий. Хавдартай хүнд “сэтгэл зүйн эмчилгээ” хийх ёстой гэдэг нь мухар сүжиг юм.

Хавдраар өвчлөхгүй байх суурь нь урьдчилан сэргийлэх явдал, хоол хүнсээ тохируулах явдал, түүний дараагийн шат бол эхэн үед нь илрүүлж оношлох асуудал. Харин оройтсон шатанд оношилсон бол хүлээж авч эмчлэхийн төлөө тэмцэхээс өөр аргагүй.