Парисын Нантеррегийн их сургуулийн түүхийн ухааны дэд профессор Мари Фаверогийн өнгөрсөн жилийн 4-р сард хэвлүүлсэн “Алтан орд – Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн түүх” ном 2021 онд олон улсад эрэлттэй, шилдэг борлуулалттай бүтээлээр шалгарчээ. XIII-XIY зууны үеийн монголчуудын байлдан дагуулал, эзэрхийлэл, гадаад бодлого, дотоод сүр хүчний тухай өгүүлсэн тус бүтээл Financial times-ийн 2021 оны шилдэг түүхийн номын гуравдугаарт жагсаж, Amazon Spectator Five books зэрэг олон улсын худалдааны сайт болон хэвлэлийн газрын шилдэг бүтээлийн жагсаалтанд эхний 5 байранд жагссан байна. Мөн шилдэг түүхийн зохиол, номд олгодог Кандиллын шагналын эцсийн шатанд шалгарчээ.
Зохиолч Мари Фаверо “Монголчууд бол дэлхийн түүхэн дэх хамгийн баатарлаг, нөлөө бүхий ард түмэн төдийгүй туурвин бүтээх, сэтгэх, тооцоолон бодох, удирдан зохион байгуулах гайхалтай өгөгдөлтэй хүмүүс” хэмээн тодотгожээ. Түүний бүтээлийг “Торгоны зам” номын зохиогч Питер Франкопан “энэ бол гайхалтай өвөрмөц бүтээл. Монголын их эзэнт гүрэн дэлхийг хэрхэн байлдан байгуулж, захирч байсныг Фаверо хүн төрөлхтөнд дахин сануулж, ой санамжийг нь сэргээлээ” гэж өгүүлжээ.