Чежү арал түүхэндээ Монгол, Япон хоёр улсын довтолгоонд өртөж байжээ. Монголчууд 1258 онд Корё улсыг эрхэндээ оруулаад Өмнөд Сүн, Японыг довтлох зорилгоор Чежү арлыг анхааралдаа авчээ. 1270-1271 онд 10 мянган монгол цэрэг Чежү аралд ирж суусан. Дараа нь 1281 онд 142000 цэрэгтэй 4400 хөлөг онгоцтой дэлхийн түүхэн дэх хамгийн том усан флотыг Юан гүрэн байгуулж Чежүгээр дайран Японы Такашима аралд хүрсэн байдаг. Гэвч ганцхан шөнийн дотор далайн хар шуурганд 4000 хөлөг онгоц, 100000 цэргээ алдсан түүхтэй. Монголчуудын цэрэг дайны түүхүүд дэлхийд хэд хэдэн рекордыг тогтоож байсны нэг нь энэхүү усан флот байсан ба түүнээс хойш 300 жилийн дараа Испани улс 27500 цэрэг, 130 хөлөг онгоцыг далайд гаргаж байсан түүх хоёрдугаарт бичигддэг.
Чежү аралд монголчууд 100 орчим жил суурьшихдаа гүнзгий ул мөрөө үлдээжээ. Чежү арлын уугуул иргэд монгол үгийг нэлээдгүй хэрэглэдэг. Монголчуудаас үлдсэн бэлчээрийн мал, адуун сүрэг одоо ч хэвээрээ ажээ. Хүмүүс нь аргал түүж хашаа хороо барьдаг заншил ч байна. Уул усаа шүтдэг нүүдэлчдийн шүтлэг, буддын шашны хамт дэлгэрчээ. Цэргийн хуарангийн бэхлэлтийг одоо ч “далан” гэж монголоор нэрлэдэг. Чежүгийн бэлгэдэл болсон хүн чулууд нь монголынхтой төстэй.
Чежү аралд бэлгэдэл болсон зүйлүүд олон байдаг. Тухайлбал, Чежүгийн салхи, чулуун хөрөг, эмэгтэй хүн, чежүгийн морь гэх мэт. Чежү нь бараг тогтмол салхитай буюу 15м.секунд байдаг. Чулууг бэлгэдэл болгон шүтдэг нь “чежү хүний амьдрал нь чулуугаар эхэлж, чулуугаар дуусдаг” хэмээн үздэгтэй холбоотой. Эмэгтэй хүн гэр орноо болон Чежү арлаа авч явах ёстой бөгөөд эрчүүдээ сайн хооллож, унтуулж, гэрээ сахиулж байхад болно гэж үздэг. “Чежүгийн морь” гэдэг нь XIII зуунд монголчуудын авчирсан морь бөгөөд эдүгээ бие нь давжаарсан байдаг.
Жич: Чежү арлын аялал жуулчлалынхан нэг жижигхэн чулууг ч “үнэтэй” болгож чадсан байдаг. Жижигхэн энэ арал дээр “олон үзмэр” бий, бас маш олон музейтэй. Хамгийн гол нь аялал жуулчлалын бүс болгохын тулд “тууштай бодлого” барьсан байдаг.