“Байгаль нуурыг үзээгүй хүн Сибирийг таньж мэдэж үл чадна” хэмээх эртний үг бий. “Сибирийн цэнхэр нүд” хэмээн өргөмжлөгдсөн тус нуур нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад улсын нутаг дэвсгэрийн дунд сунаж тогтсон байдаг. Эх дэлхийн хамгийн цэнгэг болоод хамгийн гүн нуур. Ольхон арлын зүүн талаар хамгийн гүн хэсэг нь байх ба 1631-1637 метр хүрдэг. Өргөнөөрөө 79км, уртаараа 636км үргэлжлэх уг нуур нь талбайн хэмжээгээр Бельги улсын газар нутагтай тэнцэнэ. Эргийн нийт урт нь 2000 км үргэлжилдэг.
Байгаль нуур нь цэнгэг усныхаа багтаамжаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг ба дэлхийн хүн амыг 40 жилийн турш ундаалах хангалттай нөөцтэй хэмээн эрдэмтэд тооцоолжээ. 336 гол мөрөн цутган ордогийн хамгийн том цутгал нь Сэлэнгэ мөрөн юм. Харин ганцхан Ангар мөрөн эх авч гадагш урсдаг. 1996 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв”-д бүртгэгдсэн ба дэлхийн гадаргын цэвэр усны 20%, ОХУ-ын гадаргын цэвэр усны 90% болох 23.000 шоо километр эзлэхүүнтэй.
Нийт 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт Ольхон арал юм. Байгаль нуурын бас нэгэн чухал онцлог нь одоогоос 30-40 сая жилийн өмнө үүссэн бөгөөд хэдэн мянган жилийн настай гэгдэх Ладог, Иссыкуль нууруудаас хэдэн зуу дахин “ах” билээ.
Эдүгээ Байгаль нууранд 1200 зүйлийн амьтан, 1600 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн нь ямар их өнө эртний нуур болохыг нотлоод зогсохгүй эрдэмтэдийн үзэж байгаагаар тэдгээрийн дөрөвний гурав нь зөвхөн Байгаль нуурт л байдаг байна. Тухайлбал, Байгалийн нерпа хэмээх нэг зүйл далайн хав бий. Энэхүү тэнгисийн амьтан хэрхэн яаж тэнгисээс 4000км хол эх газрын нууранд ирсэн нь одоо ч тайлагдаагүй оньсого ажээ. Голомянка хэмээх гадуураа хайрсгүй, түрс шахдаггүй амьд жараахай төрүүлдэг, их том амтай, дотор эрхтнүүд нь нэвт гэрэлтэж харагддаг загас зөвхөн энэ нуурт л байна. Хүнсэнд хэрэглэхэд маш амттай, аманд оронгуут хайлдаг Байгалийн омуль гэж загас бий. Зөвхөн энд л байх наль хорхойнууд, хөвдөг хавчнууд, далайн хөвөнгүүд гээд амьд байгалийн гайхамшиг болсон нуур ажээ.