Японы Нара хотын Тэнри их сургууль “Марко Пологийн нээсэн XIII зууны дэлхийн соёлын өв, үнэт зүйлс” үзэсгэлэн нээж, түүнд Монгол судлалаар тэргүүлэх эрдэмтэн Коногаяа Юки, Каваүчи Широ нар уригджээ.
САНАМСАРГҮЙ НЭЭЛТ: Үзэсгэлэнд олон орны соёлыг илэрхийлэх зүйлс байсны дотор “Алтан гэрэгэ”-г санамсаргүй олж харжээ. Хятад, Солонгост Монголын эзэнт гүрний “мөнгөн гэрэгэ” хэд хэд олдсон боловч одоохондоо хаана ч “Алтан гэрэгэ” олдоогүй байна. Гэвч тэрхүү “Алтан гэрэгэ” жирийн нэг их сургуульд хадгалагдаж байсан ба сургуулийн захиргаа битгий хэл Японы эрдэмтэн судлаачид ч мэдээгүй байжээ. Эрдэмтэн Коногаяа Юки “Алтан гэрэгэ”-г баттай шинжлэн судлуулахаар “хуучны өв эдлэлийн шинжилгээ”-гээр дэлхийд нэгд бичигддэг Киотогийн их сургуулийн түүхэн эх олдвор судлаач, археологич, Монголын түүх судлаач эрдэмтдээр шинжлүүлжээ. Үг үсэг нь маш баларсан байсан ба хамгийн сүүл үеийн шинжилгээний нарийн аргаар судалж “Чингис хааны алтан гэрэгэ” болохыг баттай нотолсон байна. Гуулиар хийж алтаар бүтэн бүрсэн байсан ба “Мөнх тэнгэрийн хүчин дор Хааны нэр хутагтай болтугай, хэн үл бишрэх алдах” гэсэн утга бүхий 10 үгтэй, ар талд нь хятан бичгээр “давхиж буй морь” гэсэн хоёр тэмдэгтийг сийлбэрлэсэн байжээ. Энэхүү “Алтан гэрэгэ”-ний “хуулбар”-ыг бүтээлгэсэн ба саяхан Монгол Улсын Засгийн газарт гардуулан өгчээ.
ЦОРЫН ГАНЦ ХУЙЛМАЛ: Япон улсын эзэн хааны ордонд хадгалагдаж байсан цор ганц бөгөөд 25м урттай “Монголчууд Японыг довтолсон нь” хэмээх хуйлмал зургийн хуулбарыг мөн “Алтан гэрэгэ”-ний хуулбаоын хамтаар Монгол Улсад гардуулан өгчээ. Тус хуйлмал зураг нь Япон улсын “онцгой үнэт соёлын өв”-д бүртгэгдсэн түүхийн үнэт өв учраас гадаад улсад хуулбар гаргахад маш төвөгтэй, хувь хүнд хуулбар гаргахыг хатуу хориглсон хуультай байдаг аж. Хоёр орны дипломат албаны шугамаар тус ажлууд хийгджээ.
ГАЗРЫН ЗУРАГ: “Чингис хааны өв соёлын музей” байгуулахтай холбогдуулан гадаад орнууд дахь Монголын Элчин сайдын яам, консулын газруудаар дамжуулан тухайн орнуудад хадгалагддаг, мөн яригдаж ирсэн зарим эх суралжуудын мөрөөр лавлагаа, тодруулгуудыг хийлгэж байгаа ажээ. /Энэ тун чухал хэрэг/ Энэ хүрээнд “Монголын хамгийн эртний газрын зураг Нара хотын Тэнри их сургуульд хадгалагдаж буй сураг байна, түүнийг лавлаж тодруулж өгөөч” гэж Япон улсад хүсэлт гаргасан бөгөөд тэр нь XYIII зууны үеийн Түшээт хан аймгийн газрын зураг болж таарчээ.
КАВАҮЧИ ШИРО: Монголын төлөө эдгээр ажлыг хичээнгүйлэн хөөцөлдөж бүтээлгэсэн хүн бол Монгол судлаач, өргөмжит консул Каваүчи Широ гуай ажээ. Тэрбээр, 2010 онд Ёкозуна Хакухо-гийн хуриман дээр Монголын элчин сайдаас өгсүүлээд эрхэм хүмүүстэй танилцсанаар Монгол орныг сонирхож эхэлсэн гэдэг. Монголд бэйсбол хөгжүүлэх үйлсэд 5 жилийн турш идэвхтэй оролцож, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтээр Тэнри их сургуулийн жүдогийн гүнзгийрүүлсэн сургалтад Монголын жүдоч хүүхдүүдийг зуучлан авчирч тэдний хооронд гүүр болж, Монголын үндэсний урлагийг танилцуулах зорилгоор 4 удаагийн тоглолтыг Японд зохион байгуулахад тусалжээ. Мөн Монгол үндэсний ардын бүжиг, бий биелгээг Японд алдартай Токушимагийн “Ава” бүжгийн наадамд оролцуулсан нь амжилттай болсон гэдэг. Каваүчи Широ гуай 2022 онд тохиох Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүн болсон ба төлөвлөж буй олон ажил байгаа ажээ. Тэрбээр 2015 онд МУ-ын ЗГ-аас “Алтан гадас” одонгоор шагнагдаж, 2019 онд Монгол Улсын Соёлын элч болж байжээ.