Монголын баруун өмнөд хилийн цаана Өвөрмонголын Алшаа аймаг, Эзний голын эрэг орчмын элсэнд 500 гаруй жил булаатай байсан Хар хотыг цэргийн хүрээ бэхлэлтийн зориулалтаар 1032 онд Баруун Сяо буюу Тангудууд байгуулжээ. Харин 1226 онд Чингис хаан эрхшээлдээ оруулснаас хойш 150 жил монголчуудын мэдэлд жинхэнэ хот болон цэцэглэсэн гэдэг. Хар хот нь элсэн цөлийн дунд ногоон арал мэт үзэсгэлэнт хот байсан ба Хархорум, Хами, Шанду хотуудыг холбосон дамжин өнгөрөх чухал газар байв.
ХАР ХОТЫН ЭРДЭНЭС: 1368 онд Тогоонтөмөр хаан Бээжингээс дүрвэж, Мин улсын эсрэг байлдахаар Хар хотод цэргийн ихээхэн хүчийг төвлөрүүлжээ. Мингийн цэрэг Хар хотын хана хэрмийг нэвтэлж чадахгүй удсаны эцэст хотын дундуур урсах Эзний голыг өөр тийш урсгах суваг шуудуу ухаж өөрчилснөөр Хар хот усгүй болж эзлэгдсэн гэдэг. Хотыг хамгаалж байсан монгол цэргийн жанжин Хар баатар гүнзгий худаг ухаж эхнэр хүүхдийнхээ амийг хороон хийгээд дээрээс нь алт эрдэнэс хийж нуужээ. Түүний дараа цэргүүд нь бүгд амиа егүүтгэн энд тэндгүй хөсөр хэвтсэн гэдэг. Хар хотын алт эрдэнэсийг Мингийн цэргүүд цөхрөлтгүй хайсан боловч олж чадаагүй аж. Тэр цагаас хойш Хар хотод хүн ард суурьшихаа байж эзгүйрэн аажмаар элсэнд дарагдаж хаана байдаг нь ч мартагдаж, гагцхүү Хар баатрын нуусан эрдэнэс л домог мэт яригдсаар иржээ.
2000 ГАР БИЧМЭЛ: 1907 онд Оросын судлаач П.К.Козлов Алшаа нутагт Энцин голын тохойд иржээ. Судлаачид элсэнд бүрэн дарагдсан, өндөр, бат бөх цайз олжээ. Цайзын баруун хананы дэргэд хоёр суварга сүндэрлэж байсныг илрүүлсэн ба нэг нь хуучнаараа, нөгөө нь сүйтгэгдсэн байв. Цайзын гадна бас нэг суварга байсан ба тэндээс торгон дээр өнгийн будгаар зурсан Будда бурханы хөрөг, бурхадын модон ба төмөр баримал, маш сайн хадгалагдсан 2000 гаруй гар бичмэл ном, хуйлаастай бичиг сэлтийг олсон нь гайхамшиг болсон юм. Суваргын голд төмөр багана бүхий чулуун довжоо засаж дээр нь хүний дүрс бүхий 20 шавар баримал тавьж, хажууд нь гар бичмэл хуудсуудыг хэдэн зуугаар нь давхарлан өрсөн байжээ. Харин суваргын хамгийн цаад булангаас сууж буй хүний араг яс олсон байна. Судлаачид ямар нэгэн гэгээнтэн хувраг хүний цогцос бөгөөд түүнд зориулсан суварга байх хэмээн үзсэн.
ШҮТЭЭНИЙ ГАЗАР: Хар хотын төвд элсэн дундаас 2.5 метр өндөр, дугуй хэлбэртэй чулуун байгууламж олсон. Байгууламжийн дээд талд сийлэгдэн үлдсэн бүдэг бичээс нь гар бичмэлүүд дээрх ханз бичгээс тэс өөр байсан нь анхаарал татжээ. Мөн чулуун байгууламжийг элдэв дугуй дүрс, шулуун шугам бүхий дүрсээр аалзны тор шиг эргүүлэг байдалтай сийлж чимэглэсэн байв. Улмаар байгууламжийн элсийг нь цэвэрлэхэд ханын зурагны үлдэгдэл гарч ирсэн ба хүн толгойтой загас, хоёр толгойт шувуу, луу, жижигхэн хүний дүрс зэрэг өвөрмөц дүрслэлтэй байжээ. Судлаачид тус байгууламжийг “ариун шүтээний газар” байсан ба тайлгач нар энд бурханд өргөл өргөдөг байсан байх хэмээн таамаглажээ.
НУУЦ ҮСЭГ: Тус судалгааг хийж байх үед их ган ганчиг болж газар хөдлөлт хүртэл мэдрэгдсэн нь нутгийнханд эмзэглэх шалтгаан болж “харийнхан Хар хотыг хөндөж, эзэн сүнснүүдийг хилэгнүүлсэн” гэж үзээд судлаачдыг даруй явахыг шаарджээ. Козловын баг арга буюу судалгааг зогсоож илрүүлсэн өчнөөн олдвор, гар бичмэлийг хориглосоор байтал Санкт-Петрбургийн Газарзүйн нийгэмлэг рүү авч явжээ. Хар хотын номын сангаас “си-ся” буюу тангуд хэлний толь бичиг олдсон нь ихэнх гар бичмэлийг тайлж уншихад дөхөм болсон аж. Зарим хуйлмал бичигт хүн ба гэрийн тэжээвэр амьтдыг анагаах эмийн жор бичсэн байсан бол нэлээд хэдэн номонд “XIII зууны 26-27 онд Чингис хаан Тангудыг эзэлж, Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд оруулсан” тухай өгүүлсэн байжээ. Хуйлмал бичгүүдэд бүрэн тайлж чадаагүй, уншигдаагүй хэсэг одоо ч үлджээ. Тэдгээрийг судлаачдын мэдэхгүй хэлээр бичсэн байв. Зарим таамаглалаар бол тэрхүү бичиг нь тайлгач нарын үйлдсэн, зөвхөн тэдний мэддэг нууц тэмдэглэл байх, мөн “Хар хотыг барьсан оньсого мэт түүх байх” хэмээн үзсэн.
СОЁЛЫН ТОЛЬ: Оросын нэрт судлаач Н.К.Рерих Хар хотоос авчирсан археологийн баримтыг судалж үзээд “Хэзээ нэгэн цагт цөлийн энэ хотод хүмүүс амьдарч байсан, тухайн үеэсээ илүү өндөр хөгжсөн соёл иргэншлийг илэрхийлсэн хот”, “Хар хотыг зэрлэгүүд бүтээсэн гэж хэлж боломгүй, элсэнд дарагдсан эвдэрхий балгас олон соёл иргэншлийн толь юм” хэмээн дүгнэсэн байдаг.
ДОМГООР БОЛ, тухайн үед Хар хотын дэргэд түүдэг асаах, хоол идэх, ачааны мал оруулах, эмэгтэй хүн оруулах зэргийг хориглодог байжээ. Эдгээрийг зөрчвөл “Хар хотын эздийн сүнс хилэгнэдэг” хэмээн нутгийнхан хэлэлцсээр ирсэн. Хууч яриагаар бол, 100 гаруй жилийн өмнө нэгэн эмэгтэй адуугаа хайж Хар хотод санамсаргүй иржээ. Тэрбээр эвдэрхий балгасан дотроос хэд хэдэн хэлхээ сувд олоод хотоос гарч явтал аймшигт угалз түүнийг ороон авч оджээ. Эл явдлаас хойш хэдхэн хоногийн дараа хотын хажуугаар жин тээж явсан хүмүүс тал бие нь элсэнд дарагдсан бүсгүйн цогцосыг олж гэнэ. Бүсгүйн гарт эртний хотоос авсан хэлхээ сувд атгаастай байсан аж.