Аж үйлдвэрийн I хувьсгал: “Механикжуулалтын хувьсгал” гэх бөгөөд 1780 оноос эхэлсэн гэж үздэг. Суутангууд нэхмэлийн суурь машин бүтээснээр гараар утас ээрдэг арга энэхүү шинэ машины хэрэгцээг хангаж чадахгүй болсон. Ингээд утас ээрдэг, буддаг машинууд бий болж нэхмэл бүрэн механикжин үйлдвэрлэл эрс нэмэгдэж өртөг нь багассан. Эдгээр суурь машинууд гэрт багтахгүй байсан тул тусдаа том байранд орж бие даасан үйлдвэрүүд болж хөгжсөн. Гэвч нэхмэлийн суурь машинуудыг усан тээрмээр хөдөлгөдөг байсан учир голын эрэг дагуух газрын түрээсийн үнэ тэнгэрт хадаж, нэхмэл бүтээгдэхүүний үнэ хиймлээр өссөн. Цаг үеийн энэхүү зайлшгүй шаардлагаас үүдэн уурын хөдөлгүүр бий боллоо.
Чулуун нүүрс олборлолт нэмэгдэж уурхайн гүнийн yсыг зайлуулах асуудал ч босч ирсэн. Үүнийг шийдэхийн тулд 1712 онд Томас Ньюкомен уурын хөдөлгүүр ашиглан шахуурга бүтээв. 1785 онд Жеймс Ватт уурын хөдөлгүүрээс гаргах энергийг бүлэх хөдөлгөөнөөс эргэлдэх хөдөлгөөн рүү шилжүүлсэн нь уурын хөдөлгүүрийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, төрөл бүрийн машин техникт хэрэглэх бололцоотой болгосон. Үр дүнд нь төмөр зам, хүчирхэг усан онгоцнууд бий болов. Гол уснаас ч хол зайд янз бүрийн үйлдвэр барих боломжтой болсон.
Аж үйлдвэрийн II хувьсгал: 1870 оноос эхтэй “Цахилгаанжуулалтын хувьсгал” бөгөөд 1870-аад оноос эхэлсэн. Цахилгаанжуулалт амьдралд нэвтэрснээр шөнийн цагаар ч үйлдвэрлэл тасралтгүй явагдах нөхцөлөөр хангагдсан. Янз бүрийн цахилгаан мотор бий болж механикжсан үйлдвэр ба иргэдийн ахуй амьдралд орж ирсэн. Хамгийн сайн тал нь маш олон сая ажлын байрбий болж иргэдийн цалин хангамж нэмэгдэж, амьдрал эрс сайжирсан.
Аж үйлдвэрийн III хувьсгал: “Дижитал, цахим мэдээллийн технологи буюу автоматжуулах хувьсгал” бөгөөд 1960 оноос эхэлсэн гэж үздэг. Энэ үеэс монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг хичээсэн.
Аж үйлдвэрийн IV хувьсгал: “Хиймэл оюун ухааны хувьсгал” гэж нэрлэж байна. Гол онцлог нь өмнөх хувьсгалууд эдийн засгийн тодорхой салбаруудыг хамарч байсан бол энэ хувьсгал нь амьдралын бүх салбарт нэвтэрч байна. Ухаалаг програм бүхий роботууд хүмүүсийн биеийн хүчний ажлыг, харин хиймэл оюун ухаан хүмүүн таны оюун ухаан шаардсан ажлыг орлож эхэлсэн. Судлаачид удахгүй алга болох мэргэжлийн жагсаалтуудыг гаргаж дэлхий нийтийг сандаргаж байгаа бөгөөд энэ жагсаалтанд орсон мэргэжлийн тоо 300-г давах шинжтэй байна.
Эрдэмтэд XIX зууныг капиталын зуун буюу хөрөнгө, мөнгөний хуримтлал бий болсон зуун гэдэг. Олон сая ажилчдын амь нас, эрүүл мэндийг зольсон учраас “зэрлэг капитализмын зуун” ч гэж хэлдэг. Харин ХХ зууныг “мэдээллийн”, XXI зууныг “технологийн зуун буюу оюуны өмчийн зуун” гэж санал нэгтэйгээр нэрлэж байна. Биеийн хүчний ажлыг орлох хиймэл оюун ухаантай робот, хүний оюун ухаан шаардсан ажлыг ухаалаг програм орлож эхэлсэн боловч эдгээр технологи нэвтэрснээр маш бага зардал шаардагдана. Оюуны өмчийн гэрчилгээ авч үүнийгээ амьдралд нэвтрүүлэхийг “инноваци” гэнэ. Хийж бүтээснээ “инноваци” болгож буй хүмүүсийг дэлхий нийтээр “баялаг бүтээгчид” гэж үзэж байна.