1883 онд Оросын Тобольск мужийн Туринский дүүрэг, Боровая тосгонд тариачны гэр бүлд төрсөн. А.В.Бурдуков Хаант Орос ба Зөвлөлт Орос Улсын үед монгол хэлний багш, олон нийтийн зүтгэлтэн, Монголын анхны Зөвлөлтийн сургуулийн зохион байгуулагч байв.
Бага настайдаа эцгийгээ алдаж 12 настайдаа худалдаачин Я.Э.Мокиний үйлчилгээний ажилчин болж улмаар Монголд хамт иржээ. Монголд худалдааны төвд ажиллаж байхдаа монгол хэл сурчээ. Хожим “Бурдуков ба К” хэмээх хоршооллыг байгуулсан. 1909 онд Санкт-Петрбург хотод амьдардаг Монголч эрдэмтэн Владимир Котвич-д захидал илгээж харилцаа тогтоосноор Монгол судлалын ажилд улам дур сонирхолтой болсон гэдэг. Котвич хариу захидалдаа “Хан Жангарын тухай туульс хайх”-ыг хүсчээ. Тэр цагаас эхлэн Котвичийн хүсэлтээр ардын аман зохиол, ховор гар бичмэлүүдийг хайж цуглуулдаг болжээ. Мөн Котвичоор дамжуулан Монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовтай танилцан хээрийн судалгааны ажилд нь оролцдог болжээ. Тэдгээр эрдэмтдэд Бурдуков санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан бөгөөд тэдний харилцаа нь Бурдуковыг Монгол судлалын ажилд нөлөөлжээ. Тэрбээр монгол ахуй, гар бичмэл, модон сийлбэр, газрын зураг, хэл шинжлэл, угсаатны зүйн материалын цуглуулга хийж угсаатны зүйн олон эх сурвалж, буддын шашинтай холбоотой зүйлс, монгол малгайны цуглуулгийг Оросын ШУА, В.Котвич нарт хандивлажээ. Мөн Оросын “Нива”, “Родина” сэтгүүл, “Сибирийн амьдрал”, “Алтай” сонинд Монголын тухай олон нийтлэлүүдийг бичсэн байдаг.
Дэлхийн I дайны үед Бурдуковыг Кобдоской консулын газарт орчуулагчаар элсүүлжээ. 1916 – 1923 онд Оросын газарзүйн нийгэмлэгийн корреспондент гишүүн, 1923 оноос ИРГО-ийн Зүүн Сибирийн салбарын гишүүн байв. Оросын Газарзүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж дурсгалын мөнгөн медаль гардуулжээ. Бурдуков Центросоюзын салбарт алба хааж Р.Ф.Унгерний цэргүүдийн эсрэг тэмцэлд оролцож байв. 1921 оны 3-р сард гэр бүлийн хамтаар Улиастайгаас нууцаар гарчээ. Барон Унгерны отряд, Хатанбаатар Магсаржавын отрядын хоорондох байлдааны бүсэд отрядад үлдэж орчуулга хийх ажилд тусалжээ. Дараа нь Эрхүү хотод Центросоюзын Сибирийн салбарын оффист ажиллаж байгаад 1926 онд Ленинград руу нүүж Дорно дахины хүрээлэнд ажиллав. 1927 онд Халимаг, Танну-Тувад хийсэн дайнд оролцсон. Бурдуков халимагуудын амьдралыг судалж дууны шүлэг бичиж, толь бичиг, сурах бичиг хүртэл зохиожээ. 1930 онд хэсэг зуур баривчлагдаад суллагдсан байна. Ленинградын Улсын Их Сургуульд цагийн багшаар ажиллаж байгаад 1935 онд Монгол хэл, уран зохиолын тэнхимийн дэд профессорын шинжлэх ухааны зэрэг хамгаалсан.
А.В.Бурдуков 1941 оны 7-р сард дахин баривчлагдаж 9-р сарын 22-нд Уралын тойргийн цэргийн шүүхээс цаазаар авах ял сонсчээ. 1941 оны 11-р сард цаазаар авах ялыг 10 жилийн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ялаар сольж өөрчилсөн. 1942 оны 5-р сараас Сиблаг мужийн Тайгинскийн дүүргийн 2-р хуаранд байж байгаад 1943 оны 3-р сард өвчний улмаас нас баржээ.