XYI-XYII зуунд Венец, Флоренц хотын худалдаачид жижиг цаасан дээр хаяг, овог нэр, албан тушаалаа бичиж харилцагчдаа өгдөг байжээ. 1786 онд Германд анхны хэвлэмэл нэрийн хуудас гарснаар харилцааны соёлын нэг хэрэгсэл болоод зогсохгүй эзнийхээ нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэгч болсон гэдэг.
Нэрийн хуудсыг уулзсан танилцсан хүн бүхэнд өгдөггүй. Ажил хэргийн холбоо тогтоохыг хүссэн хүндээ энэ санаагаа илэрхийлэн өгдөг.
Ажил хэрэгч хүн нарийн ширхэгтэй, сайн чанарын цагаан цаасан дээр хар өнгөөр тод, дармал үсгийг товойлгон хэвлүүлдэг. Торгон дээр шагласан, модны холтос, үйсэн дээр сийлсэн, сүрчиг шингээсэн эсвэл алтан үсэг, хээ угалз, зурагтай, маяглуулж бичсэн чамин хийцтэй, гоёмсог нэрийн хуудсыг ихэвчлэн зураач, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, урлаг спортын нэрд гарсан хүмүүс хэрэглэдэг.
Содон байлгахыг хүсвэл байгууллагын эмблемийн оронд эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлогийг харуулсан зураг зэргийг буланд нь эсвэл бүдэгхэн дэвсгэрлэх, тод өнгийн цаас сонгох, бичвэрийг босоо байдлаар байрлуулах зэргээр янз бүрийн санаа сэдэж болно. Өөр хүний нэрийн хуудастай адилханыг дуурайж хийлгэх нь зохимжгүй. Банкны ажилтан, аяллын компаний ажилтан хоёрын эрхлэх үйл ажиллагаанд ялгаатай зүйл олон байдаг учраас хэчнээн таалагдсан загвар байсан ч дуурайж хийлгэх нь утгагүй.