Төвд рүү ЖУУЛЧНЫ ВАГОН аялдаг.

Цинхай-Төвдийн шинэ төмөр зам буюу “Голмуд-Лхасын төмөр зам”-ыг 2006 онд ашиглалтанд ороход 6.5 сая хүн зорчсон бол 2012 онд 11 сая болж өсчээ. Шинэ төмөр зам гайхамшигтай байгалийн үзэсгэлэн бүрдсэн уулархаг нутгаар дайрдаг учраас зорчигчдын таашаалд нийцүүлэн Цинхай-Төвдийн замд зориулж тусгай зүтгүүр зохион бүтээжээ. АНУ-ын General Electric корпораци 5100 морины хүчин чадалтай NJ2 дизель зүтгүүрүүдийг тус шугамд зориулан бүтээжээ. Зүтгүүрүүд 15 вагон бүхий галт тэргийг 120 км/цаг хүртэл хурдтай чирж явах чадвартай. Харин вагонуудыг Канадын Bombardier компанийн Хятад дахь үйлдвэрт 361 ширхэг (308 энгийн, 53 жуулчны) үйлдвэрлэсэн ба вагон тасалгааг бүрэн бүтүүмжилж дотоод хүчилтөрөгчийн даралтыг хэвийн хэмжээнд барихаар бүтээсэн байна. Мөн вагоны суудал тус бүрд хүчилтөрөгчийн хоолой байрлуулжээ. Вагоны цонхыг тусгай өнгөт шилээр хийсэн бөгөөд энэ нь өндөр уулсад тусдаг хэт ягаан туяанаас хамгаалах зорилготой.
 
Шинэ төмөр замын тоон баримтуудаас дурдахад,
- 2001-2006 онд 5 жилийн дотор 1142 км урт зам барьсан.
- 20 мянган ажиллах хүч маш хүнд нөхцөлд ажилласан хэрнээ нэг ч хүний амь нас эрсдээгүй гэнэ.
- Нийт 3.68 тэрбум ам.доллар зарцуулсан.
- Зам дагуу 45 өртөө баригдсаны 38 нь үйлчилгээний ажилтангүй бүрэн автомат ажиллагаатай. Шинингээс шууд удирддаг.
- Танг-Ла даваа хүртэл д.т.д 5072 м хүртэл өндөр рүү өгсөөд тэндээс 3642 м хүртэл уруудаж Лхас хот хүрдэг.
- Танг-Ла өртөө нь дэлхийн хамгийн өндөрт байрлах өртөө болсон.
- Замын 80% буюу 960 км нь 4000 метр өндөрт байрлах уулархаг газраар дайран өнгөрдөг.
- Замын 550 км нь мөнх цэвдгийн бүсэд байрладаг.
- Замын дагуу 675 гүүрэн гарц барьж амьтдын хөдөлгөөнд учрах саадыг багасгасан.
- 4900 м өндөрт байгуулсан Фенгошан хонгил нь дэлхийн хамгийн өндөрт орших төмөр замын хонгил болсон.
 
2012 оны үед Бээжин-Лхас чиглэлийн хурдны галт тэрэг 44 цаг явах ба тасалбарын үнэ ангиллаас хамааран 125-200 ам.доллар байжээ. Шинэ төмөр зам нь Төвд болон Цинхай мужийн эдийн засгийн хөгжлийг үлэмж нэмэгдүүлжээ. Анх төвдүүд Цинхай-Төвдийн төмөр зам байгуулах төслийг Төвдийн автономит бүсийг аажмаар колоничлох, байгалийн баялгийг нь зөөвөрлөх, зэс, хар тугалга, цайрын ордуудыг нь цөлмөх бодлого гэж хардаж эсэргүүцдэг байжээ. Гэвч “зам дагаж хөгжил ирнэ” гэдгийн нотолгоо болж Төвд рүү асар их жуулчдын урсгалыг татжээ.
 
Анх 1920-оод онд Сун Ятсен Хятадыг сэргээн босгох төлөвлөгөөндөө хязгаар нутгуудыг холбосон 100 мянган км урт төмөр замын сүлжээ барих санал дэвшүүлсэн. Түүний дэвшүүлсэн санаа буюу Төвдийн хязгаарыг Хятадын эх газартай холбох анхны төлөвлөгөө 1974–1979 онд хэрэгжиж Төвдийн өндөрлөг дэх Цинхай мужийн төв Шинингээс Голмуд хүртэл 814 км төмөр замыг цэрэг арми, хоригдлуудын хүчээр 5 жилийн дотор бариад 1984 оноос зорчигч тээвэрлэлт хийж эхэлсэн түүхтэй.