МАНА бол газрын амь

 

Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил эвээ олдоггүй гэлцдэг. Дундговь аймгийн хэд хэдэн суманд манын төрлийн чулууг нутгийн иргэд өөрсдөө түүж хятадуудад зардаг. Зарим нь нутгийнхаа чулууг түүж дуусчихаад нутгаа орхин өөр сум руу нүүдэг.  Ган ганчигийн улмаас ийш тийш нүүдэллэн нутаг орноо орхисон хүмүүс хүртэл чулууны сургаар нутагтаа эргэн ирдэг, мөн таних танихгүй олон хүн ирж чулуу түүнэ. Хатуу хучилттай замтай болсноос хойш чулуу түүгчид эрс нэмэгдэж, аймаг сумын төвд чулуу худалдан авдаг ченжүүд үүссэн, тэдгээр нь ихэвчлэн хүнсний дэлгүүрийн эзэд байдаг.

Геологийн чулуу судлаач Б.Төгөлдөрийн яриагаар Монгол оронд 150 гаруй төрлийн мана бий. Мана чулуу нь газрын тоос шороог өөртөө шингээж, ус чийгийг тэнцвэржүүлж газрын амийг хамгаалж байдаг. Түүнийг тасалчихвал байгаль нэг талаараа үхжиж тоосжилт, цөлжилт нэмэгдэнэ гэсэн үг ажээ.

Чулуу түүгчид мана чулуу байгальд ямар ашиг тустайг мэддэггүй. Газрын хөрсөн дээрээс чулуу түүдэг байсан бол одоо газрын гүнийг ухаж түүдэг болсон. Гэнэтийн шалгалт хийж олноор нь барьж, торгож, түүсэн чулууг нь хурааж авдаг ч торгуулийнхаа мөнгийг төлөхийн тулд эргээд чулуугаа түүхээс өөр аргагүй болдог ажээ.

Өмнөговиос УБ хот руу явдаг хот хоорондын автобусанд сууж Дэлгэрцогт суманд бууж чулуу түүчихээд Өмнөговь руу явдаг автобусанд суугаад харьчихдаг буюу өдөр тутмын ажилдаа явж байгаа юм шиг түүгчид бас байдаг гэнэ. Хууль, цагдаагийн байгууллага ч хүчирдэггүй, хууль эрхзүйн заалт нь ч тодорхойгүй ийм нэгэн “амьдрал” байдаг байна.