РИХАРД ЗОРГЕ

ЗХУ-ын баатар Рихард Зорге дэлхийн шилдэг 10 тагнуулчид зүй ёсоор багтдаг. Рихард Зорге Японы жанжин штабаас БНМАУ-д гэнэт халдан довтлох бэлтгэл хийж байгааг илтгэсэн мэдээг ирүүлснээр Зөвлөлтийн Улаан арми хариу цохилтонд бэлдэж Халхын голд япончуудыг бут цохиж чадсан гэдэг. 1939.08.25-нд Японы Квантуны армийн Халхголд хийх сөрөг довтолгооны тухай мэдээг дамжуулснаар маршал Жуков Сталины заавраар 08.24-ний үүрээр гэнэдүүлэн довтолж түүхэнд байгаагүй агаарын довтолгоог хийсэн ч гэдэг. Халхгол сумын Ялалт музейд Рихард Зорге-гийн зургийг ийнхүү өлгөсөн байдаг.

Рихард Зорге 1895.10.04-нд Бакугийн ойролцоох Сабунчи тосгонд нефтийн үйлдвэрийн ажилтан, герман инженер Густав Вилгельм Зоргегийн гэр бүлд төржээ. Бага байхад нь гэр бүлээрээ Герман руу нүүжээ. Рихард Зорге 1914 – 1918 онд Германы армид элсэж дэлхийн I дайнд оролцож явахдаа хүнд бэртэж эмнэлэгт хэвтсэн гэдэг. Карл Марксын зохиолыг уншсанаар улс төрийн үзэл бодол нь өөрчлөгдөж өөрийн итгэл үнэмшлийг даган 1919 онд Германы коммунист намд элсэж 1924 онд Москвад ирж Зөвлөлтийн иргэншил авч байжээ. 1929 оноос Зөвлөлтийн тагнуулын албанд ажиллаж “сэтгүүлч” нэрээр улс орнууд руу явж улс төрийн байдал, эрх мэдэлтнүүдийг тагнан судалж мэдээ мэдээлэл дамжуулдаг байжээ.

Рихард Зорге 1933 оноос Ика Рихардович Зонтер, Рамзай, Инсон зэрэг нууц нэрээр Франкфуртер цайтунг сонины сурвалжлагч болж Японд 8 жил Зөвлөлтийн тагнуулчаар ажилласан бөгөөд Япон, Герман, Хятадтай холбоотой цэргийн мэдээ баримтыг Зөвлөлт рүү дамжуулдаг байжээ. Рихард Зоргегийн тагнуулын нууц мэдээнүүдийг Владивосток хотод хүлээн авдаг байжээ. Япон улс Зөвлөлттэй дайтахгүй, япончууд 2 дахь фронтыг нээхгүй гэдэг маш чухал мэдээг Зөвлөлтийн удирдлагад мэдээлснээр Алс Дорнодод байсан 40 дивизийг баруун фронт руу татах боломжтой болсон гэдэг.

Дэлхийн II дайн эхлэх үед Германы ЗХУ-д довтлох төлөвлөгөөг илрүүлж чаджээ. Рихард Зорге 1941 оны 10-р сард баривчлагдаж 1944 оны 11.07-нд Токиогийн Сугамо шоронд дүүжлүүлжээ.  1964 онд ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнасан байдаг.

Рихард Зорге хоёр удаа гэрлэж байсан гэдэг. 1926 онд анхны эхнэр Кристина Герлах нь салаад Герман руу явжээ. Хоёр дахь эхнэр Екатериа Максимова 1940 онд баригдан Сибирьт цөлөгджээ. Рихард Зорге Японд байхдаа Ханака Ииси гэгч бүсгүйтэй олон жил хамт амьдарчээ.

1944 онд Рихард Зоргегийн шарилыг олон цогцосны хамт нэргүй булшинд оршуулсан байсныг япон эхнэр Ханако Ииси 5 жилийн турш хөөцөлдсөний эцэст 1949 онд тусад нь оршуулах зөвшөөрөл авч өөрийн зардлаар Токиогийн Тама дахь оршуулгын газарт бага хэмжээний газар түрээслэн бунхалжээ. Ханако Ииси 1956 онд булшин дээр нь чулуу босгон орос, япон хэлээр нэрийг нь бичиж, 2000 он буюу нас барах хүртлээ булшийг нь эргэдэг байжээ. Эхнэр Ханако Ииси-г Зоргегийн шарилтай зэрэгцүүлэн оршуулжээ.

Тагнуулчийн мэндэлсний 125 жилийн ойгоор, эхнэрийнх нь гэрээслэл ёсоор Япон дахь ОХУ-ын ЭСЯ-наас Токио хотын захиргаанд хүсэлт тавьснаар Рихард Зорге-гийн булшийг эргэж дурсгалыг нь хүндэтгэх, булшийг хамгаалах, санаа тавих зөвшөөрөл авчээ.