Ажил хэргийн чөлөөт уулзалтын 90% кофе кафед

Ажил хэргийн ярианы 90% кофе кафед явагддаг юм байна. Харин тэнд ирсэн бүхэн кофе уудаг гэсэн үг биш. КОФЕ дэлхийд борлуулалтаараа газрын тосны дараа ордог. Кофены зах зээл сүүлийн 10 жилд 10 дахин нэмэгджээ. Бразил дэлхийн хамгийн том кофе тариалагч, үйлдвэрлэгч, экспортлогч улс бөгөөд дэлхийн кофены 40% буюу жилд 3 сая тонн кофе үйлдвэрлэдэг. Харин Монголын 15-60 насны хүн амын 53% кофе хэрэглэдэг гэж судалгаагаар тогтоогдсон. Тэдний 73% нь жижгээр савласан сүүтэй, чихэртэй кофег задлаад шууд хэрэглэдэг, 20% нь дунд зэргийн кофе хэрэглэдэг бол үлдсэн 7% нь хар кофе уудаг гэнэ. Кофе хэрэглэгчид жилд 3 тэрбум орчим төгрөгийг кофенд зарцуулдаг байна.

Кофе гэдэг үг нь араб хэлний qahwah буюу дарс гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд энэ үг нь Османы эзэнт гүрний үед турк хэлэнд kahve болон нэвтэрч герман хэлэнд koffie болж, 1582 онд англи хэлэнд coffee буюу кофе хэмээх дуудлагатай болж дэлхий нийтээр тархжээ. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад хожуу боловч дэлхий даяар хамгийн амтархан уудаг ундаа юм. Кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч бодис агуулагддаг.

 

Кофены гарал: IX зууны үед Этиопийн нэгэн ямаачны ямаанууд нэг бутлаг ургамлын жимс идээд сэргэг, сэргэлэн болж байхыг анзаарснаар анх кофе хэмээх ургамалтай хүн төрөлхтөн танилцах боломж нээгдсэн. Ямаачин залуу өөрөө тэр ургамлын жимсийг идэж үзэхэд мөн хамаг биеийг нь сэргээж байсан учир нутгийнхаа сүмийн ламд жимснээс өгчээ. Лам жимсийг тоолгүй шатаахаар гал руу хийж орхитол бусад лам нарын анхаарлыг татахуйц сайхан үнэр сэнгэнэсэн байна. Тиймээс хуурсан шош шиг болсон уг жимсийг үнснээс нь гаргаад аягатай халуун усанд хийснээр кофе хэмээх ундаа үүссэн гэдэг яриа байдаг. Хамгийн анхны инстант буюу найруулж уудаг кофе 1771 онд Англид үүссэн байна. Кофе хэрэглэгчид кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад паркинсоны өвчнөөр өвчлөх магадлал нь 80%-иар бага байдаг гэнэ. Багтраа болон толгойны өвчнийг намдаана, элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний  циррозоор өвчлөх эрсдэл 80% багасдаг. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдэгийг туршилтаар баталж харуулсан байна. Сүү, чихэртэй кофе нь маш их холестерин агуулдаг. Бамбай булчирхайн өөрчлөлттэй, хэт их ядаргаанд орсон, зүрх судасны системийн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөөтэй.

Кофены төрлүүд:  

  • Espresso: Эспрессо бол бараан хүрэн болтол нь шарсан анхилуун үнэртэй үрийг тусгай машинд өндөр даралтаар найруулж гаргасан хүчтэй хар кофе юм. Сайн болсон эспрессо кофе нь гадарга дээрээ алтлаг хүрэн өнгийн хөөслөг нимгэн өрөмтэй болсон байдаг. Хэрвээ энэ өрөм нь сайн бүрэлдсэн бол элсэн чихэр нэмэхэд хэдэн секунд хөвж байгаад алгуур доошилж уусдаг.
  • Cappuccino: Хамгийн түгээмэл кофены төрөл. Жинхэнэ каппучино бол тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, сүүний хөөснөөс бүрддэг.
  • Americona: Нэг аяга халуун усанд нэг татах (single shot) хэмжээний эспрессо нэмсэнийг хэлдэг.
  • Caffe latte: Нэг татах (single shot) хэмжээний эспрессо дээр гурав дахин их хэмжээтэй хөөрүүлсэн сүү нэмсэн хувилбар.
  • Caf au Lait: Франц уламжлалаар хийсэн кофе. Каффе латтетэй  (Caffe latte) ижил, гэвч эспрессоны оронд чанасан кофе хэрэглэж сүүний харьцаа нь 1:1 байдаг. Ерөнхийдөө каффе латтены сулруулсан хувилбар гэж үзэж болно.
  • Caf mocha (mochachino): Энэ бол каппучино, эсвэл каффе латте дээр шокаладны сироп нунтаг зэргийг нэмж гаргасан хувилбар.
  • Caramel Macchiato: Кофе шоп болгон өөр өөрийн аргаар бэлтгэдэг олон хувилбартай ундаа. Хамгийн түгээмэл жор нь эспрессо, карамел, хөөрүүлсэн сүү холих. Амт оруулахын тулд ванилла бас нэмэх нь бий.
  • Ice coffee: Жирийн мөстэй кофе, зарим кофе кафе нь сүү, элсэн чихэр нэмж хийдэг.
  • Instant coffee: Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн боловч жинхэнэ кофены хорхойтнууд үүнийг нэг их таашаадаггүй. Чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог.