Монголын 70 сая малын 52% нь СУВАЙ МАЛ...

“ФЕРМ бол бэлчээр сэргээнэ, бас махны чанарыг сайжруулна” хэмээн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд мал маллан амьдардаг Канад улсын иргэн Жереми Тийссэн ярьжээ. Тэрбээр, анх 1993 оны 11 сард Монголд ТББ-ын шугамаар иржээ. 1996 оноос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдэд ногоо тарьж арчилах тухай заажээ. Бага насандаа Канадад үхрийн фермд өссөн учраас мал аж ахуйн тухай ойлголттой байсан нь Монголд үлдэхэд нөлөөлсөн аж.

2007 онд малчин айлаас 3 тугал худалдан авч бордож тэжээгээд хүнсэнд хэрэглэж туршиж үзжээ. Найзууд нь зөөлхөн хэрнээ амттай мах байна, бидэнд ийм мах нийлүүлж өгөөч гэж хүссэнээс үүдэлтэйгээр “Xanadu Razorback” компани байгуулан бэлтгэсэн махаа УБ хотод нийлүүлж эхэлжээ.

Жереми Тийссэн: хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол бэлчээрийн даац хэтрээд ирээдүйд аюултай байдал үүсэх нь гэдгийг ойлгосон. Тэгээд ямар нэгэн хэрэг болох өөрчлөлт хийхийг хүссэн. Монголын 70 сая малын 52% нь төллөдөггүй сувай мал, тэрийг бэлчээрээс татаад фермд оруулчихвал бэлчээрийн даацыг тэр хэмжээгээр хөнгөлж бэлчээр амархан сэргэнэ. Сувай малыг бордоогоор бордоод хүнсэнд бэлдвэл мах нь зөөлөрч, өөх мах алагладаг чанар нь бас нэмэгдэнэ.  Ресторан, томоохон үйлчилгээний төвүүд гарал үүсэл тодорхой, алагласан махыг авах сонирхолтой байдаг.

Жилийн турш малчдаас шүдлэн үхэр худалдаж аваад 90-120 хоног борддог. Монгол үхэр бие нь жижиг боловч махны чанар сайн байдаг нь бэлчээрийн өвс ургамалтай холбоотой. Жилд 400-500 үхэр авч 90-120 хоног бордсоноор өдөрт 1кг жин нэмж анх байсан жингээс 90-120 кг-аар нэмэгддэг. Сард 40-50 үхрийг хүнсэнд бэлдэж, жилдээ 40 мянган тн мах бэлддэг. Үхэр бордох тэжээлээ 130 га талбайд тариалдаг ба ихэвчлэн овъёос тарьж ногоон тэжээл болгоод даршилдаг. 1200-1300тн дарш бэлтгэхэд жилийн хэрэгцээг хангадаг. Мөн хивэг, тэжээлийн будаа, үрийн төмс нэмж худалдан авч бордоонд хольж хэрэглэдэг. Дарш бол малын сайн тэжээл болдог. Цөөн га талбайд судан өвс тарьж үзлээ, шим тэжээл сайтай өвс бөгөөд хөрс сэргээдэг чанартай. Хавар эрт таривал жилд 2 удаа ургац авах боломжтой. Судан өвс чанарын хувьд эрдэнэшишийн 80-90%-тай тэнцдэг.

УБ хотоос малын эмч ирж үхэрнүүдээс цусны шинжилгээ авч, маханд лабораторийн шинжилгээ хийдэг. Бэлтгэж байгаа мах маань экспортонд гаргах шаардлага хангаж байгаа ч их хэмжээгээр бэлтгэж чадахгүй байна. Өөр компанитай хамтран зүтгэж сард ядаж 20тн бэлдэж чадвал амжилт олох байх. Малчид малаа хэрхэн маллахаа мэднэ, харин хаана борлуулах вэ гэж санаа зовохгүй фермд зарчихна, ферм жилийн турш бордоно, махыг тогтмол үйлдвэрлэнэ.

Анх гэр бүлээрээ ажиллаж байсан бол одоо Хутаг-Өндөр сумын харъяат 14 ажилчинтай. УБ хотод борлуулалтын албанд 5 хүн ажилладаг. Монголын хангайн бүсийн сум бүр ядаж нэг фермтэй болчихвол бэлчээр амархан сэргэх юм. Жил ирэх тусам малын махны гарц, гулуузны жин муудаж байна. Фермийн аж ахуй байгуулж бэлчээрээ аврах, махны чанараа дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа багасгах боломж байна. Мал аж ахуй нь жил бүр өсөж төлжиж байдаг дундаршгүй баялаг, Малчин, ферм хоёр хамтран ажиллавал монгол махны брэндийг экспортонд гаргах боломжтой.

Манай гэр бүлийнхэн тариаланчид, ах нар маань Канадад тариа тарьдаг, мал аж ахуйн фермтэй. Эхнэр маань зураач, хоёр талын аав ээж нар маань олон удаа Монголд ирсэн. Монголын байгаль сайхан, том газар нутагтай, хүн ам цөөн, тайван амгалан гээд тэднийг ч, намайг ч соронздон татдаг. Одоо Монголоос явахад хэцүү, сэтгэл хоргодно.

Жич: “Фермерийн аялал жуулчлал” гэж дэлхийд хөгжчихсөн нэг чиглэл бий. Интернетэд донтчихсон хүүхдүүдээ дагуулаад фермер айлд зочилж тэдний ажилд тусалж, байгаль дэлхий, ан амьтан, ургамал цэцэгсийг мэдэрч амардаг аялал юм. Дэлхий дээр жуулчдыг хүлээн авдаг 6000 фермер айл бий.

#ФермерийнАялалЖуулчлал

#HostAil