ЖУУЛЧИН ТАКС

АЖ-ын татвар гэж юу вэ. Хэрэв та аяллаар явж байсан бол АЖ-ын татвар төлж байсныгаа анзаараагүй байж болно. Онгоцны нислэгийн тийз, зочид буудлын төлбөр болон Airbnb-ийн төлбөр зэргийг төлөх үед АЖ-ын татвар төлсөн байж магадгүй. Япон, Карибын орнууд зэрэг зарим улсад жуулчид тухайн орноос явах үед татвар төлдөг.

АЖ-ын татвар гэдэг нь визний хураамж, НӨАТ-аас өөр, тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээ аль эсвэл аяллын газруудад тогтоогдсон ХЭРЭГЛЭЭНИЙ ТАТВАР бөгөөд орон нутгийн засаг захиргаанаас хэмжээг тогтоодог. Жишээ нь Танзани улс 2016 оноос эхлэн газрын тээвэр, усан сафари болон байгальд амарч зугаалах зэрэг аялал жуулчлалын үйлчилгээний төлбөрөөс 18%-ийн татвар авдаг болсон.

Татварын орлого нь тухайн бүс нутаг дахь АЖ-ын барилга байгууламжуудыг засаж сайжруулах, тараах материал хэвлэх, АЖ-ын үйл ажиллагаа зохион байгуулах, музей болон хуучны шилтгээн гэх мэт жуулчдын зорин очдог газруудыг хамгаалах, шинэчлэх зэрэг ажлуудыг санхүүжүүлэхэд зарцуулагддаг.

АЖ-ын татварын хувь хэмжээ хэд байдаг вэ. Улс орон, хотууд, байрлаж буй байр сууц, зочид буудлын үнэлгээнээс хамаараад олон янз байдаг. Зарим улс оронд НӨАТ дээр АЖ-ын татварыг нэмж авдаг тохиолдол ч бий. Тухайн засаг захиргааны байгууллага ногдох хувийг тогтоодог боловч жил болгон өөрчлөгдөх магадлалтай байдаг.

АЖ-ын татварыг хэн төлдөг вэ: АЖ-ын татварыг жуулчин болгон төлөх журамтай ч татвараас хөнгөлж чөлөөлдөг тохиолдлууд байдаг. Хөнгөлөлт үзүүлэх шаардлагууд нь засаг захиргааны нэгж бүрт харилцан адилгүй боловч дараах нөхцөлүүд татвараас чөлөөлөгддөг. Үүнд:

  • Хүүхдүүд /Зарим бүс нутгуудад 6-аас доош настай хүүхдүүд чөлөөлөгддөг байхад нөгөө хотод хүүхдүүд татвараас чөлөөлөгддөггүй байх жишээтэй/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчид
  • Өвчтөнүүд болон тэдний асран хамгаалагчид
  • Залуучуудын хостел
  • Цэргийн албан хаагчид
  • Автобусны жолоочид
  • Аяллын лидерүүд
  • Засаг захиргааны албан хаагчид

Хөнгөлөлт эдлэх жуулчин өөрийгөө батлах бичиг баримтаа бүрэн бүрдүүлэх хэрэгтэй.

АЖ-ын татварыг хэрхэн төлөх вэ: Татварыг байрласан газрынхаа төлбөрийг төлөхдөө төлнө. Тийм учраас ямар нэгэн газар буух захиалга өгөхдөө үүнийг санаж аяллын төсөвтөө нэмж оруулах шаардлагатай.

2019 оны байдлаар АЖ-ын татвар авдаг дэлхийн 42 улс байна, заримаас дурдвал:

  1. Бутан: Бутан улсад аялах АЖ-ын татварын 1 өдрийн доод хэмжээ нь жилийн аль улиралд аялж байгаагаасаа хамаараад 200-250 ам.доллар байдаг бөгөөд энэ төлбөрийг аяллаа захиалахдаа төлдөг. Энэ төлбөрт байр сууц, тээврийн хэрэгсэл, хөтөч, хоол болон үзвэр үйлчилгээний зардлууд бүгд багтсан байдаг. Бутан улсын энэ татвар нь өндөр зардалд тооцогддог ч тус улсыг зорих жуулчдын тоог хязгаарлаж, соёлын болон байгалийн нөөцийг хадгалж хамгаалахад тусалдаг бөгөөд дэлхий дээр хамгийн өндөр АЖ-ын татвартай улс юм.
  2. Япон: Япон улс 2019 оны 1-р сараас эхлэн “sayonara tax” буюу “баяртай татвар”-ыг авч эхэлсэн. 1,000 иен буюу 9.25 ам.доллартай тэнцэхүйц (27070 төг) хураамжийг тухайн улсыг орхин явж байгаа олон улсын аялагчид төлөх бөгөөд тус татварын орлогыг 2020 оны Токиогийн олимпоос өмнө улсынхаа АЖ-ын дэд бүтцийг сайжруулахад зарцуулах юм. Японы Үндэсний АЖБ-аас энэхүү татварын ашиг орлого нь “илүү ая тухтай, стрессгүй АЖ-ын орчинг бий болгож”, “Япон улсын АЖ-ын газрын өргөн сонголт бүхий мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх”, “бүс нутгийн соёлын болон байгалийн хосгүй үнэт баялгийг ашиглан АЖ-ын нөөцийг нэмэгдүүлэх” болно хэмээн мэдээлжээ.
  3. Шинэ Зеланд: Австралийн иргэнээс бусад гадаад орнуудын жуулчин тус бүрээс 35 ш.з.доллар буюу 23.94 ам.долларын татвар авахаар болсон. Татварыг 2019 оны II хагасаас авахаар болсон ба ЗГ нь татварын орлогыг байгаль орчноо хамгаалах болон АЖ-ын дэд бүтцэд ашиглахаар төлөвлөж байгаа.
  4. Франц: Франц улс “taxe de sejour” гэх татвартай. Европын ихэнх улс орнууд АЖ-ын татвараа зочид буудлын төлбөр дээр нэмсэн байдаг. Франц улсын хувьд аль хотод байгаагаас хамаараад татвар нь ялгаатай. Парис болон Лион хотуудад “аялал жуулчлалын хотхон” эсвэл “амралтын газар” гэж нэрлэгддэг газруудад татвар авч АЖ-ын дэд бүтцийг засаж сайжруулахад ашигладаг.
  5. Герман: Герман улсын Франкфурт, Хамбург, Берлин хотууд kulturförderabgabe гэх “соёлын татвар”, bettensteuer гэх “орны татвар” авдаг. Татварт НӨАТ ороогүй бөгөөд нэг хүний өдрийн 5 евро буюу 5.67 ам.доллар эсвэл зочид буудлын төлбөрийн 5% -ийг төлдөг.
  6. Итали: Итали улсын АЖ-ын татвар хотуудаас хамаараад ялгаатай. Ром хотод ямар өрөөнд буудаллаж байгаагаас хамаарч хоногийн 3-7 еврогийн хооронд буюу 3.40-7.94 ам.долларын татвар төлнө. Civita di Bagnoregio буюу “Мөхөж буй хот” гэх сууринд бүх жуулчдаас 5 евро буюу 5.67 ам.долларын нэвтрэх хураамж авдаг. Венец хот 2018 сүүлчээс эхлэн 10 евро буюу 11.34 ам.долларын нэвтрэх хураамж авдаг болсон. Энэ нь Венец хот жуулчдаар дүүрдэг учраас илүү чанартай буюу үнэтэй жуулчин авч, аялагчдыг бууруулах зорилготой гэнэ. Жуулчдаас болж Венецийн иргэд тав тухгүй болдог байна.
  7. Испани: 2017 онд Испанид 130 сая жуулчин аялсан бөгөөд тодорхой газруудад жуулчдаас татвар авдаг. Жуулчны улиралд нэг өдрийн хураамжийн доод хэмжээ 4 евро буюу 4.54 ам.долллар. Мадрид хотод АЖ-ын татвар авдаггүй бол, Барселон хотод өдрийн 2.50 евро буюу 2.84 ам.доллар авдаг байна.
  8. Швейцар: Швейцарийн АЖ-ын татвар нь байршлаасаа хамаараад мөн л ялгаатай. Хоногийн болон нэг хүний төлбөр нь лоож, хостел, майхантай хоноглох зэргээс хамаарна. Дундаж үнэ нь 2.50 швейцар франк буюу 2.50 ам.доллар байдаг. Зочид буудлуудын хувьд татварыг эцсийн төлбөр дээр нэмэх нь түгээмэл байдаг.
  9. Грек: Грек 2018 оноос эхлэн буудлын одны зэрэглэлээс хамаараад АЖ-ын татвар авч эхэлсэн бөгөөд нэг өрөөний 0.50-4 евро буюу 0.57-4.54 ам.долларын хураамжтай.
  10. Бельги: Бельги улс хамгийн дээд тал нь нэг хоногийн 7.50 еврогийн татвартай. Антверп, Брүжес, Брюссель зэрэг хотуудад зочид буудлын өрөө тус бүр хураамжтай. Антверп хот хоногийн 2.39 евро буюу 2.72 ам.долларын тогтсон хураамжтай бол Брүжес бро 2 евро буюу 2.27 ам.доллар, Брюссель хотын хувьд 7.50 евро буюу 8.53 ам.долларын татвартай. Татварыг авахдаа зочид буудлын өрөөний төлбөрт оруулдаг бол зарим газрууд тусад нь салгаж нэмэлт төлбөр болгож авдаг.
  11. Румын: Румын улсын зарим хотууд АЖ-ын татвар авдаг. Румын улсад аялах үед НӨАТ-ын баримтын дээд хэсэгт АЖ-ын татвар гэж байдаг. Бухарестад өрөөний үнийн дүнгийн 1%-д татвар авдаг. Ихэнх хотууд нь хотын татвар авдаг бол уулын болон далайн эргийн суурингууд авран хамгаалах татварыг авдаг.
  12. Словени: Словенийн АЖ-ын татварын хууль 2019 оны эхээр урамшууллын татварыг нэмснээр өөрчлөгдсөн. Татварын хэмжээ нийслэл Люблян, Блед болон бусад том хотууд болон амралт аялал жуулчлалын суурингуудад хоногийн 3.13 еврогоос 3.55 ам.доллар байдаг бол 7-18 настнууд, хостел ба жуулчны баазад буудаллаж буй хүмүүсийн хувьд 1.57 евро байдаг.
  13. Австри: Австри улсад хоноглох байрны татвар нь муж бүрээр ялгаатай. Вена эсвэл Сальзбург хотуудад аялж байгаа бол 3.02%-ийн нэмэлт татварыг хоног тус бүр хүн тус бүр зочид буудлын төлбөр дээрээ нэмж төлдөг.
  14. Болгар: АЖ-ын татвар нь хоногийн 0.20-3 лев буюу 0.12-1.74 ам.доллар байдаг.
  15. Хорват: АЖ-ын татварын шинэ хууль 2019 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хорват улсад “Game of Thrones” буюу “Хаан ширээний тоглоом” киноны зураг авалт хийгдсэнээс хойш тус улсад ирэх жуулчдын тоо өсч, улмаар татварын хэмжээгээ 25%-иар нэмсэн. Нэмэгдсэн татварыг АЖ-ын улиралд авах ба нэг хоногийн 8-10 куна буюу 1.22 - 1.53 ам.доллар төлөх бол, майхантай жуулчин хоногт 8 куна төлнө.
  16. Португаль: Тус улсад буудаллаж буй бүх газарт 13-аас дээш насны бүх жуулчин татвар төлдөг. Лиссабон, Порто хотууд 2 евро буюу 2.27 ам.долларын татвар авдаг бол, Алгарве хот 1.5 еврогийн хураамж авдаг.
  17. Нидерланд: Нидерланд улс газраар аялж буй аялагчид болон усаар аялагч жуулчдаас авдаг татвартай. 2017 оны байдлаар татварын хэмжээ нь зочид буудлынх нь төлбөрийн 7% байсан. Усан онгоцоор аялагчид, транзит хийж байгаа жуулчдаас тусгай татвар авч эхэлсэн бөгөөд 2019 оны 1-р сарын байдлаар 24 цагийн хугацаанд 8 евро буюу 9.07 ам.долларын татвар авсан.
  18. Унгар: Зочид буудлын өрөөний төлбөрийн 4%-ийг АЖ-ын татварт нэмж төлдөг.
  19. Чех: Прага хотод хоногийн 0.50 евро буюу 0.57 ам.долларыг нэмж төлдөг.
  20. Карибийн орнууд: Карибийн ихэнх арлууд тухайн улсаас явахад хураамж авдаг. Явахад нь авдаг хураамжийг онгоцны тийз эсвэл хөлөг онгоцны тасалбарын үнэд багтаасан байдаг ба Багамд 15 ам.доллар байдаг бол Антигуа болон Барбудад 51 ам.доллар байдаг байна.
  21. Бали: Индонезийн Бали албан ёсоор 10 ам.долларын АЖ-ын татварыг авдаг хэдий ч одоог хүртэл нэмэлт төлбөрүүд жуулчдын төлбөрийн баримт дээр бичигдсээр байгаа юм байна. Нэгэн жуулчин 3 жилийн хугацаанд нийт 8 удаа тус арал руу аялах бүртээ зочид буудал болон рестораны төлбөр дээрээ 10%-ийн орон нутгийг хөгжүүлэх татварыг төлөхөөс гадна АЖ-ын бүсүүд, алдартай сүмүүд, урлагийн тоглолтуудыг үзэхдээ орон нутгийн иргэдээс илүү өндөр төлбөр төлж мөн нисэх онгоцны буудлын үйлчилгээний төлбөр (агаарын нислэгийн төлбөрт багтах болсон) хүртэл төлдөг. Индонези улс тус улсаас явахад татвар авдаг бөгөөд хэмжээ нь нисэх онгоц тус бүрийн хувьд ялгаатай.
  22. Малайз: Малайзын АЖ-ын татвар нь нэг ижил хэмжээтэй. Малайз улс нэг хүний нэг хоногийн 10 малайз ринггит буюу 2.45 ам.долларын АЖ-ын татвар ногдуулдаг.
  23. АНУ: “Оccupancy tax”  буюу “түр эзэмших хугацааны татвар” гэж нэрлэгддэг АЖ-ын татварыг авдаг. Калифорни, Техас зэрэг зарим мужуудад байрлах байр сууцыг захиалах үед татвар төлнө. Зочид буудлууд, мотелууд, инн-үүд болон эдгээртэй адил өөр бусад газрууд энэ татварыг авдаг бөгөөд хамгийн өндөр нь 17% болох Хьюстон зочид буудлын татвар юм..

Эх сурвалж: https://www.insider.com/countries-that-require-a-tourist-tax-2019-2#the-us-has-a-tourist-tax-called-the-occupancy-tax-23